Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Марко Пирэс: Оюу Толгой Рио Тинтогийн хамгийн өндөр технологи ашиглаж буй төсөл юм

Ч.Болортуяа
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, Гүний уурхай төслийн захирал Марко Пирэс

“Сүүлийн үеийн залуус надад гоё гар утас байхад л дэлхий миний гарт байна гэж ярих нь бий. Өөр бусад зүйлс хэрэггүй мэт л санадаг. Гэтэл тэр хүний гар дээр утас очиход ямар хэмжээний үйл ажиллагаа явагддагийг ихэнх нь сайн ойлгоогүй л байна. Орчин үеийн амьдрал бол уул уурхайгүйгээр тогтох боломжгүй” гэж Оюу Толгой ХХК-ийн (ОТ) Гүний Уурхай төслийн захирал Марко Пирэс Австралийн Квийнсланд мужийн Рио Тинтогийн (РТ) салбарт Монголын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын эхэнд хэлэв. 

Монголын сэтгүүлчид Австралийн уул уурхайн гол мужийн нэг Квийнсланд дахь хэд хэдэн уул уурхайн компаниудтай танилцаж, уулзалт зохион байгуулсан юм. 

Квийнсланд мужийн хувьд л гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 7.2 хувийг буюу 21.6 тэрбум авст.долларыг УУ-н салбараас бүрдүүлж байна. Энэ мужид дам нөлөөгөөр 180 мянган хүн УУ-н салбарт ажиллаж байгааг тус мужийн Байгалийн нөөц баялаг, Уул уурхайн газраас мэдээлсэн юм. 

Бидний танилцсан компаниуд дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа РТ багтаж, ОТ төслийн талаар өөрсдийн сонирхсон асуултад хариулт авах боломж бүрдсэн юм. Энэхүү уулзалтад зориулж ОТ-н Гүний уурхай төслийн захирал Марко Пирэс зорьж ирсэн байсан нь талархууштай байлаа.   

Тэрбээр уулзалтын эхний хагаст РТ-гийн талаар танилцуулж төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон цөөн асуултад хариулт өгсөн юм. 

РТ –гийн хувьд дэлхийн уул уурхайн компаниуд дундаа хөрөнгийн хэмжээгээр гуравт жагсаж байна. Тус корпораци байгуулагдаад 144 жил болж байгаа бөгөөд Австралид эдний нийт хөрөнгийн 49 хувь байрладаг ажээ. 

Марко Пирэс 30 гаруй жил УУ-н салбарт ажиллаж байгаа бөгөөд “Австралийн хувьд УУ нь 100 гаруй жилийн түүхтэй. Сүүлийн 25 жилийн хугацаанд УУ-н үр шимийг Австрали улс эдэлж байгаа гэж би харж байна. Чили, Перугийн эдийн засгийн өсөлт ч мөн УУ-аас шалтгаалсан өсөлт” гэж байлаа. 

РТ-гийн зөвхөн зэс, алмазны олборлолтыг гэхэд зургаан оронд явуулж байгаагийн нэг нь ОТ төсөл юм. 

РТ 2016 онд нийт $4 тэрбумыг татвар, рояалтид төлсөн тухай компанийн 2016 оны тайланд дурдсан талаар бид мэдээлж байсан. 

Татвар төлсөн улс орнуудаар нь авч үзвэл Рио Тинто:

  • Австралид $2.9 тэрбум,
  • Канадад $249 сая,
  • Монголд $210 сая,
  • Чилид $205 сая,
  • АНУ-д $102 сая,
  • Өмнөд Африкт $100 саяыг тус тус төлжээ.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид дэлхийн хэмжээний бизнесийг бүтээж, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 2016 онд бид Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж, болон бусад төлбөрт 210 сая ам.доллар төлж, үндэсний болон Өмнөговийн худалдан авалтад 279 сая ам.доллар зарцууллаа. Үүний зэрэгцээ бид тогтвортой хөгжлийн хөтөлбөр, санаачлагуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулж байна” гэж тус компанийн 2016 оны тайланд дурдсан байна. 

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын жил бүрийн гаргадаг тайлангаас үзвэл ОТ төлсөн татвараараа нэгт, борлуулалтын орлогоороо нэгт, ажиллагсадын тоогоор хоёрт, хөрөнгийн хэмжээгээрээ 2016 оны санхүүгийн жилд Монгол Улсад хоёрдугаар байрт жагсаж байгаа ч ашгийн үзүүлэлт байхгүй учир “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн дараа жагсжээ. 

График 1, 2016 оны Монгол Улсын топ 5 ААН

“ОЮУ ТОЛГОЙ БОЛ РИО ТИНТОГИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ, ХАМГИЙН ӨНДӨР ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ БУЙ ТӨСӨЛ”

“Зэс бол бидний бизнесийн томоохон чиглэл бөгөөд Монгол, Америк, Индонез, Чилид дэлхийн тэргүүлэх шилдэг ордыг эзэмшиж байна. Монгол, Индонез, Чилид түншлэлийн шугамаар орд газрыг эзэмшиж байгаа. АНУ-д бид BHP-тэй тогтоосон түншлэлээр үйл ажиллагаа явуулдаг” гэж ноён Марко Пирэс ярьж байлаа. 

