Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн үйл ажиллагаанд дахин алдаа гаргахгүй байх механизмыг хуульчлах ёстой"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлах асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш Д.Батболд (LL.M, MPA)-той ярилцлаа. 

Төрийн албаны эрх зүйн орчинг сайжруулах нь нэг хуулийн асуудал биш
 

-Төрийн албаны тухай хуулийн хамрах хүрээ болон ойлголтын талаар яриагаа эхэлье?

-Төр нь улс, нийгмийн амьдралыг хууль тогтоох, түүний биелэлтийг зохион байгуулах, хэрэглэх замаар удирдан жолоодох, зохицуулах, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүргийг Үндсэн хуулиар иргэнийхээ өмнө хүлээсэн эрх зүйн этгээд юм.

Энэхүү үндсэн үүргийг биелүүлэхийн тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудад хуваагдаж ажиллах бөгөөд эл үүсч тогтсон байгуулал, түүнээс явуулж буй үйл ажиллагааг төрийн алба гэнэ.

Иймд төрийн албаны эрх зүйн орчинг сайжруулна гэдэг нь нэг хуулийн асуудал биш.

Төрийн албаа чанарын шинэ шатанд гаргая гэвэл төрийн албаны хууль тогтоомж буюу төрийн албаны талаар зохицуулалтыг агуулж буй цөөнгүй хуулийг сайжруулах, төрийн албыг сулруулж буй, төрийн албаны хүчин чадал, гүйцэтгэлийг устгаж буй сөрөг үзэглийг хориглон дарна гэсэн үг.

Харин Төрийн албаны тухай хуулийн зохицуулах гол зүйл нь төрийн алба гэх өргөн, олон талт үйл ажиллагааг онцлог байдлаар нь ялган зохицуулахын зэрэгцээ тэдгээрийн төрөл тус бүрийг төрийн  албаны нийтлэг ёсонд захируулах, төрийн жинхэнэ алба, түүний  албан хаагчдын мэргэшсэн тогтвортой байдлыг хангах, улс төрийн алба, мэргэшсэн албаны үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах эрх зүйн орчин  тогтоох ёстой.

Төрийн улс төрийн ба жинхэнэ албаны нэгдмэл байдал монгол төрийн удирдлага болж улс, нийгмээ удирдан жолоодох хүч болдог.

-Төрийн албаны тухай шинэ хуульд төрийн албан хаагчдад тооцох хариуцлагыг яаж тусгаж өгсөн байна? Өмнөх хуульд ямар байсан юм бэ?

-Төрийн албаны хүрээн дэхь хариуцлага бол зөвхөн зөрчил гаргасан тохиолдолд шийтгэл хүлээлгэх төдий агуулга, хэмжээтэй ойлголт биш. Засаг төр, түүний албан хаагчид хууль ёсоор бүрэлдэн тогтмогц тэдэнд үүрэг хариуцлага нь хамт үүсч тэдэнтэй байнга нэгдмэл оршдог.

Хэн нэгэн хүн төрийн албан хаагч болмогц үүрэг хариуцлага үүрч ажиллах, түүнийг хангахын тулд хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллах хувь тавиланд очдог.

Үүнийг хариуцлага үүрэх ёс гэж ойлгож болно. Үүний тулд төрийн албан хаагчид ажиллах баталгаагаар хангагддаг.

Энэ нь зөрчлийн улмаас үүсч буй шийтгэлээс өргөн хүрээтэй боловч түүнийг хүлээлгэх эх үндэс нь болж байдаг.

Иймд таны тавьсан асуудтанд энэ хоёр ойлголтын талаас нь хандах учиртай.

Төр, төрийн албан хаагч хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрч ажиллаж чадаж байна уу үгүй юу?, эсвэл цалгардуулж байна уу?, эсвэл бүр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өргөсөн тангарагаасаа буцаж, төр түмнээсээ нүүр буруулан хувирсан уу гэдгийг хянах, үнэлэх, тогтоох механизм байх учиртай.

Энэ механизмыг  гадаад, дотоод гэж 2  хувааж болно. Гадаад гэдэг нь тухайн төрийн байгууллагынхаа гадна талд орших хяналт юм.

Жишээлбэл: Иргэний нийгмийн буюу иргэд, тэдгээрийн нэгдлийн хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагын хяналт, шүүх эрх мэдлийн буюу эрүү, иргэн, захиргаа, Үндсэн хуулийн цэц гэх мэт бүх төрлийн шүүхийн хяналт, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх хяналт, төрийн бусад байгууллагын хяналт гэх мэт.

Жишээлбэл, Улсын Их Хуралд тавих Ерөнхийлөгчийн хяналт, Засгийн газарт тавих Улсын Их Хурлын хяналт гэх мэт ямар нэг байдлаар гаднаас тухайн байгууллагад чиглэсэн хяналт юм.

Дотоод хяналт гэдэг нь байгууллагын удирдлагаас албан хаагчдынхаа үйл ажиллагаанд буюу үүрэг хариуцлагаа хэр зэрэг ханган биелүүлж ажиллаж байна вэ гэдгийг тогтоох процесс юм.

