Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чимид: Том мод шилжүүлэн суулгаж хотоо чимдэг нь дэлхийн жишиг

Б.Төрбат
2017 оны 5 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, дендрологич Бадрахын Чимидтэй ярилцлаа.

-Нийслэлд мод их л тарих юм. Яагаад ногоон сайхан хот болчихгүй байна?

-Хот сууринг цэцэрлэгжүүлэх гэж монголчууд мөн ч олон жил зүтгэлээ. Аргагүй шүү дээ, нүүдэлчин ард түмэн гэнэт суурьшиж эхлэнгүүт мод ургамал тарьж орчноо тохижуулах арга ухаанд суралцах гэж олон жил мунгинаж байгаа нь тэр.

Өнөөдөр бидний түүж иддэг самрыг тарихаар Хуш мод, мойлны ясыг тарихаар Монос мод ургана гэдгийг мэдэхгүй байгаа юм чинь, хүүхэд наснаас нь тарьж ургуулж, арчилж, ариглаж сургахгүй, тийм дадал уламжлал байхгүй болохоор тарьж суулгаж ч чадахгүй, түүнийгээ арчилж ургуулж ч чадахгүй, тэгээд хүчээр тарьж суулгасныгаа өвөл нь гишгэж, хугалж устгаад байгаа болохоор хот сайхан болж чадахгүй байгаа юм.

Экологийн ийм боловсролгүй байдал нь өнөөдөр хүртэл үргэлжилсээр. Бас хот төлөвлөлтийн өөрийн алдаа, хөрөнгө мөнгөний гачаалаас үүсээд нэг хийсэн ажлаа давтах, эсвэл дахин ухаж сэргээж шинэчлэх гээд яалт ч үгүй өмнөхөө устгасаар ирснийг бид сайн мэднэ дээ. Алтан тэвшийн хөндийд Туулын бургаснаас өөр мод байгаагүй гэж би бичиж байсан сан. Тэгтэл Улаанбаатар бас чиг ногоон хотын дүр төрхийг олсон бөгөөд түүнийг үе үеийн нийслэлчүүд өөрсдөө тарьж ургуулсан юм.

-Хотод том мод оруулж ирж тарьж болно, болохгүй гээд хүмүүс их маргах юм. Ер нь болдог юм уу, үгүй юм уу, тийм туршлага хэр байна, та эрдэмтэн хүний хувьд онолын талаас нь иргэдэд нэгдсэн ойлголт өгнө үү?

-Хотод мод суулгаж, ургуулж бас үхүүлж ирсэн “туршлага" нь зөвхөн том модны тухайд ч биш, бүх төрлийн модыг ургуулах гэж ажиллаж ирсэн зам мөртэй холбоотой. Бидний өмнө нь тарьсан, суулгасан бүхэн том, жижиггүй ургачихсан сан бол юун ийм юм ярьж байх билээ дээ.

Хамгийн бага арчилгаа шаарддаг, бидний гарын ая сайн даадаг Улиас л ургаж байна шүү дээ. Манай хотын төвийн гудамжуудад байгаа тухайлбал, Байгалийн түүхийн музейн зүүн талаарх Сүхбаатарын гудамжийн Шинэс, 1-р арван жилийн сургуулийн өмнөх Сөүлийн гудамжны Нарс, 11-р хороолол, Эрхүүгийн гудамжны Шинэс, Дуурийн театрын өмнөх Гацуур зэрэг одоо томоор харагдаж байгаа шилмүүст моднууд 1950-1960-аад оны үед нэг машин дээр нэг мод, нэг морин тэргэн дээр нэг мод авч ирэх замаар томоор нь уулнаас шилжүүлэн суулгасан түүхтэй. Түүнээс хойш нэг хэсэг том шилмүүст мод шилжүүлээгүй бөгөөд түргэн ургадаг улиасны суулгацаар цэцэрлэгжүүлэх ажлын голыг нугалж ирсэн байдаг.

