Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн царайлаг бие хамгаалагч анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүүн Жэ Иний бие хамгаалагч нь хамгаалж байгаа хүнээсээ дутахгүй олны анхаарлын төвд орсон юм. Сонгуулийн сурталчилгааны туршид нэр дэвшигчийг сүүдэр мэт дагасан царайлаг залууг Өмнөд Солонгосын төдийгүй, гадаад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв.

Тэгвэл тэр өнгөрсөн Мягмар гарагт анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна. Чой Юн Жэ одоо 36 настай, мэргэжлийн бие хамгаалагч. Тэрээр Ён Ин их сургуулийг аюулаас хамгаалах мэргэжлээр төгсөж, Өмнөд Солонгосын тусгай хүчинд 10 жил алба хаасан байна. Энэ хугацаанд Чой олон төрлийн тулааны урлагаар мэргэшсэн ба Ливан, Арабын Эмират улсуудад илгээсэн НҮБ-ын энхийг сахиулах багийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байжээ.

 

Өнгөрсөн хоёрдугаар сард тэр ажлаа орхин өөрийн 10 мэргэжил нэгтний хамт хамгаалалтын баг байгуулж, нэр дэвшигч Мүүн Жэ Иний амь насыг хамгаалах болсон байна. Нэр дэвшигчийн амь насанд халдах гэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа тэр ийм шийдвэр гаргажээ. Ингээд Мүүн Жэ Инийг ерөнхийлөгч болсны дараа өнгөрсөн долоо хоногт тэр төрийн хамгаалалтад ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Энэ ажлаа тэр үнэ төлбөргүй, сайн дураараа хийсэн тул гэр бүлийг нь англи хэлний багш эхнэр нь хэсэг хугацаанд тэжээжээ. Тэд хоёр охинтой гэнэ.

“Эртнээс би Мүүн Жэ Инийг дэмждэг байсан тул зүгээр л туслахыг хичээсэн” гээд “Улс орноо дахин босгох Мүүн Жэ Иний зорилгод би өчүүхэн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм” гэж Чой ярьжээ.

 

Хэсэг хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй ажилласан Чой одоо амарч байгаа юм байна. Чой энэ талаараа “ажилдаа эргэж орохоосоо өмнө гэр бүлтэйгээ хэсэг цагийг өнгөрөөх төлөвлөгөөтэй” гэж ярьжээ.

Ярилцлагын төгсгөлд Чой ерөнхийлөгч Мүүн Жэ Инд хандан “Одоо та Солонгосын ард түмний хүн болсон. Биеэ бодож, эрүүл саруул яваарай! Эрүүл л байвал та зорьсон зүйлсээ биелүүлж чадна” гэж захисан байна.

 

Эх сурвалж: Korea Times