2017/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,417.20₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B32
УЛААНБААТАР
31°
|
11°
20:00
S44
18°
21:00
S32
14°
22:00
S32
11°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S44
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°

Э.Түвшинбаяр: “Хаан ширээний тоглоом” зохиол киноноосоо СОНИРХОЛТОЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

“Номын тухай” булангийнхаа ээлжит зочноор Монголын хамгийн том хэвлэлийн газар болох “Монсудар”-ын Нийтийн номын редакцийн редактор Эрдэнэбатын Түвшинбаярыг урилаа.

“Монсудар” хэвлэлийн газар нь өдгөө дэлхий даяар хамгийн их алдаршаад буй “Хаан ширээний тоглоом” /Game of Thrones/ киноны эх зохиол “Гал мөсний дуун цувралын” /A Song of Ice and Fire/ цуврал номыг уншигчдад хүргэж байгаа билээ.

Тэд одоогоор уг цувралын “Хаан ширээний тоглоом” /I боть/, “Хаадын хагарал” /II боть/, “Илдний шуурга” /III ботийн  I  дэвтэр “Төмөр ба цас”/ , “Илдний шуурга” /III ботийн II дэвтэр “Цус ба алт”/ номуудыг орчуулан хэвлээд буй аж.

Монголд киног нь үзэж фэн болсон залуус их байдаг ч энэ удаа бид номынх нь талаар түлхүү ярьсан юм.


-Дэлхий нийтийг байлдан дагуулаад буй Хаан ширээний тоглоом киноны эх зохиол Гал мөсний дуун /A Song of Ice and Fire/ цуврал номын талаар мэдээлэл өгөөч. Хэвлэгдсэнээсээ хойш ямар амжилтад хүрсэн ном бэ?

- Жорж Мартины “Гал мөсний дуун” цувралын эхний боть “Хаан ширээний тоглоом” анх 1991 оноос бичигдэж эхлээд, 1996 онд олон нийтийн хүртээл болж 1997 онд зөгнөлт уран зохиолын хамгийн том шагнал болох "Hugo award" –ын шилдэг роман болсон түүхтэй.

Гэхдээ олон нийтийн дунд 2000 он хүртэл энэ ном тийм ч их алдартай байгаагүй ч төд удалгүй аажмаар алдаршиж өдгөө дэлхийн 30 гаруй хэлээр орчуулагдаад байна. Кино нь “Эми авардс” буюу АНУ-ын телевизийн салбарын хамгийн том шагналыг авсан тоогоороо түүхэн дээд амжилт тогтоочихсон. Уг цувралын ном болгон Нью-Йорк таймсын бестселлерт тогтмол дээгүүр бичигддэг.

-Америкийн алдарт зохиолч Жорж Мартины талаар танилцуулаач. Түүнийг хамгийн их алдаршуулсан зохиол нь энэ гэдэг?

-Жорж Мартин 1948 онд төрсөн өдгөө 69 настай. Хүүхэд ахуйдаа алдарт зөгнөлт зохиолч Ж.Р.Толкейнийг уншаад л энэ төрлөөр бичих хүсэлтэй болж, зөгнөлт зохиолын хамгийн агуу бүтээлийг туурвихыг хүсэх болсон гэдэг.

Тэрбээр 21 настайгаасаа л зөгнөлт зохиол бичиж эхэлсэн байна. Анх ихэвчлэн жижиг зөгнөлт өгүүллэгүүд бичдэг байснаа 1977 оноос томоохон зөгнөлт роман бичиж эхэлсэн. Улмаар түүний бичих авьяас Холливуудад анзаарагдаж, кино зохиол дээр ажиллах болжээ. Гэхдээ түүнийг хүсэл мөрөөдөлд нь хүргэсэн зохиол бол яах аргагүй “Гал мөсний дуун цуврал”.

Уг цувралаас сэдэвлэсэн кино нь амжилт олсон шалтгаан нь зохиолч нь өөрөө киноныхоо зөвлөхөөр ажилласантай холбоотой.