Гэтэл хотыг шилмүүст ногоон модоор чимэх шаардлага бий. Нийслэлчүүд ойд амьдарч байгаа юм шиг ногоон моддын дотор, цэцэрлэгт ногоон гудамжаар алхахыг хүсэж буй. Тэр нь ойд л байдаг зүйл. Ууланд байлаа гээд Улаанбаатарчуудад хэрэг болохгүй юм бол тэр ойгоор яах сан билээ. Зөвхөн түүнийг цогцлуулах нь цэцэрлэгжүүлэгчдийн гол ажил. Сүүлийн жилүүдэд Япон, Солонгос технологиор уулнаас шилмүүст мод шилжүүлэн суулгах ажлыг тэнд ажиллаж мэргэшсэн залуучууд, хэд хэдэн компани хийж эхлээд 10 гаруй жил болжээ.

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Явуугийн цэцэрлэг, Нийслэлийн төр захиргааны байрны өмнөх талбай, Шангри-ла оффис, 120 мянгатын орчин гээд түрүүч нь 10 гаруй жил ургасан мод хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт олны нүдэн дээр ургаж байна.

Одоо манай хотын модны 70 гаруй хувь нь Улиас. Гэтэл Улиасаа цагаан хөвөн хаядаг, харшил өгдөг гээд хялайж буй. Тэгээд хот Улиастайгаа зууралдаж байх хооронд хотод боссон шинэ хотхонууд тухайлбал, "Риверь Гарден”, “Маршал таун”, “Хүннү”, “Зайсан” зэрэг нь бүгд уулнаас авч ирж суулгасан ногоон Нарсаар чимээд түрүүч нь бас л 10-аад жил болж байна.

Хотод байгаа навчит моднууд маань намарт шарлан навчсаа гөвж, хэдэн ёрдойсон мөчир үлддэгийг бид мэднэ. Энэ ч яах вэ зүйн хэрэг. Навчит мод ингэж л өвөлжиж, хойтон хавар нь ургадаг хойно. Хотод жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг Нарс, Гацуур, Хуш, Жодоо мэт эх орны шилмүүст ногоон модыг хотдоо авч ирж шилжүүлэн нутагшуулах, мод үржүүлгийн газар ургуулж бойжуулан адаглаад 3-4 метр өндөр болгож байж гудамжид суулгах зэрэг ажлууд ойн инженерүүд, мэргэжилтнүүдийн анхааралд байсаар ирсэн.

Хотод 1 метр хүрэх үгүйтэй өндөртэй мод үржүүлгийн газрын гэх шилмүүст мод тарьж суулгаж үзсэн. Тэд жилд 1-3 см өсөлт өгч, ургаж ядаж байтал нь үзүүрийн нахиа, хажуугийн мөчрүүд хугарч, түүнийг зайлуулахаас өөр аргагүй байдалд байнга орж байсныг манайхан сайн мэднэ.

ч, ургаж ядаж байтал нь үзүүрийн нахиа, хажуугийн мөчрүүд хугарч, түүнийг зайлуулахаас өөр аргагүй байдалд байнга орж байсныг манайхан сайн мэднэ.

Сүүлийн жилүүдэд жижиг нарс, гацуур суулгасан байна лээ. Тэдэнд үзүүрийн нахиа ч алга, хажуугийн мөчир ч алга. Тэр өсвөрүүдийг, өнөөгийн хотод оруулж ирж буй том модны дайтай болгоё гэвэл 25-30 жил шаардагдах бөгөөд тэр хооронд гэмтээд, мод биш, үзүүр оройгүй “тахир дутуу” хэдэн мөчир үлдэж байгааг зөвхөн мэргэжлийн нүдээр л харж болох юм. Том мод эсэргүүцэгчид эсэргүүцсээр, саад хийсээр, зарим нь тэднээс айж бэргэсээр байтал хот хэдэн Улиастайгаа үлдэх гэж байна.

