Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн сурагчдын дунд түүхийн олимпиадыг жил бүр зохион байгуулна

ikon.mn
2017 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголчууд дэлхийн түүхийн хэмжээний сурвалжит түүх, соёлыг бүтээсэн агуу ард түмэн. Өнөө цагт Монголын түүхийн мэдлэг асар их байгаа юм шиг атлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, арга зүй, эс сурвалжид тулгуурлсан түүхийн мэдлэг Монголчуудад маш бага байдаг.

Уг түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин луугаа адил гэж хүн бүр ярьдаг атлаа энэ үгийг анх хэн ямар түүхэн эх сурвалжаар дамжуулан бидэнд үлдээсэн, ямар утга учиртай үгийг ухаж ойлгоогүй, түүхийг утга уянга, яруу найраг, сэтгэл хөдлөлийн шинж чанартай ойлгодог юм байна. Тиймээс бид түүхийг мэддэг юм шиг атлаа төсөөлөл буруу, шинжлэх ухаанчаар Эх түүх, дэлхийн түүхийн мэдлэгт ханддаггүй  юм байна.

Түүхийг шинжлэх ухаанч зарчмаар судалснаар өнгөрсөн үйл явдлын саад бэрхшээл түүнийг даван гарсан амжилт бүтээлийн нууцыг тайлах ба мөн ирээдүйгээ тодорхойлох сургамж, туршлагыг олж авдаг. Хэн түүхийн сургамжийг мэдэрч чадна тэр өөрийн суралцаж буй эрдмийн их хүрээлэндээ сайн мэргэжилтэн болж чадна.

Тиймээс ЕБС-ийн сурагчдын дунд эх орныхоо түүх, соёлын өв уламжлалыг танин мэдэж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүллийг дэмжиж, БСШУСЯ-ны сайдын тушаалаар түүхийн улсын олимпиадыг жил бүр тогтмол зохион байгуулах боллоо.

Түүхийн улсын олимпиадын нэгийн даваа 2-р сард, хоёрын даваа 3-р сард зохион байгуулагдсан ба гурвын даваа 5-р сарын 4,5-ний өдрүүдэд зохион байгуулагдаж 21 аймаг, нийслэлээс шалгарсан 30 сурагч, 30 багш нар түүхийн улсын олимпиадын 3-ын даваанд өрсөлдөв.

Олимпиад нь түүхийн боловсролыг дэмжих, Монголын болон дэлхийн хүн төрөлхтөний түүхийн өв уламжлалаас суралцах, судлах ирээдүйн түүхч,  гадаад харилцааны мэргэжилтнийг бэлтгэх, ЕБС-ийн түүхийн багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгджээ.
 

Түүхийн улсын олимпиадыг цаашид БСШУСЯ-наас гадна ГХЯ-ны ивээл доор зохион байгуулагдахын зэрэгцээ, 2018 оноос гадаад орнуудад амьдарч буй, монголын иргэдийн хүүхэд залуучуудын дунд болон Мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг оюутан залуучуудын дунд Монголын түүхийн мэдлэгийг Мэдээлэл технологийн дэвшилд ашиглан түүхийн сонирхолтой бүтээгдэхүүн болгох чиглэлээр өргөжин зохион байгуулахаар хамтран ажиллах санамж бичигт Түүхийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хороо, Гадаад харилцааны яам гарын үсэг зурж баталгаажуулж санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ олимпиад цаашдаа зөвхөн ЕБС-ийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулагдахаас гадна хилийн чанадад суугаа Монгол иргэдийн хүүхэд багачуудад тэдний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тохирсон, Эх түүх зан заншлаа судлах хүсэл эрмэлзлэлийг төрүүлсэн олимпиад болж өргөжинө гэдэг найдаж байна.

Мөн Монголын бахархалт түүх, зан заншлыг мэдээллийн технологийн дэвшлээр илэрхийлсэн зорилтот уралдаан болгох талаар бид хамтран ажиллахаар болсондоо бид нэн таатай байна гэж ГХЯ-ны сайд Ц. Мөнх-Оргил Олимпиадад оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ онцлон тэмдэглэсэн байна. Энэ олимпиадын шагналын сан их өндөр байлаа. 1-р байранд шалгарсан оюутан МУИС-ийн ОУХС-д Гадаад харилцааны яамны нэр дээр суралцах эрхийг бичгээр шагнагдсан байна.

