Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд “богино банзалтай гэрийн туслагч” робот бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Хүмүүс iPhone утасныхаа Siri туслагчтай ярилцахдаа түүнээс найз залуутай эсэхийг асуухад булзааруулж, ярианы сэдвийг өөр зүгт хандуулдаг билээ.

Тэгвэл Японы Vinclu Inc. компани энэ дутагдлыг нь нөхсөн гэрийн робот туслагч бүтээжээ. Хикари Азума хэмээх нэртэй, богино банзал бүхий аватар нь эзэнтэйгээ ярилцаж, өглөө сэрээж, гэрлийг нь асааж өгдөг. Ажил дээрээ байхад нь мессэжээр харилцаж, гэртээ ирэхэд нь мэндэлж угтдаг.

Түүний үнэ нь 300,000 иен ($2,600) юм байна.

Өнөөдөр Amazon, Google зэрэг технологийн компаниуд дуу хоолойгоор удирддаг айл өрхийн туслагч роботуудыг зах зээлд гарган өрсөлдөж эхэлсэн. Гэвч Vinclu компанийн үүсгэж байгуулагч Минори Такечигийн үзэж байгаагаар тэдгээр бүтээгдэхүүн нь хэтэрхий техник суурьтай, хатуу ажиллагаатай гэнэ. Харин Такечигийн үзэж байгаагаар хүний дижитал туслагч нь эзэнтэйгээ сэтгэл зүйн дотно харилцаа тогтоож, дулаан уур амьсгал бүрдүүлж байх ёстой ажээ.

 29 настай Такечи “Миний үзэж байгаагаар хүмүүс өдөр тутмын амьдралаа өөрийн дуртай, зохиомол дүрийн баатартай хуваалцдаг байх ёстой” гэж тайлбарлаж байна. Түүний бүтээсэн Хикари Азума нь GateBox хэмээх төхөөрөмжийн шилэн цилиндр дотор холограм хэлбэрээр ажилладаг.

Түүнтэй сээтэгнэсэн ч болно. Гэр бүлгүй ганц бие хүн ам нэмэгдэж байгаа Японд ийм бүтээгдэхүүн эрэлттэй байна гэж зохион бүтээгчид нь үзжээ.

Тэд бас төрөл бүрийн аватараас сонголтоо хийдэг болгох юм байна.

Vinclu ганцаараа ийм бизнес санаачлаагүй. Groove X компани мөн ийм бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа ажээ.

2015 онд 20 сая иений хөрөнгө оруулалт босгон Vinclu компани байгуулагдсан байна. Тэдний анхны хөрөнгө оруулагчдын дотор Софтбанк компанийн үүсгэн байгуулагч Масаёши Соны дүү Тайзо Сон байгаа гэнэ.

Сүүлд тэдний компанийн гол хувьцааг Японы хамгийн том мессэнжэрийн компани Line Corp худалдаж авсан байна.

Такечи 10 настайдаа ээжийгээ даган Африкийн Малави улсад хоёр жил амьдарсан юм. Малариа тахалтай тэмцэх засгийн газрын ажлаар очсон ээжийнхээ эзгүйд тэрээр хүмүүстэй хэл ойлголцохгүй тул зөвхөн Покемон тоглоомтой цагийг өнгөрөөдөг байсан нь өнөөдрийн бизнесийг босгох санаа болж өгсөн гэнэ.

 

Эх сурвалж: Japan Times