Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Майкл Блумберг Улаанбаатарт тусламж үзүүлнэ

Б.Даваахүү
2017 оны 5 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-ын тэрбумтан, эдийн засаг бизнесийн мэдээллийн “Блумберг” агентлагийг үүсгэн байгуулагч Майкл Блумберг сайн санааны сангаар дамжуулан хувиасаа 40 хотод хандив өгөхөөр болсон тухай “Guardian” сайт мэдээлжээ.

М.Блумберг Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байхдаа олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлж байсан. Тухайлбал, 2003 онд тэрбээр ресторан, баар, цэнгээний газарт тамхи татахыг хориглох шийдвэр гаргаж байсан байна.

Түүнээс хойш М.Блумбергийн хэрэгжүүлсэн сахар, тамхидалтын эсрэг тэмцэл Мексик, Филадельфаас эхлээд дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн түүхтэй. Өнгөрсөн жил ДЭМБ-ын халдварт бус өвчлөл хариуцсан төлөөлөгчөөр ажиллах болсон түүний нийт хөрөнгө 47.5 тэрбум ам.доллараар тоологдох бөгөөд дэлхийн хамгийн баян найман эрхмийн нэг юм.

Тэгвэл Майкл Блумберг цаашдаа дэлхийн 40 хотод өөрийн философи хийгээд санал санаачилгаа түгээн дэлгэрүүлэхээр болсон байна.

Тэрбээр сахрын зохисгүй хэрэглээ, эрүүл мэндийн асуудал, агаарын бохирдол, тамхидалт зэрэг шалгуураар дэлхийн 40 хотыг сонгож, таван сая ам.долларын буцалтгүй тусламж олгох “Эрүүл хот байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Харин тэдгээр хотын тоонд манай нийслэл Улаанбаатар хот багтсан байна.

Улаанбаатараас гадна Угандагийн Кампала, Балбын Катманду, Ганын Аккра, Колумбын Меделин гэх мэт хотууд багтжээ. Хандивын мөнгө нь иргэд хотод ажиллаж, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхийн тулд тамхи таталтыг бууруулах, хоол хүнсний бүтээгдэхүүн болон төрөл бүрийн хийжүүлсэн ундааны дээр тухайн бүтээгдэхүүний чихэрлэгийн хэмжээг заавал бичиж байх стандарт бий болгох, иргэд спортоор хичээллэж дадах зэрэг ажилд зориулагдах юм байна.

 

Зураг