Жишээ нь: Гаалийн Ерөнхий Газраас Монгол Улсын хил дээр байгаа гаалийн байцаагчиддаа хяналт хийх, өөрийн төв аппаратад байгаа ажилчдаа хяналт тавих, үйл ажиллагааг нь үнэлэх мөн өөрийн үйл ажиллагаандаа хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх гэх мэт өөрөөсөө буюу удирдах дээд байгууллагаас доод албан тушаалтандаа тавих хяналт юм.

Эдгээр хяналт үнэлгээний механизм, систем ажиллаж байж төрийн хариуцлагатай байдал бэхжиж тогтоно.

Таны асуусан  асуултын дараагийн агуулга бол зөрчил гаргаж хариуцлага алдвал хүлээлгэх шийтгэлийг Төрийн албаны хуулийн хүрээнд тодруулж өгөөч гэсэн билээ. Уг асуудлыг одоогийн үйлчилж байгаа хуульд “захиргааны санаачлагаар төрийн албан тушаалаас бууруулах”, “төрийн албанаас хасах”, “сахилгын шийтгэл ногдуулах”  гэсэн 3 категороор тодорхойлсон.

Энэ нь төсөлд зарчмын өөрчлөлтгүй дахин тусаж яваа. Үнэлгээний механизмууд нэмж орж ирсэн байна лээ.

Гэхдээ тэр нь агуулгын хувьд өмнө нь манай төрийн албаны практикт байсан зүйл.

Ажлын байран дахь функц хэвээр бол ажлаас халах ёсгүй

-Тэгвэл төрийн албан хаагчдад тавигдах шаардлага хэрхэн туссан байна вэ?

-Одоо үйлчилж байгаа тухайн хуульд төрийн албан хаагчид тавих ерөнхий шаардлагыг 10 дугаар зүйлд ”...мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж тодорхойлсон байдаг. Харин төсөлд:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дээд боловсролтой байх
  • Эрүүгийн хуульд заасан онц хүнд болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дууссан байх
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх” гэж  заажээ.

Эндээс төсөл нь хуулиасаа арай илүү өргөн бас тодорхой  болсон шинжтэй байна.

Энэ нь дээд боловсролын дипломтой эсэх нь эргэлзээтэй, сэтгэцийн хувьд эрүүл эсэх нь тодорхойгүй хүн төрийн өндөр болон удирдах албан тушаалд томилогдох явдал гарсантай холбоотой болов уу.

Гэхдээ орон нутгийн түвшинд дээд боловсролгүй хүн нийтийн секторт ажиллахыг зөвшөөрч болно.

Төрийн захиргааны албан тушаалд томилогдох иргэнд тавигдах нийтлэг шаардлагыг төсөлд тусгасан  байгаа.

Үүнээс гадна тухайн албан тушаал бүрд нь тохирсон тусгай шаардлага тогтоож болохоор төслөө боловсруулсан байна.

Гэхдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар уг асуудлыг шийдвэрлүүлэхээр заасан нь эргэлзээтэй юм.

Уг асуудлыг тухайн асуудлаар мэргэшсэн удирдлага (Жишээлбэл төрийн нарийн бичгийн дарга нар) нь Төрийн албаны зөвлөлтэйгээ хамтран тодорхойлж байвал илүү зүйд нийцнэ гэж үзэж байна.

-Мэргэжлийн тогтвортой төрийн алба бүрдүүлэх талаар их ярих юм. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрийн албыг тогтвортой байлгах гэдэг бол Төрийн албаны тухай хуулийн тэргүүн зорилтын нэг байх ёстой. Сонгууль болдог, Улсын Их Хурал, Засгийн газар шинэчлэгддэг.

УИХ-аас суурь шийдвэр нь гарч, түүнийг дагасан шийдвэрлэх тогтоолууд Засгийн газраас батлагдаж яам, агентлаг, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоодог.

Ингээд бүтэц, орон тоо шинэчлэгдсэн гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчдыг халж солих компанит ажил бүх түвшиндээ ямар нэг хэмжээнд явагддаг.

Тухайн хүний ажлын байранд тодорхойлогдсон функц нь хэвээр хадгалагдаж байвал ажлаас нь халах ёсгүй.

Гэтэл халаад байдаг.Түүнээс шалтгаалж цалин хөлсний давхар зардал гарах, эцэс төгсгөлгүй маргаан дөрвөн жилийн давтамжтайгаар өрнөх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.

Энэ нь улс төрийн намын үйл ажиллагаатай холбоотой.

Сонгуулийн өмнө болон сонгуулийн үеэр үүссэн улс төрийн харилцаанд оролцогчдын нэгдэлээс эх үндэстэй төрийн албанд орж ажиллах хүсэл зорилготой хүмүүсийн том давалгаа нийгэмд үүсч бий болдог.

