Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудад нууц баримт дамжуулснаа Трамп хамгаалав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп, Сергей Лавров, элчин сайд Сергей Кисляк нар

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа тагнуулын маш нууц баримтыг Оросын талд дамжуулсан хэмээн Вашингтон Пост сонин Даваа гарагт мэдээлсэн юм.

Тэгвэл өчигдөр Трамп уг дуулиантай холбоотой тайлбарыг твиттер хуудсандаа бичжээ. Трамп “Ерөнхийлөгчийн хувиар би бүрэн эрхийнхээ хүрээнд Цагаан ордны төлөвлөгөөнд тусгагдсан уулзалтын үеэр терроризм, нислэгийн аюулгүй байдалтай холбоотой баримтуудыг Оросын талтай хуваалцсан. Энэ бол хүмүүнлэгийн шалтгаантайгаас гадна Исламын улс бүлэглэл, терроризмийн эсрэг тэмцэлд Оросын оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан” гэж бичсэн байна.

Үүнээс гадна Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер өчигдөр тайлбарлахдаа Вашингтон Пост сонинд гарсан мэдээллийг алдаатай гээд террористуудын аюулын талаар мэдээлэл солилцох нь асуудал биш, ерөнхийлөгч баримтынхаа эх сурвалжийн талаар огт яриагүй гэжээ.

Харин Мягмар гарагийн Нью Йорк Таймсын дугаарт Оростой хуваалцсан тагнуулын мэдээг АНУ-д Израйлиас өгсөн болохыг нэрээ нууцалсан албаных эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.

Дональд Трампыг Кремльтэй холбоотой гэх дуулиан өнгөрсөн оны сонгуулийн сурталчилгааны үеэс яригдаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Холбооны Мөрдөх Товчооны захирал Жэймс Комиг Трамп ажлаас нь халсан явдлыг түүний Оростой үүсгэсэн хэлхээ холбоог шалгах гэснээс болсон гэж ажиглагчид үзэж байгаа.

Дээрх шийдвэр нь үнэхээр Оросын асуудлаас үүдэлтэй нь батлагдвал Дональд Трампыг ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулах (импичмент) асуудлыг сөхөж болзошгүй болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today