-“Гал мөсний дуун” цувралаас англи хэл дээр хэд нь гарчихсан байгаа вэ. Цаашид хэд гарах бол?

-Жорж Мартин нийт долоон боть бичихээр төлөвлөсний тавыг нь нь бичиж дуусгаад хэвлүүлчихсэн байна. Анх тэрбээр зохиолынхоо нэг ботид 2 жилийг зарцуулна гэж төлөвлөсөн боловч кино төсөлтэй холбоотойгоор чамгүй хойшлоод одоог хүртэл VI ботийг дэлхий даяараа хүлээж байна. Монгол хэл дээр бид гурван боть,  дөрвөн дэвтрийг нь хэвлэсэн. Одоо дөрөв дэх цуврал удахгүй уншигчдын гарт хүрнэ.

-Монгол хэл дээрх хэвлэл нь бараг зэрэгцээд явж байгаа юм байна?

-Тийм. Бид уг цувралын VI боть буюу “Өвлийн салхи” номыг дэлхийн нээлтээс хоцрохгүй хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

"Хүний төсөөлөн бодох чадварын хажууд бидний бүтээж чадах эффект харьцангуй жижиг зүйл"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Анх цувралыг яагаад орчуулж хэвлэхээр болсон бэ. Орчуулагч нь ямар хүн бэ?

-“Монсудар” хэвлэлийн газар уншигчдадаа дэлхий дахинд ямар ном илүү уншиж байна, тэр бүхнийг хүргэхийг хичээж ажилладаг. Энэ ч утгаараа дэлхий даяараа шимтэн уншиж, үзэж буй “Гал мөсний дуун” цувралыг бид албан ёсны эрхтэйгээр монголд орчуулахаар болсон. Анх “Асуулт Самбар” форум дээр Н.Энхнаран гэдэг орчуулагч /хүмүүс Croft нэрээр нь илүү сайн мэднэ/сонирхлоороо энэ зохиолыг орчуулж тавьдгийг мэдсэн юм. Уг форум дээр энэ номын маань фэнүүд цуглаж, түүний орчуулгыг тэсэн ядан хүлээдэг хүрээлэлтэй болчихсон байсан нь  сайхан санагдаж байлаа. Ингээд түүнтэй манай “Монсудар” хэвлэлийн газар холбогдож, албан ёсоор орчуулах санал тавьж, одоо хамтран ажиллаж байна.

-Та энэ номыг эрхлэн гаргагч, редактор. Анх зохиолтойгоо яаж танилцсан бэ?

-Анх киноных нь нэгдүгээр улирлыг үзчихсэн байсан.  Харин дараа нь их таалагдсан киноныхоо эх зохиолын редактор хийх завшаан олдсон доо.

-Кино, эх зохиол хоёрыг харьцуулбал ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Киноноосоо давсан зохиол. Би хувьдаа кино хэзээ ч эх зохиолоо гүйцдэггүй гэсэн бодолтой байдаг. Киногоо анх үзсэн ч номыг нь уншиж эхэлмэгц киногоо үл ойшоох сэтгэгдэл төрж эхэлсэн.

Хүний төсөөлөн бодох чадварын хажууд бидний бүтээж чадах эффект харьцангуй жижиг зүйл. Мэдээж хүний үзэл бодлыг үйл хөдөлгөөн, нүүрний хувирал зэргээр бага зэрэг илэрхийлж болох боловч уншиж төсөөлөхийн хажууд ямар ч амтгүй байдаг юм билээ.

Мөн кинон дээр эх зохиолын олон сонирхолтой дүр, сэдвийг орхигдуулсан нь харамсалтай.

Манай Монголд киноных нь фэнүүд их байдаг ч номыг нь уншиж байсан хүмүүс их биш санагддаг. Тиймээс номыг нь уншаад үзээрэй. Киноноосоо хэд дахин илүү зохиол гэдгийг баттай хэлж чадна.

