Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн видео тоглоом үйлдвэрлэгчид дэлхийд цахиур хагалж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Камеруны тоглоом бүтээгчдийн гаргасан Aurion тоглоомын нүүр хуудас

Дэлхийд хөгжлөөрөө хамгийн хоцрогдсон, тогтовргүй байдал, өвчин тахлаараа нэр нь байнга дуурсагдаж байдаг Африк тив дижитал технологийн салбарт цахиур хагалж эхэлжээ.

Тус тивийн хэд хэдэн оронд сүүлийн 10 жилийн дотор видео тоглоомын үйлдвэрлэл амжилттай хөгжиж, орлогын хэмжээ нь эрчимтэй нэмэгдэж эхлээд байна. Үүнд Тунис, Египет, Өмнөд Африк, Нигери, Гана, Кени улсууд тэргүүлж байгаа юм.

Дараах графикт 2017 онд Африкийн улс орнуудын тоглоомын салбараас олох орлогын төсөөллийг харуулжээ.

Африкийн програм хөгжүүлэгчид уламжлалт финтек (санхүүгийн) бүтээгдэхүүнээ өргөжүүлж, эрүүл мэнд, боловсрол, даатгал, тоглоомны салбарт тэлж эхэлсэн байна.

2016 онд анх удаагаа персонал компьютер болон консол төхөөрөмжийн тоглоомны орлогоос гар утас, таблетын тоглоомын орлого давж гарсан нь үүнд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл мобайл тоглоомны давамгайллыг Африкчууд амжилттай ашиглаж эхэлсэн байна.

Одоогоор Олон Улсын Тоглоом Хөгжүүлэгчдийн Холбоо зэрэг бусад тоглоомын програм хөгжүүлэгчдийн байгууллагууд Африк даяар долоон салбараа нээгээд байгаа юм.

Африкчуудын тоглоомын сэдэв нь тус тивийн түүх, соёл, уламжлалт амьдралын хэлбэрийг харуулснаараа онцлог. Африкийн супер баатрууд Африкийн хот тосгонуудад байнга тохиолддог зовлон бэрхшээлтэй тэмцэж байгааг үзүүлэх нь түгээмэл сэдэв юм.

Терроризмтай тэмцэх, Эбола вирустай тэмцэх тэмцлийг үзүүлсэн тоглоомууд ч бий.

Үүнийг дагаад гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид Африкийн видео тоглоомын салбарыг сонирхож эхэлсэн нь удахгүй тус тивийн орнууд дэлхийн томоохон технологийн тоглогч болох ирээдүйтэйг харуулж байна.

 

Эх сурвалж: Quartz