Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчид зориулж ямар ая тоглохоо шийдээгүй байгаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ­-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа уулзахдаа ямар ая тоглож өгөхөө шийдээгүй байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Бээжинд болж өнгөрсөн “Нэг бүс, Нэг зам” чуулганы дараа сэтгүүлчид  Путинд хандан түүний төгөлдөр хуур тоглож байгаа бичлэгийн талаар тодруулж, хэрвээ Трамптай уулзвал ямар ая тоглож өгөхийг нь асуусан юм. “Би хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор бид эхлээд уулзаж, хэлэлцээд дараа нь үр дүнгээс хамаарч аяа сонгох нь дээр байх” гэж тэрээр хариулсан байна. Ням гарагт Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар хүлээж байхдаа хүлээн авалтын танхимд байсан төгөлдөр хуурны ард сууж хоёр ая тоглосон юм.

Түүний тоглосон аяс нь Оросын нийслэлийн албан бус сүлд дуу гэгддэг “Московские окна”, мөн түүний төрөлх хот Санкт Петрбургийн тухай “Город над Вольной Невой” байжээ.

Тоглолтынхоо талаар Путин Интерфаксд ярихдаа “Төгөлдөр хуур ямар ч хөггүй байсан. Тоглоход маш хэцүү байсан тул би хоёр хуруугаараа л дарлаа” гэжээ. Дараа нь тэр “Хөгжим тоглож байсан гэж хэлэхэд хэцүү. Би зүгээр л түншээ хүлээж суунгаа товч дарж байсан юм” гэсэн байна.

Бичлэгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмиртий Песков “хувийн архивт хадгалах” зорилгоор хийсэн ч сүүлд онлайн сүлжээнд байрлуулахад гэмгүй гэж боджээ.

2010 онд Путин ерөнхий сайдын алба хашиж байхдаа нэгэн буяны арга хэмжээний үеэр тайзанд гарч “Blueberry Hill” аязыг төгөлдөр хуураар тоглон англи хэл дээр дуулж байв. Түүний тоглолтыг Кэвин Костнер, Мики Рурк, Шарон Стоун зэрэг барууны одууд үзэж байжээ.

Ирэх долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Германы Хамбург хотод болох Их 20-ын уулзалтын үеэр Владимир Путин Дональд Трамптай анх удаа уулзахаар төлөвлөөд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today