Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан настнуудын бүртгэл энэ долоо хоногт ДУУСНА

Б.Туул
2017 оны 5 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2011 онд төрсөн зургаан настнууд энэ жил, нэгдүгээр ангид элсэн орно. Ирэх намар дунд сургуулийн босго алхах бяцхан сурагчдыг харьяа сургуулиуд нь бүртгэж дуусах шатандаа орж байна. Нийслэлийн боловсролын газраас хамран сурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

“Энэ жил нэгдүгээр ангид 32,623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна.

Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж, төлбөр тооцоо авахгүй” гэдгийг албаныхан хэлэв.

Хэрэв та зургаан настай хүүхдээ харьяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй бол

  • Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
  • Нэг хувь чээж зураг

бүрдүүлээд сургуульд нь амжиж бүртгүүлээрэй. Шаардлагатай тохиолдолд хамран сургах тойргийг нь баталгаажуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь лавлагаа болон үзэх юм байна. 

БАЯНЗҮРХ, СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ ХАМГИЙН ОЛОН ЗУРГААН НАСТАНТАЙ

Хамран сурах тойргийн хүүхдүүдийн урьдчилсан мэдээг дүүрэг, хорооноос нь гаргаж сургуулиудад нь тарааж дуусжээ. Өмнөх жилүүдийн зургаан настнуудын бүртгэлээс харахад, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд хамгийн олон зургаан настантай байв.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт л гэхэд төрийн өмчийн 20 сургууль байдаг. Харин хамгийн олон хүүхэд ногдож байгаа нь 84, 14 дүгээр сургууль гэдгийг багш нар нь хэлж байна.

ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР ХЭДЭЭС ЭХЛЭХ ВЭ?

Нэгдүгээр ангийнхны элсэлтийг энэ жил төрийн бус сургууль гэж ялгалгүйгээр зэрэг зохион байгуулж буй. Хэдийгээр нийслэлийн захад оршин суудаг ч хүүхдээ хотын төвийн сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг эх байдаг. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас "Бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байна.

Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарсан.

Сургууль бүрийн сургалтын чанарыг сайжруулж, сайн муу гэсэн яриа, ялгаа заагийг арилгах чиглэлд олон ажлыг төлөвлөн хийж байгаа"-г албаныхан онцлов.

Одоогоор улсын хэмжээнд 140 орчин хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэй нь "International School of Ulaanbaaatar" буюу Улаанбаатарын олон улсын дунд сургууль байсан. Тус сургуулийн төлбөрийн хувьд хоёр сонголттой. Хэрэв таны хүүхдийн сургалтын төлбөрийг албан байгууллагаас тань төлөх бол 30 мянган ам.доллар буюу өнгөрсөн жилийн ханшаар ойролцоогоор 51 сая орчим төгрөг байсан.

Харин бусад сургуулийн төлбөр энэ ханшаас доошлоод жилийн гурван сая орчим төгрөгийн төлбөртэй байна. Сургалтын төлбөр нь хоёр сая төгрөг дотор багтаж байгаа хувийн сургууль гарын 10 хуруунд тоологдохоор цөөн байгаа юм.

Зураг