Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хакеруудын Anonymous бүлэг Дэлхийн III дайн Солонгосын хойгт болохыг анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хакеруудын “Anonymous” бүлэг Дэлхийн III дайн энэ онд, эсвэл ирэх онд Солонгосын хойгт болно гэж анхааруулжээ.

Энэ долоо хоногийн эхээр YouTube сувагт нь нийтлэгдсэн видео мэдэгдэлд “дэлхийн байгаль орчин, эдийн засагт сүйрэл авчрах дайн болох тул бэлтгэлтэй бай” гэж анхааруулсан байна.

“Солонгосын хойгт дайн гарах бүх шинж бүрдээд байна. Улс орон бүр энд стратегийн зэвсгээ байрлуулж байгаа ч өнгөрсөн дайнуудаас ялгаатай нь богино хугацааны, ширүүн, харгис дайн болно” гээд “Дэлхийн гурван том гүрэн дайнд орж, бусад улсууд хэнийг дагахаа шийдэхэд хүрнэ” гэж өгүүлжээ.

Мөн Хятад улс иргэдээ Хойд Солонгосоос гарч явахыг анхааруулсан, АНУ тив хоорондын Minuteman III пуужингаа туршсан, Япон улс иргэддээ пуужингийн довтолгооноос сэргийлэх зөвлөмж гаргасан, Америкийн цэрэг Австралид шилжин байрласан зэрэг үйл явдлуудыг дайны шинж тэмдэг гэж үзсэн байна.

Бичлэгт Хятад улсыг энэ дайнаас сэргийлэхээр хамгийн их хичээж байгаа ч тэсвэр тэвчээр нь барагдаж эхэлснийг өгүүлжээ. Учир нь Солонгосын хойгт гарах дайнаас хамгийн их эдийн засгийн хохирол амсах улс нь Хятад гэсэн байна.

Эцэст нь “Үйлдлийг нь таахын аргагүй Дональд Трамп хэдийгээр Ким Жон Унтай уулзахад бэлэн гэсэн ч түүний хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер дараа нь няцаасан. Эндээс үзвэл ойрын үед нааштай үр дүнд хүрэхгүй нь мэдэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: Independent