Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамчаар савласан тос, тосолгооны материал худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас тос тосолгооны материалуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтыг Нийслэлийн 9 дүүрэгт нийт 34 обьектод хийсэн байна. Энэ үеэр хэд хэдэн зөрчлүүд илэрснийг өнөөдөр НМХГ-аас танилцууллаа.

НМХГ-ын Дэд бүтэц хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Хяналт шалгалтыг тос тосолгооны материал зарж байгаа жижиг цэгүүдэд хийсэн. Энэ үеэр хэд хэдэн зөрчлүүд илэрсэн.

Үерийн усны далан сувгийн хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүд илэрсэн. Зөвшөөрөлгүй тос тосолгооны материал зарж борлуулдаг газрууд байсан.Мөн зөвшөөрөлтэй хэрнээ баталгаагүй чанаргүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа газрууд илэрсэн. НМХГ-аас зөрчил илэрсэн газруудад холбогдох арга хэмжээг авч, баталгаагүй бүтээгдэхүүнүүдийг хурааж авах, дүүргүүдийн Засаг дарга нарт албан шаардлагыг хүргүүлж ажилласан" гэв.

Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг улс орнуудаас импортоор оруулж ирсэн тос, тосолгооны материалыг авто тээврийн хэрэгслүүд, хүнд машин механизмуудад өргөн хэрэглэдэг аж. НМХГ-аас хяналт шалгалтын үеэр зарж байгаа цэгүүдийн тос тосолгооны материал дээр шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээгээр Mobil брэндийн тосыг хуурамчаар савласан зөрчил илэрчээ. Тиймээс НМХГ-аас хаврын үед тос тосолгоогоо солих гэж буй жолооч, ард иргэдийг жижиг цэгүүдээр үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа.
 
Автомашины тос, тосолгооны материалыг худалдаж авахдаа анхаарах зүйлүүд

1. Худалдаж авах тос, тосолгооны материалын сав баглаа боодол, хаяг шошго, лац таглаа битүүмжийг сайтар шалгаж авах. Савны гадна талд үйлдвэрлэсэн он cap өдөр, хадгалах хугацаа, зориулалт, хэмжээ, тосны ангилал зэрэг мэдээллүүдийг бичсэн байдаг ба онгойлгох таг нь лацтай дотор талдаа уян давхар тагтай байдаг.

2. Савны шошго дээр тосны ангилал буюу Зунгалаг чанар тосны хир өтгөн шингэн болохыг тодорхойлсон үсгэн тэмдэглэгээ байдаг. SAE ангилал нь тосыг ямар улиралд хэрэглэхийг тогтоодог. Жишээ нь:

Өвлийн тос: SAE OW, 5W, 10W, 15W, 20W, 25W Winter-Өвөл /W-Өвөл гэсэн үг/
Зуны тос: SAE 20, 30, 40, 50, 60.    Summer-Зун
Бүх улирлын тос: SAE 5W/30, SAE 0W/40, SAE 10W/30 гэх мэт

3. Манай улсад Синтетик буюу Минераль тосыг өргөн хэрэглэдэг байна.

Синтетик тос нь молекулын жигд бүтэцтэй тул эд ангийн гадаргуу дээгүүр маш хурдан жигд тархан тосолж үрэлтээс маш сайн хамгаалдаг давуу талтай.

Минераль тос нь молекулын жигд бус бүтэцтэй тул эд ангийн гадаргуу дээгүүр жигд бус тархан зарим хэсэг нь богино хугацаанд тослогддоггүй учир тослогдоогүй гадаргууд их хэмжээний үрэлт үүсэх сул талтай.

Синтетик тосны давуу талууд:

  • Ашиглалтын хугацаа урт
  • Хүйтэнд хөдөлгүүрт хялбар асах боломж олгодог
  • Аккумляторын ашиглалтын хугацааг уртасгадаг
  • Тослох чанараа алддаггүй тул түлш зарцуулалт бага байдаг
  • Цэвэрлэх чадвар сайтай
  • Тосны хэвийн ажиллах хэм -хасах 54°С-ээс +205°С
  • Кинематик чанар буюу тосны урсах хурд өндөр тул машин асахад хөдөлгүүрийн эд ангид хурдан тархаж маш богино хугацаанд тослоно.

4. Автомашины хөдөлгүүр, хурдны хайрцагны тосыг солихдоо өөрийн тээврийн хэрэгслийн эд анги дээр тэмдэглэгдсэн тэмдэглэгээний дагуу тосны ангилал, маркийг сонгох нь зүйтэй. Ангилал таарахгүй тос хийж хэрэглэснээс болж автомашины хөдөлгүүр, хурдны хайрцаг, бусад эд ангиудад эвдрэл гэмтэл гарах магадлалтай байдаг байна.

5. Тос тосолгооны материал худалдаж авахдаа тос, тосолгооны материал худалдаалах худалдааны төв, автозасварын газар, ШТС-ын дэргэдэх тос худалдаалах цэг зэрэг баталгаат бүтээгдэхүүнээр үйлчилдэг газруудыг сонгож үйлчлүүлэх нь зүйтэй.

Зам дагуу байрлалтай жижиг ТҮЦ-үүдээр лац нь хөдөлсөн, тосны шинжилгээний бичиггүй, хэрэглэх зааваргүй тос тосолгооны материалууд худалдаалагдаж байсан нь НМХГ-ын хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

6. Тос худалдаж авахдаа тосны шинжилгээний бичиг, хэрэглэх заавар зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгаж авах нь зүйтэй.