Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

22 настай залуу WannaCry вирусны тархалтыг санамсаргүй зогсоож чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Дэлхий даяар тархаж, 200 мянга орчим компьютерийн мэдээллийг барьцаалан мөнгө нэхэж байгаа WannaCry вирусыг нэгэн залуу санамсаргүй зогсоож чаджээ.

Британий мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, жинхэнэ нэрээ нууцалж, MalwareTech нэрээр ажиллаж байгаа 22 настай залуу санамсаргүй энэ вирусны тархалтыг зогсоодог “нууц түлхүүрийг” олсон байна. Баасан гарагт шинэ вирус тархаж эхэлснийг сонссон залуу уг вирусны ажиллагааг нь судалж эхэлжээ.

Гэтэл тухайн вирус нь нэгэн утга учиргүй, маш урт домэйн нэртэй хаяг руу хандан холболт үүсч буй эсэхийг шалгаж байгааг илрүүлсэн байна. Яг ямар учиртайг нь ойлгоогүй ч залуу мэргэжилтэн огт бүртгэлгүй байгаа энэ хаягийг $10.69 төлж бүртгүүлэн идэвхтэй болгожээ.

Гэтэл бүртгүүлсэн даруй уг хаягаар секунд тутамд хэдэн мянган холбогдох хүсэлт орж ирсэн байна. Үүний дараа WannaCry вирусны тархалт дэлхий даяар зогсож эхэлжээ.

Вирусыг бүтээгчид ийм урт, хэний ч тааж олохгүй домэйн хаяг руу хандаад, хэрвээ хаяг идэвхтэй байвал өөрийгөө тараахаа зогсоодог нууц үйлдлийг вирусны эх кодонд оруулсан байв. Нэг ёсондоо өөрийгөө устгах түлхүүрийг хийж өгсөн байжээ.

Дээрх тусгай домэйн нэр бүхий хаяг руу холболт тогтохгүй бол вирус цааш үргэлжүүлэн өөрийгөө тараадаг байж. Ийнхүү санамсаргүйгээр аюултай вирусны тархалтыг зогсоосон залуу хувийн аюулгүй байдлаа бодолцон нэрээ нууцалж байгаа юм байна. Тэр өөрийгөө ердөө $10.69 төлөөд дэлхийн 100 гаруй улсыг хамарсан вирусны тархалтыг зогсоож чадна гэж бодоогүй нь мэдээж.

Одоо тэр найз нарын хамт тухайн домэйн хаяг руу ирж байгаа холбогдох хүсэлтүүдийн IP хаягийг цуглуулан хуулийнханд мэдээлэх ажиллагаа явуулж байгаа гэнэ. Учир нь ихэнх хүмүүс ийм вируст барьцаалагдсанаа мэдээгүй явж байх магадлалтай тул тэднийг хуулийн байгууллагуудад мэдээлж арга хэмжээ авхуулах юм.

Энэ удаагийн зогсоосон явдал нь түр зуурын арга бөгөөд вирус бүтээгчид кодоо засан дахиж тараах магадлалтайг тэд анхааруулсан байна.

WannaCry вируст одоогоор Windows үйлдлийн системтэй компьютерууд өртөж байгаа ба Майкрософт компани шинэ болон хуучин бүх үйлдлийн системдээ зориулж, вирусны эсрэг програмын шинэчлэлт гаргаад байгаа. Тиймээс Windows үйлдлийн системээ даруй шинэчилбэл вирусны халдлагаас компьютерээ хамгаалж болох юм.

 

Эх сурвалж: The Guardian