Услахгүй арчлахгүй бол том ч бай, жижиг ч бай бүгд үхнэ

-“Өмнө нь тарьсан шилмүүст мод ургаагүй" гэх мэдээлэл иргэдийн дунд байна. Үнэхээр ургаагүй үхсэн тохиолдол бий юу. Та энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Нэг жишээ татсан материал өөр нэг сонин дээр байна лээ. Энхтайваны өргөн чөлөө, Гандан, Зайсанд суулгасан мод бүгд үхсэн гээд. Тэр бас үнэн. Суулгасан компани. дүүрэг хоёр нэг нэг рүүгээ ажлаа чихээд, услах зардал, хөрөнгө байхгүй гэсээр байгаад тийм болгосныг би мэдэх юм. Тэгтэл хувийн компаниудын барьж байгаа хотхоны мод яагаад 100 хувь ургаад байгаа юм. Услахгүй арчлахгүй бол том ч бай, жижиг ч бай бүгд үхнэ.

Бас манай нөхөд Явуугийн цэцэрлэгээр ороод нэг харчхаасай гэж бодном. Нийслэлийн тамгийн газрын үүдэнд 2007 онд 30 том нарс мод суулгасан 10 жил ургаж байна. Ганц мод үхсэнийг өнгөрсөн онд мэргэжлийн биш байгууллагаар солиулсан чинь тэр нь бас үхсэн байсан. Үүнээс юу харагдаж байна гэхээр зөв технологиор авч ирж суулгаж арчилсан мод ургадаг, буруу ажиллавал үхдэгийн жишээ тэр.

Том мод шилжүүлэн суулгах асуудлаар эрдэмтэн мэргэд гэх хүмүүс талцаж байна. Дээр нь хуурамч “эх орончид” нэрмээс болж байна. Уулнаас мод авч ирж суулгах нь Увс нуураас шанагаар утгасантай адил гэж би хэлэх дуртай. Яагаад, ой гэдэг маш баян юм. Тэр их ой, хэдэн сая га-аар хэмжигдэх ойгоос Улаанбаатартаа хэрэгцээтэй зүйлээ шилжүүлж авна л биз дээ. Ойн баялаг, ер нь эх орны баялаг ард түмний л төлөө байгаа юм.

Тэгтэл тэндээ байж байг гээд байх. Ой хорогдчихно гэх ухааны юм ярина. Жилд хэдэн арван мянга, сая сая га-гаар ой шатаж, хэдэн сая живаагаараа мод устаж, үгүй болж байхад санаа зовохгүй атлаа автомашины тэвшин дээр тавиад хэдэн мод аваад ирсний төлөө, бас ургуулж болоод байхад шууд дайн зарлаад бүр энэ ажлыг зогсооно гэж яриад байгаа нь "эх оронч” гэхээсээ илүү энэ талын мэдлэггүй дүйвээнээр л яваа амьтан гэхээс өөр юу гэхсэн билээ.

Миний бие Оросын Чита хавиас орж ирсэн түймэр Онон мөрнийг хариагаад Эрээний арын ойг шатаасан түймэрт 10 гаруй хоног гэртээ харилгүй явж байлаа. Тэгэхэд тэр хайран мод яана, бүгдийг нь шилжүүлчихдэг сэн бол, бүгдийг нь нүүлгэж байгаад ч гэсэн авч үлдэх юмсан гэж бодож билээ.

-Дэлхийн улс орнууд хотынхоо ногоон байгууламжийг хэрхэн анхаардаг юм бол?

-Дэлхийн бүх залуу хот ойгоос мод шилжүүлэн суулгаж хотоо үтэр түргэн ногооруулсан байна. Том мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг. Шилмүүст мод хотын нөхцөлд жилд 2-3 см өсөлт өгч байна. Тэр мод таван метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 30-40 жил болж байж 5 метр өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ. Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болжээ. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компаниуд энэ ажлыг хийх ёстой. Түүнээс биш хэн дуртай нь ой руу хүрз бариад гүйгээд байж болохгүй.

Ойд хохирол үүснэ гэдэг талаас нь биш, ургаж байсан юмыг авч ирээд үхүүлж болохгүй гэдэг талаас нь яривал тун зүгээрээ. Би нэмээд хэлчихье. Хэдэн мянга, сая га-аар нь ойгоо шатаачихдаг мөртөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 2-3 жилдээ ногоон болно. Ой сүйдээд байна гэх хий айдсыг битгий үүсгээд байгаач гэмээр.

