Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: С.Ганбаатар хэзээ, аль намаас гараад МАХН-д орсон нь мэдэгдэхгүй байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"МАХН-ыг үнэний талд байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа"

Тэрбээр "Өчигдөр миний гаргасан фэйсбүүк лайв болон МАХН-аас нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаар байр сууриа хэлснээс хамааран О.Баасанхүү намаасаа гарах гэж байна гэдэг асуудал гарсан.

Тэр бичлэгийг эргүүлээд харах юм бол “Намайг намаасаа гарахад битгий хүргээсэй. Ийм байдалд хүргэж байна шүү” гэж хэлсэн байгаа. Би намаасаа гарах, гарахгүй байхаас үл хамааран нэр дэвших эрх МАХН-д хадгалагдаж байгаа.

МАХН-аас сонгогдсон гишүүний хувьд МАХН-ыг зөв, шударга, үнэний талд байх ёстой гэдэг байр суурийг хатуу баримталж байгаа. Өглөө манай намаас нэр дэвшиж байгаа С.Ганбаатартай би ярьсан.

Би энэ намаас сонгогдсон гишүүний хувьд хоёр нэр дэвшигчийг хэлж байсан. Нэгдүгээрт, Гадаад хэргийн сайд байсан Ц.Эрдэнэчулуун. Хятадууд Монголчуудыг өөртөө уусгах бодлого баримталж байгаа гэсэн нийгмийн айдастай энэ үед бид геополитикоор мэргэшсэн, маш өндөр боловсролтой хүнийг тавих ёстой.

Мөн нэр дэвшигч зөвхөн гадаад бодлогын талын бус бусад олон талын мэдлэгтэй байх ёстой.

Хоёрдугаарт, С.Нарангэрэл багшийг Монголын ард түмэн бүгд хайрлаж хүндэлдэг. Энэ хүн нэрээ дэвшүүлэх асуудал тавьж, өргөдлөө өгсөн. Ардчилсан оронд заалнаас ч нэр дэвшиж болно.

Н.Энхбаяр дарга надад хэлж байсан. Сонгуульд оролцох бол 10 тэрбумыг намд өгөх, мөн сонгуульд оролцох 3.5 тэрбумын баталгаа бичгээ өгөх ёстой гэдэг асуудал тавьсан.

Мэдээж сонгуульд ороход мөнгө хэрэгтэй. Гэхдээ улаан цайм нам дээр мөнгө төгрөг авчирч өгнө гэдэг утгагүй. Энэ асуудлаар хэд хэдэн хүн нэр дэвшихээс татгалзсан. 

"С.Ганбаатарыг аль нэг намаас гарсан, орсныг хэн ч мэдэхгүй"

Харин С.Ганбаатарын хувьд намд өгөх мөнгийг хаанаас гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь МАХН-ыг аль болох зөв шударга байлгах зарчимтай минь зөрчилдсөн. Тиймээс С.Ганбаатар нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа.

Энэ хүн аль нэг намаасаа гарсан талаар батламжийг МАХН-ын бага чуулган дээр ч гаргаж ирээгүй. Гарсан, орсныг нь хэн ч мэдэхгүй. Тодорхойлсон, баталгаажуулсан бичиг баримт байх ёстой биз дээ.

Иймэрхүү зүйлүүдээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэдэг дээр санаа зовж байгаа.

Хамгийн гол нь бид зарчмаа барих ёстой. Мөнгөгүй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол бид С.Нарангэрэл гуайг, Ц.Эрдэнэчулуун гуайг ирүүлэх ёстой. Хэрэв мөнгөтэй хүн нэр дэвшүүлж байгаа юм бол мөнгийг нь ил тод гаргах ёстой.

Мөн хэвлэлээр, нийгмийн сүлжээгээр мөн намайг гүтгэж байгаа. Ямар нэг улс төрч тухайлбал, Х.Баттулга, М.Энхболд надад мөнгө өгсөн тухай баримтыг олж ирэх юм бол тэр мөнгийг нь 10 дахин үржүүлээд, тухайн хүнд нь өгье.

Дээрээс нь УИХ-ын гишүүнээсээ больё. Хууль хяналтын байгууллагад нь өөрийн биеэр очъё. Би үүнийг хариуцлагатай хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.