Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Манай бүдэрсэн баатар

МОНСУДАР
2017 оны 5 сарын 17
Монсудар
Зураг зураг

Жил бүр 9 өөр орны 9 өөр зохиол бүтээлээр үргэлжлэх Монсудар Утга зохиол цувралын 2017 оны эхний бүтээл уншигчдын гар дээр очлоо.

Монсудар Утга зохиол цувралын 2016 оны 9 номтой танилцах бол дараах линкээр хандана уу: Утга зохиолын шинэ цуврал

Энэ жилийн хамгийн эхний зохиолоор Солонгосын зохиолч И Мүн Ёлын “Манай бүдэрсэн баатар” сонгогдсон бөгөөд зохиолчийн тухай товч өгүүлэхэд тэрээр Өмнөд Солонгосын орчин үеийн уран зохиолын хамгийн алдартай, олон уншигчтай зохиолчдын нэг ажээ. 

Түүний амьдрал эхнээсээ л хүнд хүчир байсан агаад бага балчир ахуйд нь Солонгосын дайн (1950–1953) дэгдэж, улмаар гэр бүл нь хагацсан байна. Түүний хүүхэд нас Пусан хотод өнгөрсөн бөгөөд тэрээр ах дүү нараараа хоноглож, ядуу зүдүү амьдралыг туулсан юм. Тиймээс энэ бүхний дараа, нэлээн хожуу боловсрол эзэмшсэн билээ. Их сургуулийн солонгос хэлний ангид сурч байсан ч төрийн албан хаагчийн шалгалтад бэлдэхийн тулд сургуулиа орхив.

Гэвч тэр төрийн албаны шалгалтдаа удаа дараа унажээ. Ингээд гурван жил цэргийн алба хааж ирээд их дээд сургуульд бэлтгэх сургалтын төвд хэсэг хугацаанд багшаар ажилласныхаа дараа буюу 1978–1980 он хүртэл өдөр тутмын нэгэн сонинд сурвалжлагчаар ажиллаж, энэ үеэс зохиол бичиж эхэлсэн аж. 
Энэ нь түүний амьдралд томоохон эргэлт болж, амжилт дагуулав. Тэрбээр 1979 онд Хүний хүү романаараа утга зохиолын шагнал хүртсэнээр зохиол бүтээлийнх нь оргил үе эхэлжээ. Үүнээс хойш Мүн Ёл Солонгосын хойгийн хуваагдал, үйлдвэржилт, хэрэглээний нийгэм, улс төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг өргөн сэдвээр олон өгүүллэг, тууж, роман бичиж, олон улсад үнэлэгдсэн зохиолч болжээ.

Манай бүдэрсэн баатар хэмээх энэхүү тууж нь хэмжээний хувьд бага ч И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог. Зохиолын үйл явдал хөдөөний нэгэн сургуульд өрнөх ба “Би” буюу хүүрнэгч Хан Бён Тэгийн эцэг тушаал буурсны улмаас гэр бүлээрээ Сөүлээс жижиг хот руу нүүж, тус сургуульд шилжиж ирнэ. 
Хан Бён Тэ тохилог байр, сайн багш нар болон сурагчдаа ардчилсан улсын чадварлаг иргэн болгож хүмүүжүүлэх зорилготой, нийслэл хот Сөүлийн сайн сургуульд дассан нэгэн.

Гэтэл шилжиж очсон сургуульд нь бүх зүйл яг үүний эсрэг байлаа. Сургуулийн байшин барилга нь нурах дөхсөн, ангийн багш нь цамцан дээрээ будааны архины толботой, үс зүсээ тордсон эсэх нь ч тодорхойгүй нэгэн агаад удирдсан ангиа Ом Сог Дэ хэмээх сурагчид тэр чигээр нь найдаж орхижээ. 

Тэрхүү Ом Сог Дэ бусад сурагчаас хэдэн насаар ах боловч бичиг баримт дээр нь төрсөн он, сарыг нь буруу тэмдэглэсний улмаас тэдний ангид суралцаж буй аж. Том биетэй учир бусдыгаа дээрэлхэж, дарангуйлдаг бөгөөд түүнийг эсэргүүцэх хүн үгүй. Харин Хан Бён Тэ л эсэргүүцэлгүйгээр бууж өгөхийг хүссэнгүй. 

