Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ уран зургийг Японы тэрбумтан $110 саяар худалдаж авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN

Зураач Жан Мишель Баскиягийн бүтээлийг Японы тэрбумтан $110 саяар өнөөдөр дуудлага худалдаанаас авсан нь Америк зураачдын бүтээлд дээд амжилт тогтоолоо. Мөн 1980 оноос хойш зурсан уран бүтээлүүдийн үнэлгээний дээд амжилтыг тогтоосон байна.

“The 1982 Untitled” нэртэй, зотон даавуун дээр тосон будаг, усан будаг, шүршдэг будгаар дүрсэлсэн гавлын яс Нью Йоркийн дуудлага худалдаан дээр ийм өндөр үнэ хүрчээ.

 

Худалдан авагч нь 41 настай, онлайн хувцасны дэлгүүрийн магнат Юсаку Маезава гэдгийг Sotheby’s дуудлага худалдааг зохион байгуулагч мэдээлсэн байна. Өнгөрсөн онд тэр Баскиягийн өөр нэг бүтээл болох өөрийн хөргийг $57.3 саяар авч энэхүү Америк зураачийн хувьд дээд амжилт тогтоож байжээ.

 
Юсака Маезава

“Би энэ агуу бүтээлийг худалдаж авснаа зарлахад таатай байна” гэж Инстаграм хуудсандаа бичсэн Маезава “Би анх энэ бүтээлийг хараад гайхан биширч, өөрийн урлагийн таашаалдаа талархах сэтгэл төрсөн. Энэ мэдрэмжээ би аль болох олон хүнд бас хүргэмээр байна” гэсэн байна.

Баксия нь Брүүклинд Хайти, Пуэрто Рикогийн холимог гэр бүлд төржээ. Уран зургийн карьераа дөнгөж найман жил үргэлжлүүлсэн Баския 27 насандаа буюу 1988 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж хорвоогоос хальсан юм.

 
Зураач Жан Мишель Баския

Түүний өнөөдөр зарагдсан зургийг 1984 онд зураачаас $19,000-аар авч байжээ. Харин дуудлага худалдаа эхлэхээс өмнө $60 саяар үнэлээд байсан юм.

Одоо уг бүтээл Японы Чиба дахь Маезавагийн гэрт хадгалагдах гэнэ. Дуудлага худалдаанд тогтоосон дээд амжилтыг Пабло Пикассогийн “Алжирийн эмэгтэйчүүд” бүтээл тогтоосон байдаг. Уг бүтээлийг 2015 онд Нью Йоркод $179.4 саяар зарж байжээ.

 

Эх сурвалж: AFP