Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: Би Ерөнхий сайд болъё гэж М.Энхболдод санал тавьсан

Б.Тогтох, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 19
Монголын мэдээ

Энэ долоо хоногт хэн юу хэлэв?

С.Жавхлан: Намайг нохой хуцсан чинээ ч тоохгүй байгаа

/УИХ-ын гишүүн/

 
Гэрэл зургийг mpa.mn

-УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцэд УИХ-ын гишүүн Сү.Батболд, АН-ын гишүүн Б.Наранхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын гишүүд ирцийн таслалтаараа тэргүүлж буй мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдэгдэл хийв. Тэрбээр, “Би ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуугардаг. Гэтэл үнэн ганцаардаж байна. Намайг нохой хуцсан чинээ ч сонсохгүй байна. Би дөрөвдүгээр сарын 19-нд Төрийн гурван өндөрлөг болон УИХ дахь намын дарга нарт шаардлага хүргүүлсэн.

Нэг сар болж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод тавьсан шаардлагад би “УИХ-д олон­хийн суудал бүхий намын дарга танаа. Та бүхэн хилийн чанадад данстай байгаа гишүүдийнхээ нэрсийг санаачилга гарган зарлаж УИХ-ын гишүүнээс татуулах. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад дахь дансыг ч зарлаж, албан тушаалаас нь татах, мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэр тодрохоос өмнө намынхаа данстай хүмүүсийн нэрийг гаргаж, мөн татвар нэмэх шийдвэр гаргасныхаа тө­лөө ард түмнээс уучлалт гуйх”-ыг шаардсан.

Эдгээр шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны хугацаанд ирүүлнэ үү. Би шаардлагын хариу иртэл УИХ-ын болон чуулганы хуралдаанд суухгүй гэж бичсэн. Гэтэл миний үгийг тоосонгүй. Мөнгөтэй хүмүүс хүчтэй юм байна. Хүний олон цөөнөө барихгүй гэж үг байдаг. Гэтэл барьдаг юм байна. С.Жавхлан ард түмний саналаар сонгогдсон. Төрөө цэвэрлэх даалгавар авч, хэнээс ч юунаас ч айхгүйгээр тэмцээд явж байгаа. Үнэхээр лаг, хүчтэй юм байна. Мөнгө хүчтэй гэдгийг ойлголоо. Буруу төр дотор байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

Түмэн олноосоо дандаа далий зүйл ярьж бай­гаа төрд суухыг ч хүсэхгүй байна. Нарийн судал­гаа­тай тоглож, ард түмний тархийг угаадаг юм байна. Энэ хүмүүс хурал хаяхаар зөв болдог, би хурал хаяхаар тасалсан болдог билээ. Би энэ шаардлагаа дахин УИХ-ын даргад хүргүүлнэ. Хариу иртэл тэмцэх ч болно. Монгол Улсыг гол гэж үзвэл цэнхэр, улаан хоёр будаг байнга булингартуулж байна. Би тэмцээгүй биш тэмцсэн. Гэхдээ шантарч байна” хэмээлээ.

Н.Энхбаяр: Би Ерөнхий сайд болъё гэж М.Энхболдод санал тавьсан

/МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан/

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

МАХН-ын дарга Н.Энхбаярын “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлага болон “Улс төрийн тойм” сонины  “Ярилцах танхим”-ын зочноор оролцож өгсөн ярилцлага яах аргагүй өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр, “Ам нээвэл” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд болох хүсэлтэй гэдгээ ярьсан юм. Н.Энхбаяр “10 гаруй хоногийн өмнө Ардын намын дарга М.Энхболдтой уулзсан.

Чи Ерөнхийлөгчөөр нэр дэвш, би чамайг дэмжээд явъя, дүүгийнхээ хүслийг биелүүлэхэд нь тусалъя, заавал би өрсөлдөх гээд байгаа юм алга. Нэгэнтээ эвсэж нэгдэх бол би Засгийн газрыг толгойлж Ерөнхий сайд болоод хоёулаа гар нийлж, баг болон ажиллая гэж хэлсэн.

Тэгсэн чинь энэ бүтэхгүй гэж хэлсэн” хэмээн ярьсан юм. Харин “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа тун өргөн хүрээг хамарсан сэдвээр ярьжээ. Тэр тусмаа өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар ярихдаа “Миний үед хуулийн байгууллагад даалгавар өгч байгаагүй.

