Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

М.Сэргэлэн: Монгол-Японы сансрын хамтарсан судалгаа, туршилтыг үргэлжлүүлэн хийнэ

О.Ундармаа
2017 оны 5 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

“Техник Технологийн Дээд сургууль” болон тус сургуулийн харьяа “Монгол Коосэн” сургуулийн Японы эрдэмтэдтэй хамтран хийж буй сонирхолтой туршилтыг уншигч та бүхэндээ толилуулахаар ТТДС-ийн ерөнхийлөгч М.Сэргэлэнтэй цөөн хором ярилцлаа.

-Чибагийн Теxнологийн Дээд сургуультай хамтран хийж байгаа судалгааны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Тун сонирхолтой судалгаа хийгдэж байгаа гэх юм?

-Амьдрал хаана үүссэн бэ. Дэлхий дээр үүсэв үү, эсвэл сансар огторгуйгаас хийсэн ирэв үү гэдэг нь нэн сонирхолтой асуулт. Дэлхийн олон эрдэмтэн судлаачид энэ талаар судалж байгаагийн дотор Японы эрдэмтэн, Чибагийн Технологийн Дээд сургуулийн ТУЗ-ийн дэд дарга Мацүи Такафүми профессор судлаж байгаа юм.

Мацүи профессор Чибагийн Теxнологийн Дээд сургууль дээрээ Гараг ертөнцийг судлах судалгааны төв байгуулан (PERC), тэрхүү төвөөрөө дамжуулан манай Теxник Теxнологийн Дээд сургуультай хамтран агаарын бөмбөлөг хөөргөж, агаар мандал даxь тоосонцрыг тусгай мэдрэгч багажаар хэмжих туршилт, судалгааны ажлыг 2016 онд эхлүүлсэн.

Дэлхийн агаар мандлаас 40 км-ийн өндөрт агаарын бөмбөлөг ашиглан тоосонцор цуглуулах төхөөрөмжийг гаргах, цуглуулсан тоосонцор дотор магадгүй ямар нэгэн амьд биет, бактери, микроб байх аваас үүний гарал үүслийг судлах зорилготой юм. Хэрвээ тэрхүү амьд биет нь дэлхийн гаралтай биш байна гэдэг нь нотлогдож чадвал Коперникийн нээлттэй эн тэнцэхүйц нээлт болно гэж судалгааны хамтарсан баг үзэж байгаа.

-Хамтарсан судалгааг яагаад Монголд хийх болсон бэ?

-Энэхүү туршилтыг Монголд хийж байгаа нь манай орны өргөн уудам газар нутагтай холбоотой гэж хэлж болно. Учир нь Японд агаарын бөмбөлөг хөөргөсөн төхөөрөмжөө буулгахдаа заавал далайн мандалд буулгах хуультай байдаг юм байна. Агаарын бөмбөлөг хөөргөсөн цэгээсээ 60-70 км-ийн радиуст бууж ирдэг тул манай улс шиг өргөн уудам газар энэ талын туршилтыг явуулахад таатай гэж хэлж болно. Орон орны эрдэмтэн мэргэд өөрийн онцлог, өвөрмөц талаа уялдуулж чадваас шинжлэх ухааны нээлт ололт хийхэд дөхөм байх боломжтой юм байна гэж бодогдож байгаа.

-Эхний туршилт хэзээ, хаана хийгдсэн бэ?

-Агаарын бөмбөлөг хөөргөх эхний туршилтыг 2016 оны зургаадугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ойролцоох газар хийсэн. Төхөөрөмжийг 40 км өндөрт гаргаж чадсан. Агаарын бөмбөлөг стратосферын давхаргад гарахад агаарын даралт бага байх тул томорч тэлнэ. Газар дээрээс хөөргөх үед агаарын бөмбөлгийн диаметр 2 м гаруй байх боловч 30-40 км- ийн өндөрт гарах үед дотроосоо гелий шахсан бөмбөлөг гаднаа агаарын даралт багасах тул тэлж томрон, хана нь нимгэрсээр 20 м гаруй диаметртэй болоод хагардаг байгаа юм.