-“Гал мөсний дуун” номыг уншсан хүмүүс цөөхөн байдаг гэлээ. Цувралууд монгол хэлээр хэвлэгдсэний дараа уншигчид нэмэгдсэн үү. Номын эрэлт ямар байгаа вэ?

-Аажмаар нэмэгдэж байсан гэж болно. Анх санасныг хүртэл хэмжээнд байгаагүй ч одоо харин нэмэгдэж эхэлж байгаа.

-Номын редакторын хувьд Жорж Мартин зохиолчийн бичлэгийн хэв маяг, онцлогийн талаар мэдээлэл өгөөч?

-Хэдийгээр зөгнөлт зохиол боловч уран зохиолын маш олон төрлийг багтаасан гэж болно.. Эмгэнэлт, нууцлаг, адал явдалт, хошин гээд уран зохиолын бүхий л төрөл жанрыг уг зохиолоос харж болно. Түүний хажуугаар дүрүүд нь маш бодитой, бидний дунд буй хүний үйл явдлыг хүүрнэж байгаа мэт санагддаг. Дүрүүдийн шийдвэр гаргалт, өшөө авалт, улс төрийн явуулга зэрэг нь амьдралтай их ойр.

Мөн нэг онцлох зүйл нь миний хувьд энэ номон дээр дайсны дүр гэж байхгүй.

Зөвхөн киног нь үзэгч, сонирхогчдын дунд Старкийн гэр бүлийг дэмжигч их, тэднийг сайн тал гэж харах нь түгээмэл.

Харин номыг нь уншсан хүмүүс эсрэг талын дүрүүдийг хүртэл нэлээн сайн ойлгож, яагаад ийм шийдвэр гаргаж байгаагийн цаад утга учрыг нь ойлгож, мэдэрч чаддаг гэж болно.

Жишээ нь, Серсей Ланнистер бол кино фэнүүдийн хувьд бараг номер нэг дайсан. Харин номон дээрээс түүний хэрцгий, хорон санаа гэмээр эдгээр үйлдлийн цаана зөвхөн хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийдэг гэдгийг дүрсэлж үзүүлдэг гэх мэтийг дурдаж болно.

"Бид дэлхийн уншигчид юу уншиж байна, тэр бүхнийг Монголын уншигчидтайгаа аль болох хурдан танилцуулахыг боддог"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Зөгнөлт зохиолууд маш олон бий. Гэвч “Гал мөсний дуун” цуврал онцгой амжилтад хүрсэн. Нууц нь юу гэж та боддог вэ?

-Уг цувралын амжилтын гол түлхүүр бол тааварлашгүй байдал. Дөнгөж эхний дэвтэр дээрээ л гол дүрийнхээ нэгийг үхүүлнэ гэдэг магадгүй Мартинаас л гарах шийдэл болов уу. Уншигчид маань аливаа номыг “За нэг ингэж төгсөнө биз дээ” гэж дотроо төсөөлөх явдал байдаг. Тэр нь ч мөн таарах тохиолдол их. Харин та уг номыг цаашид хэрхэн өрнөхийг төсөөлөх ямар ч боломжгүй. Мөн зөгнөлт зохиол сонирхогчид маань ном нь маш зузаан, уйдаахгүй, үйл явдал нь хурц, төсөөллөөс давсан байгаасай гэж хүсдэг. “Гал мөсний дуун” бол яг тийм шаардлагуудыг бүгдийг нь хангасан цорын ганц зохиол юм.

-Дундад зуунд энэ үйл явдал жинхэнээсээ болж байсан юм шиг үү?

-Яг тийм. Магадгүй энэ онцлог нь Мартины сайтар судалгаа болов уу. Жишээлбэл: үйл явдлын ерөнхий санаагаа Английн Сарнайн дайн гэх хаан ширээний төлөөх тэмцлээс авсан юм. Мөн уг цуврал дээр гардаг Дотраки буюу нүүдэлчдийг монголчуудаас санаа авсан, Валирианы ган бол Дамаскийн ган гэх мэтчилэн олон зүйлийг дурдаж болно.