Тийм зүйл огт боддог ч үгүй байсан. Ер нь хоёр, гурван юмыг боддоггүй байж. Өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүй гэж бодож байгаагүй. Орно л биз дээ. Хамгийн гол нь ялах нь чухал. Улстөрчид ч албан тушаалаар далайлган хууль шүүхийн байгууллагынхныг дуудаж загнадаг, нөгөөдүүл нь ч амархан бууж өгдөг байгаагүй юм шүү. Гэтэл өнөөдөр ийм харилцаа тогтчихжээ” хэмээн ярьсан юм. Харин Н.Энхбаярын намаас яагаад дандаа хүмүүс гардаг, өөр намд урвадаг талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Тэр хүмүүсийг муулмааргүй байна.

Монголчууд их өөрчлөгдөж. Чингис хааны үед урваж шарвах зүйл байсан. Түүнийг өглөө босоход нь хамаатан, садан хамтарч байсан хүмүүс нь орхиод нүүсэн тухай бий. Тэр үед Чингис хааныг буруутгаж биш харин урваж шарвасан нөхдийг хатуу цээрлүүлж, жигшиж байсан түүхтэй. Би хүн таних албагүй. Би хүнд итгэх л үүрэгтэй. Хүнд итгэлээ тэр хүн надаас урвасан бол яагаад урвасныг нь тэр хүнээс асуух ёстой” гэсэн хариулт өгчээ.

С.Батмөнх: Үндсэн хуулиас өмнө Төрийн албаны хуулийг хэлэлцэх нь буруу

/УИХ-ын гишүүн асан/

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүд болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй билээ. Тэгвэл эдгээр хуулийн төсөл ямар ч тооцоо судалгаагүй, яаран сандран оруулж ирсэн гэх шүүмжлэл ч газар аваад буй. Мөн Төрийн албаны зөвлөлийг ЗГХЭГ-ын шууд удирдлагад аваачих нь улс төрийн нөлөөлөл орох шалтгаан болж байгааг энэ салбарт олон жил ажилласан хүмүүс хэлж байгаа билээ.

Тэгвэл, УИХ-ын гишүүн асан С.Батмөнх гуай энэ асуудлаар тун тодорхой санал гаргажээ. Тэрбээр, “Эдгээр хуулийн төслүүд өргөн баригдсанаас хойш би тасралтгүй хөөцөлдөөд явж байгаа. Анх 1994 оны арванхоёрдугаар сард батлагдсан хуулийг санаачлагчдын нэг нь би. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “ТАЗ-ийг төрийн хуулийн манаач болгоно” гэж хэлэхийг сонсохоор миний дуу цэхэртээд байх юм.

Та “Стандарт хэмжилзүйн төвийн дарга н.Гантөмөрийг Стандарт хэмжилзүйн төвийн жижүүр болгож чадахгүй. Үүнтэй адил зүйл шүү дээ. Та манаачийг нь олж харахгүй байна. 1994 оны хуулийн төрийн албаны удирдлагын концепцийг олж хараагүй байгаа юм. Түүнчлэн энэ хүрээнд төрийн албаны тухай Үндсэн хууль дээр сайхан зүйлүүдийг тусгаж өгсөн байсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг батлах гэж байгаа нь ойлгомжгүй байна” хэмээн ярьжээ.

Д.Баяндүүрэн: Хууль бус хандив орж ирвэл тухайн хүн рүү буцаах шаардлагатай

/СЕХ-ны ажлын албаны дарга/

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд буй. Тэгвэл СЕХ-ноос бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан талаар болон парламентад суудалтай гурван намын өрсөлдөгч хэрхэн хандив цуглуулах, мөн гадаадад байгаа монголчуудын саналыг яаж авах, комисс хэрхэн байгуулах вэ гэсэн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Гурван нэр дэвшигчийн хувьд СЕХ-оос бүртгэсэн учраас хандивын дансаа нээж болно. СЕХ, Татварын Ерөнхий Газар, Аудитын газарт хандивын данс нээсэн тухай мэдэгдэх ёстой. Хандивын хувьд хуулийн этгээд 15 сая, иргэдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив хураана.

Хандивын дансанд хандиваас гадна тухайн намаас нь санхүүжилт орно. Мөн нэр дэвшигч өөрөө дансандаа сонгуулийн зардлаа нэмнэ. Тодорхой шалгуур хангаагүй хандивт өөрсдөө хяналт тавих хэрэгтэй. Хууль бус хандив байх юм бол тухайн явуулсан газар, хувь хүн рүү эргүүлэн явуулсан байх шаардлагатай.

Гадаадад байгаа иргэдийн саналыг авах сонгуулийн комисс байгуулагдаад ажиллаж байгаа. Нийт 33 улсад 45 салбар комисс байгуулагдаж 200 орчим хүн ажиллаж байна. Сонгогчид саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очих, цахим болон шуудангаар бүртгүүлж болно. Гадаадад байгаа сонгогчид ирэх сарын 10,11-ны өдрүүдэд саналаа өгнө” гэв.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.