Бөмбөлөг хагармагц шүхэр дэлгэгдэж, төхөөрөмж аажмаар буух бөгөөд замдаа сансрын тоосонцор цуглуулж ирнэ гэж тооцсон. Эхний туршилтын үеэр хөгтэй зүйл хэд хэд гарсан шүү. Агаарын бөмбөлөгтэй төхөөрөмж маань 40 км-ийн өндөрт амжилттай гарч чадсан боловч төхөөрөмж газардсаны дараа хайх машин шаварт суугаад цаг нэлээн алдсан. Нэлээдгүй мунгинасны эцэст газардсан цэг дээр яваад очтол ойролцоо айлын 10 настай хүүхэд төхөөрөмжийг олоод хамаг зүйлийг нь задалчихсан, битүүмжийг нь алдагдуулчихсан байсан.

Зургийн аппаратыг нь авчхаад өгөхгүй гэж гүрийгээд, нэлээд дипломат хэлцэл хийсний үр дүнд буцааж авч байлаа. Шүхэр нь тод ягаан өнгөтэй тул алсаас их тод харагддаг. Нөгөө хүүхэд дээрээс бууж ирэх үеэс нь л хараад байсан, хүн амьтан ирэхгүй болохоор нь тэсгэлгүй очоод задалж үзсэн байгаа юм. Монгол хүүхэд бол их сониуч, элдэв техник задлах авьяастай гэдэг нь харагдаад байгаа юм.

-Мэдээж анхны зүйлд алдаа мадаг гаралгүй яах вэ. Дараа дараагийн туршилтад мэдээж туршлагажсан байх?

-Тэгсэн. Үүний дараа өнгөрөгч оны есдүгээр сарын 19-20-ны өдөр хоёр удаа Тэрэлжийн “Цэвэгмаа” амралтын газраас 23, 33 км өндөрт агаарын бөмбөлөг тус тус хөөргөж урьдчилан тооцоолсон цэг орчимд амжилттай буулгасан. Хоёр дахь өдрийн туршилтыг Японы телевизийн захиалгаар хөөргөсөн юм. Агаарын бөмбөлөгт шар айраг, загас, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүн дайж явуулаад буугаад ирэхэд амт нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг сонирхолтой туршилт хийсэн. Энэ тухай Японы телевизээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Токоро санно мэгатэн” гэдэг нэвтрүүлгээр гарсныг манай монголын үзэгчид олж үзсэн байх.

Туршилтыг Японы Чибагийн Технологийн Дээд сургуулийн Гараг ертөнцийг судлах судалгааны төв (PERC), Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) ТББ, Вакаяма их сургууль, Яманаши Их сургууль, Монголын Техник Технологийн Дээд сургууль, Монгол Коосэн Технологийн коллеж, ШУТИС, ШУТИС-ийн Коосэн загварын Технологийн Дээд сургуулийн багш, оюутнууд хамтран явуулсан.

Сансрын тоосонцор цуглуулах төхөөрөмжөөс гадна маш олон төрлийн зургийн камер, агаарын дулаан, даралт хэмжих сенсор, GPS болон холбооны төхөөрөмжийн найдвартай ажиллагааг шалгах туршилт мөн давхар явагддаг. Зорчигч тээврийн онгоц 10-11 км-ийн өндөрт нисдэг, түүнээс дөрөв дахин өндөрт гаргахад төхөөрөмж эвдрэх, буруу ажиллах зэргээр бага сага алдаа бас гардаг.

Алдаан дээрээ дүгнэлт хийгээд дараагийн удаа яах вэ, ямар арга хэмжээ авах вэ зэргээр бодож тунгаах нь танхимын хичээлээс илүү оюутанд илүү өгөөжтэй, бодит мэдлэгтэй болох ач тустай юм. Мөн манай оюутнууд энэхүү туршилтаар дамжуулан мэдлэгийн хүрээгээ тэлээд авах боломжтой юм. 11 км-ийн өндөрт агаарын температур Цельсийн -50 градус байдаг бол 40 км-т Цельсийн +7 градус байдгийг энэ туршилтын үеэр бодитоор хэмжээд ирэх жишээтэй. 