-Орчин үед хүмүүст фэйсбүүкийн урт пост уншихаасаа ч залхуурдаг болсон. Гэхдээ ийм зузаан ном уншигдаад байна гэхээр их сонирхолтой гэдэг нь харагдаж байна?

-Би бол сонирхолтой номоо илүү зузаан байгаасай гэж боддог. Уншаад дундаа ороод ирэхээр энэ ном битгий дуусаасай гэсэн мэдрэмж төрж байсан. Уг нь үйл явдалдаа хөтлөгдөх нь редактор хүний хувьд буруу л даа. Гэхдээ хөтлөгдөхгүй байхын аргагүй байсан.

-Англи хэл дээр уншихад маш төвөгтэй, хэцүү зохиолыг та бүхэн орчуулахдаа ямар зарчим баримталж ажилласан бэ?

-Энэ маш хэцүү зохиол. Манайхан уран зохиол гэхээр уянгын халил, яруу үгс их ашиглах ёстой мэтээр төсөөлдөг. Гэтэл Жорж Мартин дундад зуунд хүмүүс ямар харьцаатай байсан, тэр бүхнийг шууд үнэн бодитоор хүргэхийг зорьсон мэт харагддаг.

Дээрэм тонуул, аллага хийж буй хүнээс ямар араншин гарах вэ, тэд ямар үг хэллэг хэрэглэж болох вэ? Тэр бүхнийг маш бодитой л авч үзсэн гэж болно. Тиймээс бид ч  ямар нэгэн зөөлрүүлэх арга хэрэглээгүй. Тиймээс монгол уншигчийн сэтгэлгээнд буулгаж, ойлгуулахад төвөгтэй.

Гэхдээ бид зохиолынхоо чиг шугам, уур амьсгалыг өөрчлөхгүй, байгаагаар нь буулгахыг зарчмаа болгож ажилласан.

-Танай редакц энэ чиглэлийн өөр ямар бүтээлүүд дээр ажиллаж байгаа вэ. Гаргахаар төлөвлөж буй номууд бий юу?

-Уншигчдадаа зориулсан нэг том сюрприз бий. Гэхдээ задлах цаг хараахан болоогүй байна.

“Гал мөсний дуун” цувралаас гадна зөгнөлт зохиол гэвэл “Хосолмол”, “Үнсэн хот”, “Ясан хот”, “Үхлийн зэвсэг” цуврал зохиолуудыг бүрэн хэмжээгээр нь орчуулан гаргасан байгаа.  

-Зөгнөлт цуврал зохиолуудыг Монголдоо танай редакц идэвхтэй орчуулан хэвлэж байгаа гэж ойлгодог. Энэ төрлийн зохиол уншигчид Монголд хэр их байдаг вэ?

-“Монсудар” хэвлэлийн газар үйл ажиллагаагаа эхлээд бараг 20 гаруй жил болж байна. Энэ төрлийн зохиолууд “Бүрэнхий” /Twilight/-гээс эхлэлтэй гэж болно. Цуврал, зөгнөлт зохиолууд өдгөө дэлхий дахинд хамгийн их борлуулагддаг уран зохиолын төрөл . Монголд ч мөн ялгаагүй.

Бид дэлхийн уншигчид юу уншиж байна, тэр бүхнийг Монголын уншигчидтайгаа аль болох хурдан танилцуулахыг боддог. Жишээ нь “Миллениум” цуврал буюу Луун шивээст охин номын IV боть 2016 оны намар дэлхий даяар нээлтээ хийхэд Монголд 2016 оны өвөл гэхэд хэвлэгдсэн юм. V дугаар ботийн хувьд мөн дэлхийн нээлттэй зэрэг хийхээр ажиллаж байгааг дуулгая.

-“Гал мөсний дуун” цувралын одоо орчуулагдаж байгаа дөрөвдүгээр боть хэзээ уншигчдын гарт хүрэх вэ?

-Дөрөвдүгээр боть буюу “Хэрээний найр” ном зургаадугаар сарын сүүлээр уншигчдын гарт хүрнэ.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

x