Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Намбарын Энхбаярыг СЕХ бүртгээгүй ГУРВАН ШАЛТГААН БА ТҮҮНИЙ БАРИМТ

Б.Ану
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2017.05.14, Сонгуулийн Ерөнхий Хорооны байр,

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихийг горилогсдын асуудлыг хэлэлцэн М.Энхболд (МАН), Х.Баттулга (АН) нарыг нэр дэвшигчээр бүртгэж, Н.Энхбаярыг (МАХН) бүртгэхээс татгалзсан билээ.  

Тэгвэл Н.Энхбаярыг чухам яагаад бүртгээгүй талаар Сонгуулийн Ерөнхий Хороо холбогдох баримтуудыг хавсарган дараах мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоод байна. 

Нэг. НЭР ДЭВШИГЧИЙН ХОЛБОГДОХ БИЧИГ БАРИМТЫН БҮРДЭЛ ДУТУУ 

Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгүүдийг Сонгуулийн Ерөнхий Хороонд бүрэн ирүүлэх ёстой. Хэрэв хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.1.4-т зааснаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан.

 

Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь хилийн албаны тодорхойлолтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлээгүй буюу нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг дутуу ирүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.3-т заасны дагуу тодорхойлолтыг Хил хамгаалах ерөнхий газраас Сонгуулийн Ерөнхий Хороо гаргуулан авсан болно. 

Хоёр. Н.ЭнхбаярыГ ЯЛТАЙД ТООЦОХ ХУГАЦАА 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусНА

Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3.4-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангасан байхаар хуульчилсан. 
 
Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 61.1.2, 61.1.4, 61.1.5, 61.1.7-т зааснаар Цагдаагийн төв байгууллага нь ял шийтгүүлсэн хүний талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.

Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй болохыг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №0011854 дугаар тодорхойлолтоор тодорхойлсон байна.

 

 

 

Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна.

Гурав. Н.Энхбаяр сүүлийн таван жил МОНГОЛ УЛСАД БАЙНГА ОРШИН СУУГААГҮЙ

Монгол Улсын Үндсэн Хуулийн гучдугаар зүйлийн хоёр, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж тус тус заасан бөгөөд мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан байна.

 

 

Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7/3609 дугаар тодорхойлтод дурдсан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.