Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Эмч, багш нар цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 300 хоногийн хугацаанд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас хийсэн ажлын товч тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

91,373 эмч, багш цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломж бүрдсэн

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр " Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилд 21-23 хувийн хүүтэй авдаг.

Иймд ХНХЯ, Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар Хаан банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Ингэснээр эмч багш нар цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо.

91,373 эмч, багш цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр шимтгэлийн хураамжгүй авах боломж бүрдсэн.

Зээл хүсэгч нь: 

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг таваас доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх, 
  • Зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх,
  • Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар олгоно. 

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд "Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяныг зохион байгууллаа.

Шалгалтаар 937 тэтгэвэр авагчид 881.9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон байна.

Мөн 810 тэтгэвэр авагчид 291.9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1,747 тэтгэвэр авагчидтай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. 

"Насны хишиг"-ийг ирэх зургаадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө

Үндэсний их баяр наадмаар олгох "Насны хишиг"-ийг ирэх зургаадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө.

2017 онд "Насны хишиг" олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

25.8 мянган өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.

2016 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс хойш элэгний С вирусын эмийг худалдан авсан даатгуулагчийн эмийн зардлын хөнгөлөлтийн хэмжээгээр нөхөн олгох шийдвэр гарсан.

Тогтоолын хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар авч үзвэл Монос Улаанбаатар ХХК, Монгол эм импекс ХК, Ази Фарм ХК, Омбол ХХК-уудын 17,746 хайрцаг эмийн үнийн хөнгөлөлтөнд 9,070 даатгуулагчдад 3.7 тэрбум төгрөгийг олгоод байна" гэлээ.