Сөүлд тэр ангийн шилдэг сурагчдын нэг байв. Харин эцэг нь төрийн өндөр алба хашдаг байсан боловч тушаал буурч хөдөөний нэгэн жижиг хот руу шилждэг. Гэсэн ч тэднийх энэ нутагтаа л дээгүүр зиндааны айлд тооцогдоно. Тиймээс Хан Бён Тэ өөртөө итгэлтэй байсан бөгөөд багаасаа сурч хүмүүжсэн “Оюун ухаан ба Эрх чөлөө”–ний зарчмаа шинэ сургуульд ч баримтлах учиртай гэж үзнэ. Гэвч Хан Бён Тэгийн эсэргүүцэл бүтэлгүйтнэ. Учир нь ангийнхаа багш болон сурагчдыг Ом Сог Дэгийн талд тэгтлээ зогсоно гэж, түүнээс айсандаа, түүний талд орно гэж тэр тооцоолоогүй байжээ. 

Ом Сог Дэгийн тогтоосон ноёрхлыг Хан Бён Тэ ганхуулж чадсангүй, харин ч бослого дэгдээснийхээ шанг хүртэнэ. Тэр гадуурхагдан доромжлол амссанаас гадна, хэн ч түүнтэй ойртон нөхөрлөхийг хүссэнгүй. Эцэст нь Хан Бён Тэ ч бууж өгнө. Гэвч удалгүй ангийн багш нь солигдож, санаанд оромгүй байдлаар ангид тогтсон Ом Сог Дэгийн ноёрхол ганхаж эхлэх нь тэр. 

Зохиолын үйл явдлыг өгүүлэхээ үүгээр азнаад тосгоны сургуулийн нэг ангийнхны тухай өгүүлсэн уг зохиол яагаад дэлхий дахинд зохиолчоо алдаршуулсан талаар товч танилцуулъя.

Манай бүдэрсэн баатар зохиолд Өмнөд Солонгосын сургуулийн нэгэн анги дахь эрх мэдлийн харилцааг өгүүлэхдээ далд агуулагдах ёгтлол (аллегор)-ыг гарамгай ашигласан ажээ.

XX зууны өрнийн уран зохиолын хамгийн алдартай ёгтлол бол магадгүй Жорж Оруэллийн 1945 онд бичсэн Амьтны ферм зохиол биз ээ. Уг зохиолын үйл явдлын цаана өөр нэг түүхийг тухайлбал, Оросын 1917 оны ардын хувьсгал эцэстээ Сталины диктатур болсон түүхийг өгүүлдэг. Утга зохиолын олон шүүмжлэгч, тайлбарлагч И Мүн Ёлийн Манай бүдэрсэн баатрыг Жорж Оруэллийн Амьтны фермтэй зүйрлэдэг.

Гэвч энэ зохиол ганцхан Солонгосын нийгмийг харуулсан гэж үү? 

Энэ туужийн хүч нь И Мүн Ёл ямар их сэтгэлийн мэдрэмж, нарийн ажиглалтын үндсэн дээр дүрүүдээ бүтээсэнд оршино. Хан Бён Тэ ч, Ом Сог Дэ ч хүний нийтлэг шинж чанарыг харуулах эсрэг тэсрэг, цогц дүр билээ. Түүнчлэн энэ тууж нэг цаг үе, нэг улс оронд л хамаарах үйл явдлыг бус, харин дэлхийн аль ч өнцөг буланд өрнөж болох ерөнхий дүр зургийг харуулсан бүтээл болжээ.

Хүч чадалтай нэгэн нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хэрхэн харилцдаг вэ? Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ? Ийм асуултын хариуг эрэлхийлж буй хүнд, Өмнөд Солонгос ч бай, Монгол ч бай, дэлхийн өөр хаана ч амьдардаг байсан, И Мүн Ёлоос сурах зүйл их бий.

 

Уг номыг онлайнаар худалдан авах линк: www.internom.mn/ном/манай-бүдэрсэн-баатар