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. 

- Ханбогд сумыг УУ дагасан хот болгох тал дээр танай байр суурь ямар байдаг вэ. Австралид жишээ нь, уурхай дагуулж хот байгуулах загвараас татгалзаж байгаа юм байна. 
- 30 жилийн өмнө би уул уурхайн бизнест хөл тавьж байхад ямар арга барил баримталж байсан бэ гэхээр энэ орд газар зэлүүд нутагт байрлаж байна. Энэ орд газрын хажууд хот байгуулъя гээд л хот байгуулдаг байсан. 

Маш том хотууд бий болсон. Ийм зүйлийг би өөрийн нүдээр харж байлаа. Уул уурхайн үйл ажиллагаа эхэлсэнээс л үүдэж нэг мэдсэн чинь 180 мянган хүн амтай хот бий болчихож байсан. Австралийн хувьд гэхэд хот хөгжүүлэх тал дээр тохиромжтой жишээ болж чадахгүй. 1970-аад онд нүүрсний орд газрыг дагасан хотууд бий болгож хөгжүүлсэн. Харин өнөөдөр энэ загвараасаа татгалзаж байна. 

УУ дагасан хөгжлийн асуудалд маш их мэтгэлцээн ард түмний дунд явагдаж байдаг. 

Рио Тинтогийн байр суурь биш хувь хүний хувьд би ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр ер нь хот хөгжүүлэх тал дээр иргэдэд сонголтыг нь өгсөн нь зөв болов уу. Хүн УУ –тай ойрхон амьдрахыг хүсч байна уу. Эсвэл маш гоёмсог далайн эргийн хотод амьдраад нисч очоод уурхай дээр ажиллаад буцаад гэртээ тухтай амрахыг хүсч байна уу гэдэг сонголтыг л өгөх хэрэгтэй. 

Бидний хувьд ямар загварыг дагаж байгаа вэ гэхээр Ханбогдод бидний хэрэгцээг хангах ажиллах хүчин байхгүй байгаа учраас Даваа гарагийн өглөө манай мэргэжилтнүүд Улаанбаатараас нисч ирээд Баасан гараг хүртэл ажиллаад эргээд гэртээ харьдаг. Яг мэдлэг, ур чадварын хувьд бидний хэрэгцээ шаардлагыг хангасан хүмүүс Улаанбаатарт байдаг. 

Хот хөгжлийн чиглэлээр Монгол Улс Австралийн загварыг хуулах боломжгүй. Бас нэг өөр улсын загварыг ч хуулах боломжгүй. Хамтарч ажиллаж байж л аль нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. 

Бидний бизнесийн гол чиглэл бол хот хөгжил мэдээж биш. Гэхдээ бид үйл ажиллагаагаа явуулахын тулд ард иргэдтэй яриа хэлэлцээ хийж хамгийн тохиромжтой хувилбарыг эрэлхийлдэг. 

Уурхайн талбайгаас ердөө 30 км-ийн зайд Ханбогд сум байрлаж байгаа бөгөөд цаашдын хөгжлийн боломж асар их гэдгийг хэлмээр байна. 

- Нислэгээс нислэгийн хооронд ажиллаж, амьдарч байгаа Монгол ажилчдын нөхцөл байдалд судалгаа хийсэн байдаг болов уу?
- Ажилчдынхаа дунд сэтгэл ханамжийн судалгааг бид байнга хийдэг. Одоогийн байдлаар манай ажилтнуудын маань сэтгэл ханамж маш өндөр байгаа учир бид системчилсэн судалгааг хийгээгүй байна. 

Харин бид яг ямар ажлын байрыг ОТ талбай дээр ирж хийх ёстой вэ гэсэн судалгааг хийж байна. Улаанбаатарт байгаа оффисын ажилтнуудын маань хийх боломжтой ажлыг заавал бид ОТ руу нисч очиж хийх шаардлагагүй. Энэ талаас нь бид судалгааг хийж байна. 

- ОТ блокчлон олборлох аргаар олборлолтоо хийх гэж байгаа анхны уурхайнуудын нэг. Энэ аргаар ажиллах нь ижил төстэй уурхайнуудаас зардлаа хэр хэмжээнд хэмнэх боломжтой вэ?
- Блокчлон олборлоно гэдэг гүний уурхайн олборлолтын нэг төрөл юм. Гурван долоо хоногийн өмнө би Монголын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны ажлын хэсгийнхэнд энэ олборлолтын талаар танилцуулсан. Гол санаа нь юу гэхээр олборлолтоо эхлэхээс өмнө нэвтрэх ёстой бүх гарцуудаа хийчихдэг юм.  

Энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд эхний хөрөнгө оруулалт их өндөр байдаг. Яагаад гэхээр хүдрийн биетүүдэд хүрэх бүх гарцуудыг хийх шаардлагатай. Нэгэнтээ эхний гарцуудыг гаргачихвал үйл ажиллагааны зардал маш бага байдаг. 

Хамгийн эхний хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллар шаардсан. 2027 он гэхэд олборлолт тогтвортой явагдаад ирэх хүртэл нэмэлтээр 2.8 тэрбум долларыг мөн зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 

2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр бидний үйл ажиллагааны зардал маш бага байна. 

14, 28 метрийн хэмжээтэй 2,000 ширхэг гарцыг хийнэ. Анх энэ бүхнийг хийхэд л хамгийн их зардал орж байгаа юм. Бусад ордын хувьд ухаад олборлолтоо хийгээд л дахиж ухаад олборлолтоо хийдэг бол бид анхнаасаа хүдрийн биетээ тодорхойлоод гүнээс нь олборлоно гэсэн үг. 

Гүний уурхайн танилцуулга видео,

- Нөхөн сэргээлтээ хэрхэн хийнэ гэсэн үг вэ?
- Гүний уурхайн хувьд ил уурхайтай харьцуулахад орчиндоо үзүүлэх нөлөө нь бага байдаг. 

20-25 жилийн дараа хонхор газар бий болдог. Яагаад гэхээр тэнд байгаа хүдрийн биетийг авчихсан учир. 

- Рио Тинто ОУВС-нд нөлөөлж манай улсын хөтөлбөрт хамрагдах боломжийг хаасан гэх мэдээлэл явсан. Учир нь дотоодын банкуудаар гүйлгээ хийхийг шаардсан Монголын төрийн шаардлагад ийм хариу барьсан гэх мэдээлэл гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
- Миний огт мэдэхгүй зүйл учраас хариулж мэдэхгүй байна. 

- Рио Тинто татсан санхүүжилтаа өөр төслүүдэд ашигладаг гэсэн мэдээлэл ч гарсан. Үүнд албан ёсоор тайлбар хийж болох уу?
- Энэ миний хариулах ёстой зүйл биш байна. Гэхдээ их утгагүй сонсогдож байна. 

- Австралид гүний усыг уул уурхайд ашиглахаас аль болох татгалздаг юм байна. Харин ОТ төсөлд гүний ус ашиглаж байгаа. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
- Австралийн хувьд усны эх үүсвэр олон учраас өөр эх үүсвэрийн ус ашиглах боломжтой байдаг. Харин ОТ –н хувьд гүний уснаас өөр эх үүсвэр байхгүй байна. Гэхдээ бид хэрэглэж байгаа усныхаа 85 хувийг эргэж ашигладаг. Нэг тонн зэсийг олборлоход ашиглаж байгаа усны хэмжээгээр дэлхийд хамгийн бага зарцуулалттай ажиллаж байна. 


Ноён Марко Пирэс ОТ-ын төслийн тухай “РТ-ийн хувьд "Өсөлт" хэсэг дэх хамгийн их хөрөнгө оруулалттай, хамгийн өндөр технологийг ашиглаж буй төсөл бол ОТ юм. 

Энэ төслийн хувьд орон нутгийн иргэдийн оролцооны түвшинг өндөр хэмжээнд байлгана гэж зорьж байгаа. 20 жилийн дараа гэхэд Ханбогд шал өөр хот болно гэж үзэж байна.  Гурван долоо хоногийн өмнө Өмнөговийн улстөрийн зүтгэлтнүүдтэй бид уулзсан. Энэ бол ил тод байх гэсэн зорилтын хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа юм. 

РТ аливаа төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн хууль тогтоомжийн шаардлагыг л хангаад өнгөрнө гэсэн үг биш. Бид алсыг харсан бодлоготой. 

Энэ төслийн хүрээнд аль нэг тал зөвхөн гэрээнийхээ хэмжээнд хүлээж байгаа үүргээс гадна  маш олон зүйлд дам нөлөөлөх болно. ОТ-д шууд хөдөлмөр эрхэлж байгаа 10 мянган ажилтан бий. Энэ хүмүүсийн цалин гэхэд Монгол Улсын дундаж цалингаас хавьгүй өндөр. Нөгөө талаасаа энэ хүмүүсийг бид тасралтгүй сургадаг. Тэд өөрсдийнхөө ур чадварыг байнга хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. 

Төслийн нэгдүгээр шатанд гадаадын мэргэжилтнүүдийг маш их хэмжээгээр авчирч ажиллуулж байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Одоогийн байдлаар 3,200 ажилтан гадаадын ямар нэгэн мэргэжилтний оролцоогүйгээр ажиллах боломжтой болсон” гэж нэмж ярьсан юм.