Дараа жилийн олимпиадын шилдгийг тус яам Москвагийн ОУХДС-д суралцуулна гэж амлалт өгч энэ удаагийн олимпиадын мөнгөн шагналыг ивээн тэтгэсэн төдийгүй Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил хувиасаа 1 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн байна.

 

Уралдаанд оролцогчид: Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Э. Сэргэлэнбаатар "Улсын хэмжээний түүхийн анхдугаар олимпиадын алтан медалийг авсандаа маш их баярлалаа. Олимпиадын зохион байгуулалт, тэмцээн маш сайхан боллоо. Түүхийн хичээлдээ их сонирхолтой байсан. Хойшид сурах зүйл их олон байгааг өөртөө мэдэрлээ. ГХЯ-ны урилгаар МУИС-ийн ОУХС-д суралцах болсондоо маш их баяртай байна. Ийм хэмжээний шагналтай, том олимпиадын тэргүүн байрын эзэн болсондоо маш их баяртай байна" 

Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 1-р бүрэн дунд сургуулийн 12в ангийн сурагч С. Мөнхсувд "Түүхийн анхдугаар олимпиадын 3-р байранд орсондоо баяртай байна. Эх түүхээ судлаж, ойлгох явцдаа өөрийгөө олж авч, танин мэдсэн маань хамгийн том амжилт байлаа. Анх удаа зохион байгуулагдаж байгаа болохоор зарим нэг дутуу зүйл байсан боловч миний амьдралын минь тодоос тод түүхийг энэ олимпиад бичилцлээ. Цаашид сурах зүйл их байна"

Дархан уул аймгийн 9-р сургуулийн сурагч Дарамбал хүүгийн аав Нармандах "Хүүгээ энэ олимпиадад амжилттай оролцсонд их баяртай байна. Шагналын сан нь өндөр, түүндээ түүхийн олон ном бэлэглэсэнд баяртай байна. Хүү маань түүхийн хичээлдээ их дуртай. Цаашид сайн суралцагч хүн болж байгаад нь бахархаж байна. Олимпиадаа улам өргөн хэмжээнд олныг хамруулж зохион байгуулахыг хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсий"

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ЕБС-ийн багш Д. Энхбаатар "Өөрийн ангийн сурагч Б. Анужингаа олимпиадад “сойж” уралдуулаад амжилттай оролцуулж мөнгөн медаль авсандаа баяртай байна. Ингэж холоос ирэх цаг зардлыг ойлгож өндөр шагналын сантай, зохион байгуулалт өндөртөй олимпиад хийсэнд их баяртай байна.

ГХЯ-ныхан, олимпиадын комисст, МУБИС-ийн багш нартаа баярлалаа. Манай сургуулийн багш нар олон олимпиадад оролцохоор УБ хотод ирсэн. Тэдэндээ, багш нартаа гайхуулж ярих сонин сайхан мэдээтэй, номтой буцаж байгаадаа баяртай байна. Дараагийн олимпиадад хүүхдүүдээ бэлтгэх урам зоригтой байна"

УБ 84-р сургуулийн багш Т. Амармэнд "Түүхийн анхдугаар олимпиад сайхан болж өндөрлөлөө. Багш нарын дунд зохион байгуулагдсан нь бие биенээсээ суралцах, хамтран ажиллах боломж нөхцлийг бүрдүүлсэн өндөр зохион байгуулалттай боллоо. Цаашид өөрөө ч дахиад оролцоно, сурагчдаа ч сайн бэлтгэж оролцоно. Хүрээллээ өргөсгөсөн том олимпиад болоорой"

Говь-Алтай амгийн Тонхил сумын багш М. Хүүхнээ "Анхдугаар олимпиадад 21 аймгийн 30 шилдэг багштай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэндээ их баяртай байна. Зохион байгуулалт сайтай, багш нарт урам өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо. Багш нараасаа их зүйл суралцлаа.

Урам зориг төрүүлэм шагнал авлаа. Зохион байгуулсан комисс, Боловсролын яам, ГХЯ-ны хамт олонд маш их баярлалаа. Ажилдаа сэтгэл гарган хариуцлагатай хандсан МУБИС-ийннхандаа талархаж байна. Хүүхдүүдээ олимпиадад сайн бэлтгэж идэвхтэй оролцож байнаа. Энэ сайхан үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлээрэй" гэв.