Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхо НАЦҮ БАШЁГ өнгөлөх үү

Б.Даваахүү
2017 оны 5 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Японы мэргэжлийн сумогийн Нацү башё өнөөдрийн байдлаар зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Гэвч, Нацу башё эхний өдрөөсөө л аваргуудад халгаатай байна. Өнгөрсөн хоёр башёд дараалан түрүүлж, 19 жилийн дараах анхны япон аварга болсон Кисэносато хэрхэн барилдах нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан. Тэрбээр Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдааны үеэр гэмтээсэн зүүн гараа бүрэн гүйцэт эдгээж чадалгүй аз эзэнд найдан хатуу дэвжээнд гарсан билээ.

Башёгийн өмнө аварга Китанофүжи “Дэвжээнд гарсан ч там, өнжсөн ч там” хэмээн урам зориг өгсөн. Гэсэн хэдий ч, хүнд бэрхшээлийг даван туулж, гурав дахь башёдоо дахин түрүүлж чадах болов уу. Ямартай ч бүхий л хүчээ дайчлах нь ойлгомжтой. Гэвч, сумогийн дэвжээнд удаан барилдах эсэх нь энэ башёгоос хамаарах учраас түүний хувьд хүндхэн 15 өдөр өнгөрөх нь мэдээж. Энэ башё түүний хувьд тун халгаатай эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар хоёр унаа, гурван даваатай байна. Нөгөөтээгүүр, Хакүхог дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр өнгөрсөн башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд магэшира Икиод ялагдаж, баруун хөлийнхөө гэмтлийг сэдрээж орхисон. Улмаар тав дахь өдрөөс башёг орхисон удаатай. Дараа нь эх орондоо ирж эмчилгээ хийлгэсэн байдаг. Азаар өнгөрсөн жилийн Нацу башёгоос хойш гэмтэл нь эдгэрч, хэвийн байдалдаа орохтой зэрэгцэн хүч чадал нь ч сэргэж эхэлсэн юм.

Түүний хувьд өнгөрсөн жил оролцож чадаагүй башёдоо түрүүлж, эзэн хааны цомоо эргүүлэн авах бэлтгэлээ сайтар базаасан нь лавтай. Тэрбээр нэг ч унаагүй яваа билээ. Өнгөрсөн башёд болсон шиг зүйл болохгүй бол Хакүхо энэ оны гол зорилго болох 1,047 дахь даваагаа авахад тун дөхөж очих юм. Тэрбээр өчигдрийн барилдаанд тав дахь даваагаа авч, нэг ч ялагдалгүй яваа бөгөөд энэ нь түүний 1,022 дахь даваа юм.

Зөвхөн Хакухо ч биш. Аварга Харүмафүжи, Какүрю нар ч гэсэн бэртэлтэй байгаа ч, аваргын ёс жудаг, хариуцлага, үүргээ гүйцэтгэхийн тулд бүгд л ялалтын төлөө барилдаж байна. Какүрю аваргын тухайд энэ башёд тун ч од муутай байгаа. Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд ялагдсанаар гурван унаа, нэг даваатайгаар башёг орхилоо. Какүрю аварга цолтой болсноосоо хойш анх удаагаа гурав дараалан унасан нь энэ юм.

Түүний гэмтэл нь сэдэрсэн гэх мэдээлэл байна. Харин аварга Харүмафүжи нэг ч ялагдалгүй явна. Түүнчлэн, хаврын барилдаанд Кисэносатотой башёг дуустал ширүүн өрсөлдсөн Тэрүнофүжи ч энэ удаа даагаа нэхэн хоёр дахь удаагаа эзэн хааны цом өргөхийг хүсэх нь мэдээж. Тэрүнофүжи    өчигдрийн барилдаанд Котошёогикутэй оноолт таарч, гурав дахь даваагаа авсан юм.

Энэ мэтээр гурван аваргын тухайд энэ башё тун ч халгаатай байгаа. Харин монголчууд бидний хувьд Хакүхо Д.Даваажаргал, Харүмафүжи нар цаашид ялалтаа хадгалж чадах эсэхийг хүлээх л үлддээ. Нацү башё дуусахад одоо 10 хоног үлдээд байна.

Зураг