Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

МГТИС-ийн баг “Цэвэр агаартай гэр хороолол” төслийн туршилт хийж байна

ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN

Монгол улсад тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг бол Улаанбаатар болон томоохон хот суурин дахь агаарын бохирдол юм. Үүний гол шалтгаан нь машин техникээс ялгарсан бохирдолтой хийнээс гадна гэр хорооллын айл өрхийн өдөр тутмын хэрэглээнээс үүдэлтэй. Судалгаанаас үзвэл, Улаанбаатарын айл өрхийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг ба нэг өрх дунджаар жилд 5 тонн нүүрс, 3 куб метр мод хэрэглэдэг гэсэн тооцоо судалгаа гарсан байна.

Нэг баримтыг дурьдахад, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тогтоосноор дэлхийд агаарын бохирдол ихтэй хотуудын эхний 2-т Улаанбаатар ордог байна. Тэгвэл энэ асуудлыг тодорхой хэмжээнд бууруулахад ямар арга технологи байгаа талаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, оюутнуудаас бүрдсэн төслийн баг зуухнаас гарч буй утааг хоргүйжүүлэх туршилт хийсэн байна.


Өнгөрсөн хугацаанд энэхүү асуудлыг шийдвэрлэх олон саналыг дэвшүүлж байсан. Тухайлбал, утаагүй зуух, шүүлтүүртэй тусгаарлагч зэрэг янз бүрийн арга нэвтрүүлэх гэж оролдсон ч тэр нь амжилтгүй болсон.

Мөн энэ технологи нь засвар үйлчилгээ их шаардагддаг бөгөөд гарч байгаа утааны хурд удааширч зуухны амаар утаа баагиж улмаар эрүүл мэндэд сөрөг үр нөлөө үзүүлдэг.

 

Тэгэхээр гэр хороололд тохиромжтой, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, технологийн хувьд энгийн, засвар үйлчилгээ нь хялбар, хямд үнэтэй арга нь агаарын бохирдлыг бууруулахад хамгийн найдвартай гарц болох юм.

Төслийн багийнханаас техникийн шийдлийн талаар тодруулахад:

Боломжит техникийн шийдэл нь цахилгаан статик үндсэн дээр ажилладаг утаа  шүүгч юм. Энэ технологийг Европд хэдийнээ үйлдвэр болон ахуйн хүрээнд ашиглаж ирсэн бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдэг нь батлагджээ. Энэ аргыг зөв ашиглавал утаа буцаж зуухны амаар гарах асуудал байхгүй.

Утаанд агуулагдах цэнэглэгдсэн тоосонцор болон жижиг хэсгүүд нь 20кВ орчим хүчдэл бүхий саармагжуулагч электрод руу татагдах замаар утаа цэвэрлэгдэнэ. Энэхүү энгийн утаснаас тогтсон саармагжуулагч электродыг зуухны яндангийн төв хэсэгт байрлуулна. Цэнэглэгдсэн утааны жижиг хэсгүүд нь эсрэг электрод болж байгаа яндангийн хананд наалдана. Энэ аргаар зузаарч дагтаршсан хөө тортгийг олон янзаар цэвэрлэж болно. Жишээлбэл тогшиж унагаагаад хаях гэх мэт. 

 

Энэхүү цахилгаан шүүгчийг Монголд болон цаашид утаа их ялгаруулдаг орнуудад нэвтрүүлэхийн тулд цэвэрлэгээ үйлчилгээг энгийн хялбар болгох шаардлагатай бөгөөд сайжруулах тал дээр цаашид ажиллах хэрэгтэй. Цаашилбал энэ технологи нь энгийн машины акумлятороор (1-..24 Вольт) мөн ердийн цахилгааны (220..240 Вольт) эх үүсвэрээр ажилладаг байх хэрэгтэй.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хийгдэж байгаа ажлууд нь маш өндөр өртөгтэй байгаа бөгөөд 2011 оноос хойш 93,4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Энэхүү туршилтын төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд хэрэглэж үзсэн үү?

 

Бид лабораторит туршиж үзсэн. Дараагийн шатанд дээрх туршилтын төхөөрөмжийг ердийн хэрэглээний зууханд байршуулж туршихаар төлөвлөж байна. Энэхүү туршилтыг  эхний ээлжинд гэр хорооллын нэг хэсэг айл өрхөд суурилуулж агаарын бохирдлын хэмжээг зориулалтын төхөөрөмжөөр хэмжин нотлох тал дээр ажиллах болно.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь дээр дурдсан технологийн чанарыг сайжруулж мөн автоматжуулах чиглэлээр туршилтууд хийж байгаа. Хэрэв энэ чиглэлийн технологи судалж, хамтран ажиллах баг хайж байгаа байгууллага хувь хүн байвал бид дуртайяа хамтран ажиллах болно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.