"Хотын хөгжил Шинжлэх ухаан технологи" олон улсын Бага хурал Шангри-Ла зочид буудлын их танхимд өнөөдөр эхэлж байна.
ВИДЕО:
Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Монголын Хотуудын Холбоо ТББ-ын Ерөнхийлөгч Ц.Сандуй хурлыг нээж үг хэллээ.
Тэрбээр "Хотын хөгжил-Шинжлэх ухаан технологи" бага хурал эхлэж байна. Өнөөдрийн бага хурал нь Монгол Улсад хотыг хөгжүүлэх, хуулийн хүрээг бий болгох үр өгөөжтэй.
Бага хуралд олон улсын хамтын ажиллагаатай хотууд, төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Ингээд Бага хурлыг албан ёсоор нээж байна" гэлээ.
Энэ удаагийн олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Хурлын нэр, агуулгыг хараад надад Монголын их найрагчийн нэгэн сайхан шүлгийн мөр санаанд орж байна. Их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ
“Дөрвөн цагийн улиралд
Дураараа нүүх нутагтай” гэж шүлэглэсэн нь бий. Их найрагчийг энэхүү алдарт шүлгээ бичиж байх үед Монгол Улс бүхлээрээ нүүдлийн соёл иргэншлийн төв, гол төлөөлөл нь байлаа.
Харин өнөөдөр нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэхүү шинэ соёлын төв нь Улаанбаатар хот юм. Тийм ч учраас бид өнөөдөр Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй, орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх тухай ярилцаж байна.
Улаанбаатарыг өнөөдөр нэг хороо, нэг дүүргээр нь хэсэгчлэн хөгжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл Улаанбаатар бол суурин соёл иргэншлийн төв. Тийм учраас нэг саяас дээш хүн амтай, суурин соёл иргэншлийн төв болсон Улаанбаатар хотын хөгжлийг цогцоор нь буюу бүхлээр нь харсан инженерийн шийдлээр хөгжүүлэх ёстой.
Инженерийн шийдэлтэй, Их хот буюу метрополис хотыг байгуулах, хөгжүүлэх нь та бидний эрхэм зорилго юм. Үүний төлөө оюун ухаанаа уралдуулж, боломжтой санаа оноог нь хэрэгжүүлэх хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар өнөөдөр хүн амын өсөлтөөрөө метрополис хотын төвшинд нэгэнт хүрсэн, харин хөгжлөөрөө хоцорч явна.
Монгол Улс бол Төв Азийн зүрхэнд оршдог бүрэн эрхт тусгаар улс. Түүний нийслэл нь дэлхийн стандартаар дагуул хотын хэмжээний хөгжилтэй байж болохгүй. Энэ бол манай Засгийн газрын байр суурь. Бусдын нийслэл орчин цагт ямар хөгжилтэй байна вэ, айлын хүүхдүүд ямар хотод өсч сурч хүмүүжиж байна вэ, Монгол Улсын нийслэл яг л тийм байх ёстой. Энэ бол манай Засгийн газрын төдийгүй монгол хүн бүрийн мөрөөдөл юм. Энэ мөрөөдлийг биелүүлэх, бодит ажил хэрэг болгохын төлөө мэргэжлийн инженерүүд илүү ухаанаа зарж, улстөрчид, хотын удирдлагууд тэднийг сонсож ажил хэрэг болгох ёстой, үүнийг л шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх гэнэ.
Орчин цагийн хөгжилтэй хот гэж гоё ганган, олон давхар шилэн барилгуудын тухай би яриагүй. Улаанбаатар хотын удирдлагууд маань “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хотын айл болгон, хүн бүрийг аз жаргалтай амьдруулна гэдэг амаргүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдана. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүрэх ёстой холын зорилгыг ойртуулахын төлөө улс төрийн эр зориг гаргаж, энэ чиглэлээр эрч хүчтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд, түүний баг хамт олон, ИТХ-д Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе.
Миний бие нэгэнт Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхэд инженерийн шийдэл хамгийн чухал гэж үзэж байгаа учраас тэднийг оюун ухаанаа зарцуулах, зураг төсөл боловсруулахад санаа болгож хэдэн санал хэлье.
Ер нь хотын хөгжил гэхээр л метротой болох, давхар зам, гүүрэн гарц барих зэрэг дандаа том төслүүд биш юм. Хотын хөгжил жижгээс эхэлнэ. Хотын соёлтой иргэн гарцан дээр явган зорчигчийг дайрчих гээд зүтгээд байхгүй. Хэрвээ бүгдээрээ гарцан дээр явган зорчигчдод зам тавиад сурчихвал хотын иргэн аюулгүй, амгалан амьдрах нэг шалгуур бүрдэнэ. Аюулгүй, амгалан амьдралтай хотыг хөгжилгүй хот гэж хэн ч хэлэхгүй.
Эцэст нь хэлэхэд хотын хөгжил бол улсын хөгжлийн үндэс юм. Тийм учраас Улаанбаатар хот маань ирээдүйд Азийн нүүр царай болсон, олон улсын төвшинд өрсөлдөх чадвар бүхий бизнес, эрүүл мэнд, боловсролын төв бүхий инженерийн шийдэлтэй их хот /метрополис/ болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Тийм сайхан хотыг бүтээж, тийм сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн төлөө өнөөдрөөс эхлэн зүтгэх нь Та бидний үүрэг, зугтааж үл болох хариуцлага гэдгийг хэлье" гэлээ.
Хоёр өдөр үргэлжлэх олон улсын Бага хурлаас зөвлөмж гаргаж батлах аж.