Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэг элс, хайрга худалдаалдаг нэгдсэн цэгтэй болно

Сүхбаатар дүүрэг
2017 оны 5 сарын 19
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр 12-14 дүгээр хороонд ажиллаж, гар дээрээс худалдаа эрхэлж байгаа болон элс хайрга зарж байгаа асуудалтай газар дээр нь явж танилцлаа.

Засаг даргаар ахлуулсан багт ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, 12-14 хорооны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж, Газрын албаны дарга Д.Сугар, Замын цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, хошууч С.Энхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан байцаагч нар, холбогдох албаны мэргэжилтнүүд байлцав.

Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойргийн зам дагуу нийтдээ 30 орчим иргэн хүнд машин механизмтай элс, хайрга худалдаалдаг. Тэгвэл дүүргийн ЗДТГ-аас ажиллаж байгаа “Хөдөлгөөнт оффис”-т дээрх хорооны иргэдийн зүгээс “Элс, хайрга худалдаалж байгаа иргэдийг өөр газарт нүүлгэн шилжүүлж, тоос шороогүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөөч” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байгаа юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга элс, хайрга худалдаалж байгаа иргэдтэй уулзахдаа “Та бүхэн урин дулааны цагт л зогсож байгаа ч гэлээ энэ бол нийтийн эзэзмшлийн зам талбай гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийслэл, дүүргийн зүгээс нийтийн эзэзмшлийн зам талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцлэх, нэгдсэн нэг стандарттай болгох чиглэл барьж байгаа. Тийм учраас та бүхэн төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаарай.

Бид та бүхний зогсч байгаа энэ газарт иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөж байгаа юм. Харин дүүргийн зүгээс та бүхний өөрсдөө бий болгосон ажлын байрыг дэмжиж, өөр газар зааж өгье. Тэнд та бүхэн нэгдсэн нэг цэгээс худалдаагаа эрхлэх боломжтой” гэдгийг хэллээ. Эдгээр иргэд хэрэв дүүргийн зүгээс бидэнд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олговол бид өөр газар нүүхэд татгалзах зүйлгүй.

 

Харин бидэнтэй нэгэн адил хашаанаасаа элс, хайрга худалдаалж байгаа асуудлыг цэгцэлж өгөөрэй гэсэн юм. 

ГАР ДЭЭРЭЭС ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД АЖЛЫН БАЙР ГАРГАЖ ӨГӨХӨӨР БОЛЛОО

Мөн дүүргийн Засаг даргаар ахлуулсан баг 7 буудлын автобусны буудал орчимд гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдтэй уулзлаа. Энд нийтдээ 10 гаруй иргэн гар дээрээс худалдаа хийж амьдралаа залгуулдаг байна.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Авто замын голд худалдаа эрхлэнэ гэдэг та бүхэн аюулгүй байдлаа хангаагүй байна. Хэдийгээр хөл хөдөлгөөнтэй газар худалдан авагч ихтэй ч гэлээ эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Тийм учраас дүүргийн зүгээс та бүхэнд ажлын байр гаргаж өгөх бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг хэллээ.