Том мод сүр бараатай болохоор түүний үхсэн сэхсэн нь тод харагдаж хүмүүсийн халагладаг зөв. Гэхдээ мод тарьж суулгаж эхэлсэн 1940-өөд оноос хойш хэдэн арван сая жижиг мод Улаанбаатарт үхэж устлаа шүү дээ.

Үүнтэй төстэй нэг жишээ тухайлбал манай улсад авто машины ослоор өдөрт нэг хүн буюу жилд 360 хүний амь нас хохирчээ. Магадгүй нэг удаа онгоцны ослоор 360 хүн нэг зэрэг амь үрэгдсэн бол яах вэ ёстой сенсаац болоод, онгоцонд суух хүн олдохгүй болно биз дээ. Гэтэл машиныхаа ослыг бол мартчихаад Үүн шиг хотод 360 том мод л үхсэн Үүнийг харчхаад том мод ерөөсөө оруулж ирж тарьж болохгүй гэдэг нь онгоцонд сууж болохгүй гэсэнтэй г агаар нэгэн.

-Том модыг байгалиас авдаг юм уу, таримал ойгоос авдаг юм уу?

-Бидний хэсэг нөхөд хотод шилжүүлэх том модны судалгаа хийж Булган, Сэлэнгэ, Тужийн нарсаар явсан юм. Бидний хот руу шилжүүлэх гээд байгаа том мод тэнд хангалттай байна. Хангалттай гэдгийн учир юу вэ. Тужийн нарсыг шатсаны дараг ойжуулсан. Хоорондоо 50 см-аас 1.0 метрийн зайтай, 1 га-д 2,500 ширхэг мод тарьсан байна. Тэнд 12000 гa-д ойжуулалт хийж, Нарс мод ургуулсан байна. Харамсалтай нь одоо тэр мод гэрэл, тэжээлээ булаацалдан, түрүүч нь үхэж эхэлжээ.

Нас гүйцсэний дараа 1 га-д 600 том мод байвал хэвийн ой гэж үздэг юм. Гэтэл нас гүйцэхээсээ өмнө тэд гэрэл, тэжээлээ булаацалдан амь тэмцэж байхад сийрүүлье гэх хүн, хөрөнгө хоёр нь олдохгүй байна. Түүнийг одоо сийрүүлж 5 модноос 3-ыг нь огтолж хаях, эсвэл шилжүүлэн хот руу нүүлгэх, тэнд нь тараах 2 л арга байна. Сийрэгжүүлэх хот суурины цэцэрлэгжүүлэлтэд ашиглая гэхээр мэдэж өгөх хүн бас алга.

Тусгай хамгаалалттай газар нутгийн дансанд орсон ч гэх шиг Бас Булганы Хялганатад мөн тийм таримал ой үүсжээ. Намайг Ой, модны аж үйлдвэрийн яаманд ойжуулалт хариуцсан мэргэжилтэн байхад тарьж эхэлсэн юм. Тэд одоо нас бие жигдэрч 5-7 метр өндөр болсон байна. Түүнийг бас сийрэгжүүлэх ёстой. Харин Булганыхан өгөх ёстой. Сийрэгжүүлэх байгууллага нь энэ ажлаа хийхгүй байна гэж байсан.

Мөн Хэнтийн Биндэрт, Содномын Батцэнгэлийг Хэнтий аймгийн Ой, агнуурын аж ахуйн даргаар, Эрээний нурууны ард, намайг Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн даргаар ажиллаж байхад тарьж суулгасан Нарс сийрэгжүүлэх хэмжээнд хүрсэн. Тэндээс сийрэгжүүлж болно. Бас түймрийн халз гэж зайлшгүй байгаа бүх модыг нь огтолж хаядаг нэг ажил ойн аж ахуйн арга хэмжээнд байдаг юм. Одоо тэр түймрийн халз бүгд битүүрч ширэнгэ болсон байна. Үүнийг хот руу шилжүүлэхэд юу нь болохгүй гэж. Түүнийг бүгдийг нь хөрөөдөж авч хаядгийг Ойн инженерүүд бүгд мэднэ. Харин мэргэжлийн бус хүмүүс бас л “ой сүйтгэж” байна гэх биз.

