Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Жаргалантуул: Эрдмийн баяраар сурагчдаас мөнгө хураахгүй байх чиглэл өгсөн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Сурагчдын холбооны төлөөлөлүүд эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НБГ-ын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Эрдмийн баярыг тэмдэглэх хүрээнд жил бүр зөвлөмж гаргадаг.

Зөвлөмжиндөө бүх дүүргийн боловсролын хэлтэс, багш нар, эцэг эхчүүд юуг анхаарах талаар нилээд нарийвчилж тусгаж өгдөг.

Эрдмийн баярыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах зөвлөмж хүргүүлсэн.

Эрдмийн баярыг тохиолдуулан сурагчдаас мөнгө хураах тохиолдол их байдаг.

Үүнийг болиоч ээ гэсэн чиглэл өгсөн" гэлээ.  

Ногоон бүсэд аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

НЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг "Оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" нэгдсэн арга хэмжээг 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ нь сүүлийн 20-иод жил зохион байгуулагдаж байгаа.

Арга хэмжээнийхээ хүрээнд "Сайн үйлс саруул ухаанд хөтөлнө" гэсэн уриалга дэвшүүлсэн.

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын Газрын 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгоод байгаа.

"Төгсөлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 Ерөнхий Боловсролын Сургууль эрдмийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлээд байна. 

Ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх зөвлөмж гаргасан. 

Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, согтууруулах ундаа хэрэглэхгүй зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байна. 

Энэ жилийн төгсөлтийн баярын гол онцлог нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн идэвхтэй үүрэг оролцоотойгоор насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, оюутан залуучууд согтууруулах ундаанаас татгалзаж амьдралын зөв хэвшлийг сонгож байгаа явдал юм" гэв. 

БСШУЯ-ны сайдын тушаал: /Бүрэн эхээрээ/