-ИСПА (ISPA) байгууллагын тэтгэлгийн талаар тодруулвал? 

-Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) төрийн бус байгууллагаас жил бүр олгохоор шийдвэрлэсэн “ИСПА тэтгэлэг” хөтөлбөрт ТТДС- ийн харьяа “Монгол Коосэн” сургуулийн таван оюутан шалгарсан байгаа. Тодруулбал, Цахилгааны инженерийн хоёрдугаар курсийн оюутан Э.Бат-Эрдэнэ, Барилгын инженерийн хоёрдугаар курсийн оюутан Б. Ариунсайхан, Био инженерийн хоёрдугаар курсийн оюутан А.Жаргалмаа, Барилгын инженерийн хоёрдугаар курсийн оюутан Б.Мөнхчимэг, Механикийн инженерийн гуравдугаар курсийн оюутан Н.Мөнгөн-Очир нар тус тус шалгарлаа.

Шалгарсан таван оюутанд 100.000 иен буюу 2.2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгохоор болсон. Цаашид “ИСПА” энэ тэтгэлгээ жил бүр олгож, ирээдүйд амжилт гарган, Монголынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаасай хэмээн урам өгч, оюутны сурч мэдэх, судлаж туршихыг нь хөхүүлэн дэмжих зорилготой юм. 

-Агаарын бөмбөлөг хөөргөх судалгааны дараагийн туршилтын хэзээ явагдах бол?

-Ирэх зургаадугаар сард дараагийн туршилтаа хийхээр одоогоос бэлтгэж байна. Агаарын бөмбөлөг ашиглан олон төрлийн судалгаа хийх боломжтой байдаг. Сансар огторгуйн судалгааг ч мөн адил агаарын бөмбөлгөөр хийх нь пуужин, хиймэл дагуул хөөргөхөөс үнэ өртөг багатай, оюутан сурагчид ч хийх боломжтой байдгаараа давуу талтай. Монгол хүний сэтгэлгээ, ур ухааныг дэвшилтэт технологитой уялдуулан, техникийн дэвшил, технологийн өндөр хөгжилтэй орны туршлагаас суралцах чадвартай монгол сэтгэлгээтэй, бүтээгч инженер бэлтгэх нь бидний эн тэргүүний зорилт билээ.

...Тус сургуулийн Ерөнхийлөгчтэй бид ярилцсаны дараа Мацүи профессорын үүсгэн байгуулсан ИСПА (ISPA) төрийн бус байгууллагаас жил бүр олгохоор шийдвэрлэсэн “ИСПА тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан Био инженерийн хоёрдугаар курсийн оюутан А.Жаргалмаагийн сэтгэгдлийг сонслоо.

Био инженерийн 2-р курсийн оюутан А.Жаргалмаа 

-Энэ хичээлийн жилд Сансар судлалын ISPA байгууллагаас тэтгэлэг хүртсэн. Энэхүү тэтгэлгийн эхний шалгуур хүүхдүүдийн сурлага мэдлэг, амжилт, идэвх зэргийг харгалзан үзэж 12 хүүхдийг сонгон дараагийн шатны ярилцлагад оруулсан юм. Ярилцлагаас таван хүүхдийг шалгаруулж тэтгэлэг гардуулсны нэг нь би байсан юм.

Миний хувьд “Монгол Коосэн” сургуульд орж ирсэн цагаас хичээл сурлагадаа шамдах болж бүтээх ухааны олон талын чадварт суралцаж түүгээрээ ч бишгүй амжилт гаргасныхаа дунд энэхүү тэтгэлэгт хамрагдсан гэж бодож байна. Мөн тодорхойлсон зорилго, цаашдын зорилт мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн том урам итгэлийг энэ тэтгэлэг надад өгсөн.

 

Зураг