Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Түвшинбаяр: “Улаанбаатар марафон”-д 18 орны 33 мянга гаруй иргэн бүртгүүлээд байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт, автомашингүй өдөр энэ сарын 20-нд буюу Бямба гарагт болно. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа тус арга хэмжээний талаар нийслэлийн харьяа байгууллагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Марафонд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж 18 орны 30 мянга гаруй хүн энэ жил оролцохоор бүртгүүлсэн нь эхний жилийнхээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Одоо бүртгүүлсэн оролцогчдыг баталгаажуулах ажил явагдаж байгаа ажээ. 

"Тавдугаар сарын 20-ны өглөө 08:30 цагт Сүхбаатарын талбай дээр хоцрохгүй ирнэ үү"
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Нийслэлийн Биеийн Тамир Спортын Хорооны мэргэжилтэн Б.ТүвшинбаярУлаанбаатар марафон 2017-д онлайнаар 33 мянга гаруй иргэн бүртгүүлжээ. Баталгаажуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд бүртгэл хаагдсан. Бүртгэлээ баталгаажуулаагүй иргэд дүүрэг болон нийслэлийн Биеийн тамир спортын хороон дээрээ очоорой.

Энэ удаагийн марафон автомашингүй өдөртэй цуг болж байна. Автомашинаас татгалзаж, хөдөлгөөний хомсдлоос сэргийлснээр өөрийнхөө эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт юм.

Улаанбаатар марафонд 5, 10, 21, 42 км болон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт буюу 1.5 км гэсэн зайнд оролцож болно. Бүртгэлээс гадна урт зайнд буюу 10,21,42 км-т гүйж байгаа иргэдэд чип өгнө. Чипээ хаяж гэмтээхгүй байх хэрэгтэй. Нийт оролцогчид 08:30 цагт талбай дээр ирсэн байна. Хоцорч болохгүй гэдгийг сануулах нь зүйтэй” гэв.

"Марафон гүйлтэнд оролцох хүмүүс  эрүүл мэнд, хувцас хунараа бүрэн бэлтгэсэн байх шаардлагатай"
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын албаны дарга С.Дулмаа 1992 оноос хойш дэлхий нийтээрээ, ялангуяа Европод автомашингүй өдрийг тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсад долоо дахь удаагаа автомашингүй өдрийг зохион байгуулж байна. Харин олон улсын марафон гүйлт дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ жилийн уриа бол “Ухаалаг зорчилт, цэвэр агаар" юм. Учир нь энэ өдөр хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад төрлийн унааг илүү их сонгохыг уриалж байгаа юм. Энэ нь эргээд автомашинаас ялгарах хорт хий, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой.

Марафон гүйлтэнд оролцох хүмүүс  эрүүл мэнд, хувцас хунараа бүрэн бэлтгэсэн байх шаардлагатай. Гүйж байгаа хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орсон байх хэрэгтэй. 30 мянган хүнийг бид нэг өдөр үзэж амжихгүй учраас өрхийн эрүүл мэндийн төвүүддээ очиж үзүүлж болно. Эрүүл мэнддээ эргэлзэж байгаа бол тавдугаар сарын 20-ны өглөө 08:00 цагт ирээд эмчийн үзлэгт орж болно. Ийм хүмүүс заавал үзлэгт орж, зөвлөгөө авсны үндсэн дээр гүйх шаардлагатай” гэв.

"Захууд амарч, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно"
 
Гэрэл зургийг mpa.mn

Замын Цагдаагийн Газрын хэлтсийн дарга Э.Бөхбат “Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогчид тухайн өдөр хязгаарлалтыг зөрчих, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй байх асуудал үүсгэдэг. Тиймээс иргэд үүн дээр анхаарах хэрэгтэй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах томоохон худалдааны төвүүд бүгд амарна. Тиймээс захуудыг зорих хөдөлгөөн байхгүй.

Хязгаарлалттай холбоотой нийтийн тээврийн хэрэгсэл өөрчлөгдсөн маршрутаар явна. ЭНЭ ТАЛААР ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Ер нь дэлхий нийтээрээ автомашинаас татгалзаж, эрүүл, эко амьдралын хэв маягийг эрхэмлэж байгаа энэ үед Улаанбаатар марафон, автомашингүй өдөр бол дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа юм” гэв.

Марафонтой холбоотой заасан бүсэд өглөө 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлана. Нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгсэл чиглэл замналд өөрчлөлт орох юм. Автомашингүй өдөр хязгаарлалтын бус бүсүүдэд ачаалал үүсдэг учраас 19 худалдааны төв, захуудыг амрахаар болсон. Тиймээс иргэд ажлаа зохицуулж, хязгаарлалтын гадна бүсүүдэд ачаалал үүсгэхгүй байж өдөрлөгтөө оролцохыг уриалж байна.