Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

IFR ASIА: Монголын ММС компани Азийн санхүүгийн зах зээлд үлгэр жишээ үзүүллээ

ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN

Монголын ММС компани гадаад зээлийн бүтцээ богино хугацаанд, амжилттай шинэчилж дуусгасан нь Азийн санхүүгийн зах зээлд үлгэр жишээ болсон талаар олон улсын IFR Asia сэтгүүл 5-р сарын дугаартаа онцолжээ. Сүүлийн жилүүдийн хямралын нөлөөгөөр, дэлхийн олон компани санхүүгийн хүнд байдалд орсон ч зээлийн бүтцийн шинэчлэлээ шуурхай гүйцэлдүүлж, хөрөнгө оруулагчдад амлалтаа биелүүлж чадсан компани ховор байгаа аж. Уг материалыг орчуулан хүргэж байна.

 

ЗӨВ ЧИГТЭЙ АЛХАМ

Хөгжиж буй орных гэхэд Mongolian Mining Corporation (ММС) зээлийн бүтцийн шинэчлэлээ маш зохистой тэнцвэртэй хийж явуулснаар Азийн бүсийн нилээд олон компанийг ичмээр байдалд орууллаа.

Индонезийн уул уурхайн компаниуд л гэхэд гадаад зээлдүүлэгчдээ “зовоох” дуртай гэдгээрээ олон улсад зартай. Гадаад зээлдүүлэгчдийн хувьд зээлдүүлсэн хөрөнгөө Индонезийн хууль, журмын дагуу олж авна гэдэг маш төвөгтэй, үүнийг нь ч Индонез компаниуд чадамгай ашигладаг. Харин Монголын ММС компанийн хувьд зээлдүүлэгчдээ хүнд байдалд оруулж зовоолгүй, асуудлыг аль аль талдаа боломжийн түвшинд шийдвэрлэжээ.

Индонез бол Монголтой харьцуулахад зээлжих зэрэглэл өндөртэй улс. Гэхдээ компаниудынх нь зээлээ төлөх хариуцлага, эрмэлзэл муу бол зээлжих зэрэглэл өндөр байгаад ч яах билээ? Гадныхан ерөнхийдөө Индонезд хөрөнгө оруулах сонирхол өндөртэй байдаг, түүхий эдийнх нь үнэ үе үе “тэнгэрт хаддаг”, хөрөнгө оруулагчдын “ой санамж” харьцангуй богино байдаг зэрэг нь Индонез компаниудыг иймэрхүү хандлагатай болгосон байж мэднэ.

Харин Монголын хувьд компаниуд нь байтугай Засгийн газрынх нь түвшинд ч гаднаас хөрөнгө татахад амаргүй байдаг. Энэ утгаараа ММС хөрөнгө оруулагчидтай тогтоосон харилцаа, олж авсан итгэлээ үгүй хийхийг хүсдэггүй бололтой. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын дотоодын бондын зах зээл маш жижиг учир том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй байдаг.

ММС компанийн хувьд гадаад бондын төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн ч зээлийн бүтцийн шинэчлэлээ цэгцтэй, чамбай явуулснаар олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж чадсан байна. Азийн бусад орны компаниудаар жишээ авья. Хятадын барилгын салбарын групп менежментийн дотоод зөрчилдөөнөөсөө болж үйл ажиллагаа нь таг гацан, бондын төлбөрөө төлөхгүй маш их хугацаа алдсан. 

Мөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн компани зээлийн бүтцийн шинэчлэлээ дуусгасан хэр нь санхүүгийн мэдээллийн ноцтой үл тохирол гаргаад, түүндээ тайлбар өгч чадаагүй. Энэтхэгийн технологийн компани гаргасан бондын хөрөнгөө зориулалтын бусаар ашигласан гээд ярвигтай олон жишээ байна. Энэ бүхэнтэй харьцуулахад, Монголын ММС компани бүс нутагтаа сайн засаглалын түүчээ болж чадлаа.

 

 

Эх сурвалж:

  • International Financing Review Asia сэтгүүл
  • Нийтлэгдсэн: 2017 оны 5-р сарын 6. Дугаар 990