Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"29 дүгээр сургуульд сурч байгаадаа маш их баяртай байдаг"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгсолын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр тус сургууль дээр болж байна.

Тус үйл ажиллагааны гол зорилго нь багш, сурагчдын амжилт бүтээл, авьяас чадварыг эцэг эх олон нийтэд сурталчлан таниулах, эцэг эх олон нийтийн оролцоог хангах, хамтран ажиллах, идэвх санаачлагыг нь мэдүүлэхэд оршиж байгаа аж.

М.Сарантуяа: Багш нарын дохионы хэлийг чадваржуулж, хичээлийн чанараа сайжруулахад анхаарч байна
 
Гэрэл зургийг mpa.mn

СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал, дохионы хэлний багш М.Сарантуяа “Манай сургуулийн сургалтад аман болон бичгийн яриа голлож, дохионы хэл туслах хэрэглэгдэхүүн болж байсан. Харин цаашдын үйл ажиллагааны гол зорилго багш нарын дохионы хэлийг сайжруулах.

Энэ тал дээр багш нар маань дохионы хэлний сургалтуудад сууж байна. Тухайлбал, саяхан Япон улсаас мэргэжилтнүүд ирж манай сургууль дээр дохионы хэлний сургалт явуулсан.

Манай сургуулийн нийт 320 хүүхдийн авч үзвэл одоогийн байдлаар 226 хүүхэд нь сонсголын бэрхшээлтэй. 49 хүүхэд нь сул сонсголтой.

Тэгэхээр ийм онцлогтой хүүхдүүд байгаа учраас сургалтын явцыг бүхэлд нь дохионы хэлээр гэхгүйгээр сул сонсголтой хүүхэдтэй ангид аман, бичгийн хэлбэрээр, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ангид багш нарын дохионы хэлийг чадваржуулж, хичээлийн чанараа сайжруулахад анхаарч байна” хэмээн тайлбарлалаа.

Мөн 29 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөрт тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд 1998 оноос өмнө бэлтгэл анги хичээллэдэг байжээ.

Энэ хичээлийн жилээс эхлэн Сургуулийн Өмнөх Боловсролд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах нь бага байдаг учраас хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийг бэлтгэл ангид нэг жил сургаснаар Ерөнхий Боловсролын Сургуулийн хичээлийг үзэх боломж бүрдэнэ гэж үзэж бэлтгэл ангитай болохоор Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд материалаа өгсөн талаар тэрбээр ярьж байлаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хүүхдүүд сурч мэдсэн зүйлсээ гэр бүл, багш нартаа дэлгэн танилцуулахаас гадна дотуур байрны сурагчдын үдийн хоол, үдийн цайны амталгаа, согог зүйч багш нарын зөвлөгөө, хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолт болон спорт үзүүлбэрүүд болох юм байна.

"Энэ сургуульд суралцаж байгаадаа маш их баяртай байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн X ангийн сурагч Отгонгэрэл “Би 29 дүгээр сургуулийн X ангид сурдаг. Архангай аймгаас ирсэн. Энэ сургуульд суралцаж байгаадаа маш их баяртай байна.

Өнөөдөр манай сургуулийн Нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Манай нээлттэй хаалганы өдөрлөгийг олон хүн ирж үзэж байгаад баяртай байна. Дотуур байранд амьдраад 10 жил болж байна. Байр маань маш сайхан, тохилог байдаг” гэлээ.

Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхжаргал: Өнөөдрийн өдөрлөгт манай эмээ ирнэ
 
Гэрэл зургийг mpa.mn

СБД-ийн 29 дүгээр тусгай сургуулийн IV ангийн сурагч Г.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхжаргал хоёр ихэр юм байна. Тэд сул сонсголтой бөгөөд дотуур байранд сууж, суралцаад хоёр жил болж байгаа аж.

“Бид Зүүнсалаагаас ирсэн. 29 дүгээр сургуулийн 4б ангид сурдаг. 11 настай. Дотуур байранд амьдрах гоё байдаг. Аав ээжийгээ санадаггүй. Дотуур байранд цуйван, печень, цай, шөлтэй хоол, бууз иддэг. Хоолоо сайн иддэг. Өнөөдрийн өдөрлөг дээр манай эмээ ирнэ. Бид онц сурдаг” гэв.

П.Мягмаржав: Хүүхдүүдийн шаардлагыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав “29 дүгээр сургуульд бид хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн саруудад нэлээд эрчимтэй ажиллаж эхэлсэн.

Жишээ нь, хүүхэд хамгааллын бодлоготой болгосон. Ингэснээр хүүхдийн эрхийн зөрчил гарахаас сэргийлж, ажиллана. Мөн энэ байгууллагад ажилладаг бүх ажилчид энэ бодлогыг мөрдөж, хүүхдийн эрхийн зөрчлийг мэдэгдэх, мэдэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах юм.

Ажилтан болгон энэ тал дээр мэдээлэлтэй болоод мөрдөж ажиллаж байна. Ер нь хүүхэд хамгааллын бодлого сургууль бүр дээр байдаг. Энэ сургуульд байсан бодлогыг бид чанаржуулж, ажилтан авахаас эхлээд бүхий л тал дээр баримтлах зарчмыг улам боловсронгуй болгосон.

Хүүхдүүдийн шаардлагыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Төлөвлөгөөний дагуу ажлууд хэр хийгдэж байгаатай өнөөдөр танилцаж байна” хэмээв.

Дээрх төлөвлөгөөнд хүүхэд багшийн хоорондын харилцааг сайжруулах, хүүхдийн сурлагын чанарыг сайжруулах, тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнийг хүрэлцээтэй байх зэрэг ажлуудыг тусгасан байна. 

Өдөрлөгийн фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг