Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхийг шийтгэнэ гэдэг нь буруу мэдээлэл юм"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг мэдээлэл сүүлийн үед газар аваад буй. Тэгвэл энэ талаарх үнэн зөв мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/669434426575462/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эхийн сүүг орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийн өөр хаана ч байхгүй. Тиймээс бид нялх балчир хүүхдийн хоол хүнсийг дэмжиж ажиллах гэсэн юм. Өнөөдрийн байдлаар эхийн сүүгээр хооллодог хүүхдүүд 47 хувьтай байна. 

Эхийн сүүн дотор хүүхдэд шим тэжээл өгдөг маш олон бодис витаминууд байдаг. Тийм учраас бид хуулийн хүрээнд шийдэж өгөхийг хүссэн юм.

Хэрэв хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж байгаа хүүхдийн амь насыг аварч олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

Эхийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй хүүхдүүд нэмэлт тэжээл хэрэглэнэ.

0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн мэдээлэл их явж байна. Энэ нь буруу ташаа мэдээлэл юм. 

Энэ хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон бөгөөд үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай юм” гэв.

Сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой

Мөн эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална гэсэн мэдээлэл гарч байсан юм. Энэ нь ч мөн буруу ташаа мэдээлэл аж.

Хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэх юм байна.

Сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой юм хэмээн тайлбарлалаа.

Тус хуульд хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэнээр транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд зэргийг ашиглахыг хориглож өгчээ.

Сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замыг эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг нотолжээ. Манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 улс орноос хоёрдугаарт бичигдэж байгаа аж.