Улаанбаатарт 5,000 ширхэг том Нарс л шилжүүлээд ургуулчихвал хотын төвийн бүх гудамж өвөл зунгүй ногоон харагдана. Энэ бол ойд 5-10-хан га-д байдаг л мод шүү дээ. Гэтэл 1999-2010 онд улсын хэмжээгээр давхардсан тоогоор 2,9 сая га /жилд 240.0 мянган/ ой түймэрт өртөж, тоолж үл барам өсвөр мод шатаж алга болсон билээ. Тэгэхээр том модыг ойгоос шээ, хулгайлаад хумслаад байна гэх ч юм уу, ойг сүйтгээд байна гэдэг утгаар ярьж болохгүй. Харин ойд хийж буй сийрэгжүүлэх ажил, арчилгааны хүн ажлын нэг хэсэг гэж л ойлгож хандах учиртай.

Тэгж ярих шинжлэх ухааны үндэс байна. Бас мод үржүүлгийн газарт шилмүүст модыг хот суурины цэцэрлэгжүүлэлтэд зориулж зориуд тарьж ургуулах хэрэгтэй. Тэгтэл тийм аж ахуй эрхэлж байгаа хүн нь алга. Зөвхөн 2-3 настай 20-30 см л өндөртэй болгоод л ойжуулалтад гаргадаг. Хот сууринд нийлүүлэх гэж ургуулахын тулд үрээр нь юм тариад бойжуулах талбайд 2-4 удаа шилжүүлж дасгаад 4-5 метр өндөртэй болгоод тэгж байгаад гаргах ёстой.

Одоо тэгж ургуулдаг аж ахуй, тийм хөрөнгө алга. Ингэхийн тулд наад зах нь 15 жил шаардлагатай байдаг юм.

Мод үржүүлгийн газар байгуулж хэдэн зүйлийн навчит мод тарьсан зарим нөхөд миний мод борлохгүй байна, хотынхон том мод оруулж ирж миний бизнесийг хааж байна гэх ухаанаар том оврын модыг шилжүүлэн суулгахыг улайран эсэргүүцдэг. Тэр бүү хэл “асар их” ай хохирол ойд учирдаг мэтээр мэдэхгүй судлаагүй байж ярьж байна. Ой, модыг сийрэгжүүлэх, цөөлөх нь ойн аж ахуйн үндсэн ажил байдаг.

Огт мод авч шилжүүлж болохгүй гэж ярьдаг хүмүүст ойн талын мэдлэг байхгүй, зарим нь бүр тэр талын мэргэжлийн бус атлаа ойн баялгийн тухай “том том” дуугардаг нь зүгээр л хүмүүсийг хатгаж, өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн үүднээс хандаж байна гэхээс өөр аргагүй. Тэдний 10-20 жил хотод нийлүүлсэн Улиас, Шар харгана мэт нь хотыг чимэхгүй л байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүд, суурин газрууд том мод суулгаж амжилтад хүрч байна. Тухайлбал Мандалговь, Мөрөн, Зүүнхараа гээд том мод суулгаж, түүнийгээ ургуулахаар ажиллаж байна.

Том мод шилжүүлнэ гэдэг шинжлэх ухаан юм шүү

-Том мод тарих ажил цааш нь үргэлжлэх нь ээ гэж ойлгож болох уу?

-Дэлхийн бүх хот том том мод шилжүүлэн суулгаж, хотоо цэцэрлэгжүүлж байна. Бүр 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байдаг гээч. Тийм зориулалтын техникч байдаг. Ойрын жишээ, манай урд хөрш Өвөрмонголчууд Далан хар уулаа бүгдийг нь уулнаас мод авч ирээд ойжуулчихсан байдаг.

