Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсайхан: “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хүрээнд хийгдэх ажлууд хэвийн үргэлжилж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхантай Монголбанкнаас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх ажлуудын явц ямар байгаа тухай мэдээлэл авлаа.

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөл манай улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-төө хамруулах шийдвэр гаргахаа хойшлуулсан гэсэн мэдээлэл тархаад байна.  Энэ нь хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны зүгээс хийж гүйцэтгэх ажилд нөлөөлөх үү гэдгийг юуны өмнө сонирхож байна.

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай талаас тодруулах зүйл гарснаар түр хойшилсон. Монголбанкны хувьд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал хойшилсон нь ажлаа хойш тавих нөхцөл гэж үзэхгүй байна. Иймд, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлын товоос үл хамааран Монголбанк олон улсад нэр хүнд бүхий зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлаа хуулийн дагуу хэвийн үргэлжлүүлж байгаа.  

-Тэгвэл ажлын явц ямар шатандаа хэрэгжиж байгаа тухай энэ дашрамд мэдээлэл өгнө үү? 

-Та бүхний мэдэж байгаагаар Монгол Улс ОУВС-тай хамтран макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Монгол Улс уг хөтөлбөрт хамрагдахын тулд ОУВС-гийн шаардлагын дагуу гурван урьдчилсан нөхцөл, болзлыг хангах үүрэг хүлээсэн. Үүний нэг нь Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ-аар батлуулах байсан бол Монголбанкны хувьд төсвийн шинж чанартай үйл ажиллагааг зогсоох, мөн банкны салбарын актив хөрөнгийг үнэлэх хөндлөнгийн, олон улсад нэр хүнд бүхий зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхэд байгаа юм.

Монгол Улсын зүгээс эдгээр урьдач нөхцөлөөр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлсэн. Тодруулбал, ОУВС-гийн зүгээс банкуудын активын иж бүрэн үнэлгээ хийх олон улсад нэр хүнд бүхий зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулах ажиллагааг богино хугацаанд эхлүүлэх шаардлага тавьсан.  Цаг хугацаа давчуу, боловсруулж нягтлах ажил их байсан ч Монголбанк заасан хугацаанд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлж чадсан.

Одоогоор тус тендерийн үйл ажиллагааны хүрээнд гадаадын зөвлөх байгууллагуудаас банкны салбарт үнэлгээ хийх тендерийн материалыг хүлээн аваад байна. Сонгон шалгаруулалтын ажил холбогдох хуулийн дагуу  хэвийн үргэлжилж байгаа.

-Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үүнээс өөр хэд хэдэн ажлууд Төв банкны хүрээнд тусгагдсан шүү дээ. Тэдгээрийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа вэ? 

-Тийм ээ. Монголбанкны хувьд хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон ажил төлөвлөн ажиллаж байна. Түрүүн хэлсэн банкны салбарын активын чанарын үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийх арга хэмжээнээс гадна хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын зарчим, шилдэг туршлагад нийцүүлэх, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт ажлууд бий.

Хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг тодорхой заасан байгаа бөгөөд эдгээр бүх арга хэмжээг цаг хугацаанд нь хийхийн тулд Монголбанк боломжтой бүхий л нөөц, бололцоогоо шавхан ажиллаж байна. 

-Хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар авах  арга хэмжээний талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

- Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк нь “Банкны тухай хууль”, “Хадгаламжийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөгдсөн. Гэхдээ эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь үүнээс өмнө “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны ерөнхий хөтөлбөр” дэх Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулж ОУВС-тай зөвшилцөн эдгээр хууль эрх зүйн шинэчлэлийг хөтөлбөрт хамруулж хийхээр төлөвлөөд байна. Эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулан, мөрдүүлснээр Төв банкнаас хэрэгжүүлдэг банкны хяналт шалгалт нь дараагийн түвшинд ахих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд олон улсын зарчим, шилдэг туршлагад илүү нийцтэй болно гэж үзэж байна.

Түүнчлэн хадгаламжийн даатгалын тогтолцооны системийг илүү боловсронгуй болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэнээр санхүүгийн тогтвортой байдал болон хадгаламж эзэмшигчдийг хамгаалсан тогтолцоо бэхжих үр дүнд хүрнэ.

-Эргээд банкуудын активын чанарын үнэлгээний талаар нэг зүйл тодруулахад тус үнэлгээ хийх шаардлагын талаар тодруулж өгөөч?

-Юуны өмнө ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх бүрт тухайн орны банкны системд активын үнэлгээ хийх шаардлага тавьдаг. Учир нь, тухайн улс авсан зээлээ ирээдүйд эргэн төлөх чадвартай байхын тулд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох ёстой.

Эдийн засгийг идэвхжүүлж, өсөлтийг бий болгохын тулд эдийн засагт зээлжүүлэлт хэвийн явагдаж байх учиртай. Зээлжүүлэлт буюу санхүүгийн зуучлал хэвийн явагдах гол хүчин зүйл бол эрүүл саруул банкны систем юм. Иймд ОУВС хөтөлбөр хэрэгжиж буй тухайн улс бүрийн банкны системийн нөхцөл байдлыг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, дүгнэлт гаргуулахыг шаарддаг юм.

-Баярлалаа