Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Тэрбээр, "Хууль зүйн байнгын хороо тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ" гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхи дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзжээ.  

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Төсөлд, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалт нэмэх, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нэмэх саналууд олонхийн дэмжлэг авсан.

Нийт зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуулийн төслүүдийг олонхийн саналаар баталлаа.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.