Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Оросын гадаад хэргийн сайдад тагнуулын нууц мэдээлэл дамжуулсан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа Исламын улс бүлэглэлийн тухай маш нууц тагнуулын мэдээллийг дамжуулсан тухай Вашингтон Пост сонин Даваа гарагт мэдээлжээ.

Энэхүү нууц мэдээллийг Америкийн холбоотнуудтай ч хуваалцаагүй байсан нь хэр чухал нууц болохыг харуулж байгаа гэнэ. Нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлснээр Цагаан ордны зууван танхимд ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровоос гадна АНУ-д суух Оросын элчин сайд Сергей Кисляк энэ үеэр Трамптай цуг байлцжээ.

АНУ-д тагнуулын мэдээлэл өгсөн эх сурвалж өөр этгээдэд дамжуулахгүй байх нөхцөлтэйгээр баримтуудаа дэлгэсэн аж. Гэтэл ийм нууц мэдээллийг ОХУ-д өгснөөр эх сурвалжийн аюулгүй байдлыг алдагдуулж байгааг албаны хүн ярьжээ.

Эх сурвалж нь Исламын улс бүлэглэл дотор өөрийн мэдээлэгчтэй Ойрх Дорнодын холбоотон юм байна. Трамп өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Оросын албаны хүмүүсийг Цагаан ордонд хүлээж авч уулзсан юм.

Үүний урд өдөр нь Трамп Холбооны Мөрдөх Товчооны захирал Жэймс Комиг ажлаас нь халах шийдвэр гаргаж байв.

Комиг халсан явдал нь Холбооны Мөрдөх Товчоо 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талын нөлөө байсан үгүйг шалгаж эхэлсэнтэй холбоотой гэсэн яриа гараад байгаа.

Трамп Оросуудыг хүлээж авч уулзахдаа Зууван танхимд Америкийн ганц ч хэвлэл мэдээллийн төлөөлөгчийг оруулаагүй нь бас сэжиг төрүүлж байгаа юм. Зөвхөн Оросын гэрэл зурагчныг оруулсан нь сүүлд Трампын Лавров, Кисляк нартай найрсгаар уулзаж байгаа гэрэл зургуудыг тараасан байна.

Трамп уулзалтын үеэр Исламын улс бүлэглэлийнхэн зорчигч тээврийн нисэх онгоцонд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байсныг яриад, үүнээс үүдэлтэйгээр зөөврийн компьютерийг нисэх онгоцонд тээвэрлэхийг хориглосноо тайлбарласан гэнэ.

Харин Цагаан ордныхон Трампыг терроризмтай тэмцэх ерөнхий сэдвээр ярилцсан, ямар нэг нууц мэдээлэл дамжуулаагүй гэж хамгаалжээ.

Гэвч сөрөг хүчнийхэн нь Трампыг нууц ба нууц биш мэдээллийг ялгадаггүй тул дамжуулсан байх магадлалтай хэмээн шүүмжилсээр байна.

Ийнхүү Трампын Кремльтэй онцгой хэлхээ холбоотой гэх сэжиг дахин шинэ баримтаар баяжиж байгаа юм. Энэ шалтгаанаар түүнийг албан тушаалаас нь огцруулах ёстой гэх яриа ч гараад байна.

 

Эх сурвалж: Business Insider