Тэд сонгуулийн дараа тогтвортой байх ёстой төрийн албыг дээр дурьдсан замаар эзлэн авах ажиллагаа зохиодог.

Энэ том давалгаанд (цунами мэт) төрийн жинхэнэ алба цохигддон хохирч үлддэг.

Тэгэхээр энэ зүй бус давалгааг зогсоохгүйгээр төрийн алба тогтвортой болж чадахгүй.  

Алдаагаа давтдаг төр бүү хэл, хувь хүн байхыг зөвтгөх аргагүй

-Төрийн албаны шинэ хуульд тусгагдаагүй юм уу нэмэх шаардлагатай хуулийн заалт байна уу?

-Энэ талаар нарийн боловсруулж бэлдсэн зүйл байхгүй ч дор дурдсан зүйл байж болно.

Ямар нэгэн ажлын талаар төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн албан хаагч хоёрын санал зөрчилдвөл хэнийхээр нь шийдэх вэ?

Улс төрийн албанынхан зарчмын бус зүйл санал болговол яах вэ?

Төрийн жинхэнэ албаныхан нь хэтэрхий хөшүүн хойрго хандлага баримтлавал хэрхэх вэ гэх мэт асуудлыг Төрийн албаны хуулиар шийдэж өгөх ёстой.

Засгийн газрын хуралдааны журамд Засгийн газрын тогтоол батлахад хоёр сайдын санал зөрөлдвөл Хэрэг эрхлэх газрын буюу мэргэжлийн албаны саналаар шийднэ гэсэн заалт байдаг шиг санагдаж байна.

Энэ мэт хүлээн авч болохуйц зохицуулалтыг Засгийн газрын тогтоолд биш, хуульд оруулж нийтээр дагж мөрдөх нь зүйтэй юм.

Төрийн алба нь үндсэндээ 2 төрөлд хуваагддаг

Төрийн мэргэшсэн буюу жинхэнэ алба, шинэчлэн сэлгэгддэг алба буюу улс төрийн алба. Энэ хоёр албаны зохицол нийцлийг төрийн алба гэж ойлгож болно.

Энэ хоёр албаны зохицлыг яаж бий болгох вэ? үр ашигтай ажиллах нөхцөлийг нь яаж хангах вэ?, гарсан ажлын үр дүнгээ хэрхэн хамгаалах вэ гэдгийг хуулиар тогтоомоор байна.

Төрийн үйл ажиллагааны үр дүнд гарсан аливаа алдаа дутагдал, завхарлыг дахин гаргахгүй байх механизмыг хуульчлах ёстой.

Алдаагаа давтдаг төр бүү хэл, хувь хүн байхыг зөвтгөх аргагүй.

-Тогтвортой төрийн алба бүрдүүлэх тал дээр дэлхий нийт яаж анхаардаг юм бол?

-Германы захиргааны эрх зүйн эрдэмтэн Хайрбех гэдэг хүн 2016 оны өвөл Монгол Улсад ирээд бидэнтэй уулзсан.

Би тэр хүнээс “Манай улсад төрийн мэргэшсэн алба тогтворгүй байгаа, үүнийг хэрхэн гэтэлгэх вэ” гэсэн асуулт асуусан, тэрээр уг асуултанд “Германд төрийн жинхэнэ албан хаагчаа ямар  нам сонгуульд ялсанаас шалтгаалж сольдоггүй, яагаад гэвэл тухайн хүнийг захиргааны акт гарган халах эрх удирдлагад нь байдаггүй.Төрийн  жинхэнэ албанд насан туршдаа томилогддог гэсэн үг. Харин хөдөлмөрийн хариуцлага алдсаныхаа төлөө л халагдаж болно” гэсэн утгатай хариулт өгч байсан.

Төрийн  жинхэнэ албанд насан туршдаа томилогддог гэсэн үг.

Харин хөдөлмөрийн хариуцлага алдсаныхаа төлөө л халагдаж болно” гэсэн утгатай хариулт өгч байсан.

Шүүгчийг хэн нэгэн Ерөнхийлөгч томилдог ч түүнийг шинээр сонгогдсон Ерөнхийлөгч халах эрх байдаггүйтэй адил.

Энэ мэт зохицуулалтыг дэмжин оруулж болох юм.

Түүнчлэн төсвөөс цалин авдаг л бол төрийн албан хаагч гэж ойлгож байгаа нь буруу.

Төрийн албан хаагч бол цэвэр төрийн функцтэйгээ холбоотой зүйл. Энэ байдлаар нь хуульд тусгах хэрэгтэй.

Мөн одоогийн төрийн албаа дотор нь орон нутгийн ба төвийн алба гэж 2 хуваан үзэх шаардлагатай.

Эдгээр нь зарчмын шинэлэг хандлага тул эхлээд таниулах, ач холбогдлыг нь тайлбарлах явдал чухал байна.

Учир нь нийгэм маань энэ мэт зүйлд аль ч түвшиндээ бэлэн биш байгаа болов уу.

 

 

-Ярилцсанд баярлалаа.