Ингэж том модоор хот сууринаа ойжуулж цэцэрлэгжүүлж байгаа туршлага, технологийг бүр 2000 онд Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа одоогийн хотын ерөнхий менежер Т.Гантөмөр судалж ирээд түймрийн халзанд ургасан өндөр Шинэс модыг шилжүүлэн дүүргээ цэцэрлэгжүүлж эхэлсэн удаатай. Харамсахтай нь түүнээс хойш аж ахуйн ажилд оролцож том мод тарих ажил нь түр саатсан ч 2016 оноос энэ албанд ирж түүнийгээ хэрэгжүүлж том мод тарих ажлаа эхэлсэн гэж хэлж болно.

Хотын ерөнхий менежерийн саналыг хотын дарга Су.Батболд дэмжсэнээр ажил хэрэг болоод явж байгаа нь энэ. Өнгөрсөн намар зүүн дөрвөн замаас Улсын их дэлгүүр хүртэл 200 хүрэхгүй том Нарс мод шилжүүлсэн. Одоо энэ нь хотыг чимж байна.

Гэтэл ганц нийслэлдээ хэдэн мод оруулж ирж ногооруулах гэхээр “Байгальд хайртай”-н дүр эсгэгчдийн эсэргүүцэл, зарим амбицтай, “Их мэдэгчид’’-ийн тавьж буй түймэрт автаад өнөө хүртэл хотоо том модоор ногооруулж чадахгүй байна.

Том мод шилжүүлнэ гэдэг шинжлэх ухаан юм шүү. Том модоор хотыг цэцэрлэгжүүлэх нь хотоо ногооруулах ажлыг нэг л хэсэг нь. Түүнээс биш, том мод тариад мод үржүүлгийн газарт ургуулсан навчит мод, чимэглэлийн бут сөөгийг орхино гэсэн үг ёстой биш. Түүнийг бүр мянга, мянгаар нь хотод тарьдаг л даа. Манайх шиг цөөхөн гудамжтай жижиг хотод 5,000 шилмүүст том мод л байхад бараг хангалттай. Харин монгол орны зонхилох ой болсон Шинэс, бас Гацуур авч ирж суулгах ёстой. Тэр ойдос л “найгасаар” байгаа шүү дээ. Ойд байгаа бүх насанд хүрсэн Хуш мод бүгд самарчдын “нүдүүрийн" шархтай, тэнд зовж байгааг мэддэг нэг нь мэднэ ээ.

-Одоо шилжүүлж буй мод ургана, хотыг чимнэ гэсэн итгэл хэр байна?

-Гэрээндээ 3 жил арчлаад бүрэн ургуулаад хотод хүлээлгэн өгнө гэсэн заалттай. Түүнийг нь хот хүлээж аваад арчилж услаад хэвийн ургах нөхцөлийг нь хангаад явна. Арчилж услахгүй бол том жижиггүй бүгд үхнэ гэж би хэлсэн шүү дээ.

Манайхны булж хаяад мартдаг тэр зуршлыг халах ёстой. Яахаараа хотхонууд, Явуугийн цэцэрлэгийн том мод 100 хувь амьд ургаж байхад бусдыг нь түүн шиг ургуулж болохгүй гэж. Үхүүлсний жишээг л дагахгүй байх ёстой шүү дээ. Бас том модыг ойгоос авахаас гадна таримал ой, түймрийн халз, ашигт малтмал олборлоход өгч буй талбай гэх мэт эх сурвалжууд олон бий.

Улаанбаатарын том том хотхон том модоор бүрэн цэцэрлэгжүүлчихсэнийг харах хэрэгтэй. Манай хотын хэдэн гудамж л нүцгэн үлдэж байна шүү дээ.

Улаанбаатарт байгаа том ургасан моднуудыг хэвээр нь авч ирж суулгасан гэж хэлсэн. Харин Улиас, навчит модыг мод үржүүлгээс авч ирж тарьж суулгасан цагаас том мод ойгоос авахыг зогсоож, тэгээд л манай хот Улиас голдуу модтой болчихсон юм шүү дээ. Том мод шилжүүлж байсан эртхэн үеийн туршлага манайд байна. Хуучин ажлаа л сэргээж байна гэсэн үг.

Зураг