Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дисней компанийн дэлгэцэнд гараагүй байгаа киног хакерууд барьцаалж, мөнгө нэхжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед уран бүтээлүүд нь ашиг орлого сайтай байгаа Уолт Дисней компани хакеруудын анхаарлыг татсан бололтой. Өчигдөр буюу Даваа гарагт Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер ажилтнууддаа мэдээлэхдээ тус компани дэлгэцэнд гараагүй байгаа шинэ киногоо хакеруудад алдсан ба барьцаалагчид их хэмжээний мөнгө нэхэж байгаа гэжээ.

Мөнгөө дижитал валют биткоиноор төлөхийг шаардсан гэнэ. Ямар уран бүтээлээ алдсан, хэр хэмжээний мөнгө нэхсэн болохыг тэр дэлгээгүй байна. Хэрвээ мөнгийг хугацаанд нь төлөхгүй бол киног онлайн орчинд тараахаа хакерууд амлажээ.

Харин Дисней компани гэмт этгээдүүдэд мөнгө төлөхгүйгээр хууль сахиулагчидтай хамтран ажиллахаар шийдсэн байна. Тэд одоо хакерууд киног нь тараахыг хүлээж байгаа гэнэ.

Өнгөрсөн сарын сүүлээр Нетфликс компани нэхсэн мөнгийг нь төлөөгүй тул “Orange is the New Black” цувралынхаа 10 шинэ ангийг онлайн сүлжээнд тараалгуулсан юм. Тухайн үед хакер нь Нетфликст хандаж “Ингэж ажилладаггүй юм, Нетфликс! Энэ бүхнийхээ төлөө та нар бидний санал болгосноос хамаагүй ихийг алдах болно” гэж анхааруулж байжээ.

Дисней компанийн алдсан киног энэ сарын 26-нд дэлгэцэнд гарах Карибын тэнгисийн дээрэмчид киноны үргэлжлэл болох “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales” байж магадгүй гэсэн мэдээлэл тарсан байна.

Тус компанийн гуравдугаар сарын дундуур гаргасан “Beauty and the Beast” киноны орлого $1.2 тэрбумыг даваад байгаа юм.

 

Эх сурвалж: Hollywood reporter