Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Щ.Сонинбаяр: Салхиа хүртэл санана шүү дээ

ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай сургалт явуулж буй Германы Зэвсэгт хүчний цэргийн багт нэгэн монгол залуу байсан нь ихэд содон байв. Түүнтэй хэдэн хором хөөрөлдсөн юм.

-Уншигчдад өөрийнхөө тухай мэдээлэл өгөхгүй юу. Мэдээж хамгийн сонин нь яагаад Германы Зэвсэгт хүчинд алба хаах болов гэдэгт байна?

-Ахлах түрүүч Щ.Сонинбаяр. Германы Зэвсэгт хүчний гурвын 393 дугаар ангийн танкийн салааны буудагч. Санаандгүй тохиолдлоор цэргийн хүн болчихсон. Дархан хотын “Союз 27” дунд сургуулийг дүүргээд 2014 онд Герман улсыг зорьсон.

Эмч, цагдаа ч юм уу, ер нь төрийн албан хаагч болох хүсэл мөрөөдөлтэй байсан, тэгээд судалж байгаад л тус улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч болохоор шийдэж, зохих шалгалтуудыг нь өгөөд алба хаах болсон доо.

- Цэргийн албаны тухай ойлголт хэр байсан бэ? Ахлах түрүүч гэхээр манайх шиг хугацаат цэргийн алба хаагч биз дээ?

-Цэргийн албаны талаар огт ойлголтгүй, манай гэр бүлд ч цэргийн хүн байдаггүй. Германы Зэвсэгт хүчин байлдагчаас эхлээд таван цолтой. Үүний дараа коллеж, их, дээд сургуульд элсэж офицер болох боломжтой. Миний хувьд ч офицер болох зорилготой.

- Цэргийн анхан шатны сургалт ямар байсан бэ?

-Төсөөлснөөс хэцүү, “чанга даваа” байсан. Шантрах үе ч олон байсан шүү. Ер нь аливаа сургалт бэлтгэл нь ачаалал ихтэй, маш чанартай явагддаг. Цаг барих тал дээр бол бараг л секундын зөрөөгүй шүү дээ.

- Монгол хүн болохоор чинь наашаа томилов уу?

-Үгүй ээ. Монголын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургалт явагддаг тухай мэдээлэл олчихоод хүсэлтээ гаргасан. Дашрамд хэлэхэд монгол цэргүүд маань идэвхтэй, сурах арга барил сайтай гээд давуу тал олонтой юм. Монголдоо монгол цэргүүдтэйгээ хамтарч ажиллаж байгаадаа урамтай, баяртай байна.

Ер нь дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа монголын энхийн сахиулагчдын талаар, сайхан зүйл сонсоод үнэхээр бахархдаг. Цэргийн хүн болоод ч тэр үү монгол цэргүүдийнхээ тухай мэдээллийг интернэтээс олж унших, бичлэг үзэх дуртай.

- Цэргийн алба хаадаг монгол хүн чамаас өөр байдаг уу?

-Хоёр залуу байдаг гэсэн. Уулзаж танилцах боломж олдоогүй л байна.

- Хэрвээ нууц биш бол цалин, хангамж ямар байдаг вэ?

-Байр хоол, бусад хангалтыг анги, байгууллага хариуцдаг. Гурван сая орчим төгрөгийн цалинтай. Миний хувьд казармд байрлаж байгаа. Германы хуулиар 25 нас хүрээгүй бол казармд байрлах ёстой.

- Эх орондоо ирэх мэдээж сайхан ...

-Онгоцноос буугаад монголчуудаа хараад догдлож баярласан. Тэнд казармд байрладаг болохоор монгол хүнтэй таарах боломжгүй. Улаанбаатар хотод маань барилга, байгууламж нэмэгдээд, хөл хөдөлгөөнтэй улам л гоё хот болчихсон байна.

- Нутгаа их санадаг уу?

-Саналгүй яахав. Байгалиа, хуушуур, буузаа гээд л бүх зүйл үгүйлэгдэнэ. Салхиа хүртэл санана шүү дээ.

- Герман улсын иргэн болчихсон уу?

-Аав маань герман хүн учраас германы иргэн болсон. Аав, ээж, дүү гурав маань одоогоор Дархан хотод ажиллаж амьдарч байгаа.

- Сонинбаяр маань тэгэхээр цаашдаа германд л амьдрах нь ээ дээ?

-Ойрын жилүүдэд бол зорилгодоо хүрэхийн тулд амьдарч, суралцахаас өөр аргагүй. Гэхдээ монголдоо байнга ирж очих нь ойлгомжтой. Монгол бүсгүйтэй гэр бүл болж сайхан амьдарна гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа.

 

Б.Батцэцэг