Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын хуралдаанаас “Ховд дулааны станц” компани байгуулахаар шийдвэрлэлээ

ikon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын өнөөдрийн /2017.05.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр-

“Талын зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулна

“Талын зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг хэлэлцэн дэмжив.

2013 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш дотоод, гадаад бодлогын стратегийн чиглэлээ болгож, дэлхийн улс орнуудыг энэ санаачилгад нэгдэхийг уриалж хамтран ажиллаж байна.

Энэ нь Зүүн Азийн 11 улс, Баруун Азийн 18, Өмнөд Азийн найм, Төв Азийн тав, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн долоо, Төв болон Зүүн Европын 16 нийт 65 улс болон бүс нутгийг хамарсан стратегийн томоохон санаачилга юм.

Энэ санаачилга нь бодлогын зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар холбогдох, худалдаа, санхүү, иргэдийн харилцаа холбоо зэрэг тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.

1,150 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байна

Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үүрэг бүхий “Ховд дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт үйлдвэрлэл хөгжиж, хүн амын тоо нэмэгдэн, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц олноор бий болохын хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна.

Иймээс аймгийн төвийн дулаан хангамжид техник технологийн шинэчлэл хийж, мэргэжлийн байгууллагын бодлого, шуурхай удирдлагаар хангахын тулд станцыг байгууллаа.

Манай улсын 2012-2014 оны төсвийн нийт 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн төв Жаргалан суманд шинээр 36 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станц, дулааны төв шугам, дулаан дамжуулах төвүүд шинээр баригдсан.

Мөн хэрэглэгч хүртэлх дулааны салбар шугам сүлжээ шинээр баригдан 2014 онд барилга угсралтын ажил нь дуусч, эрчим хүчээ өгч эхэлсэн юм.

Өмнөх “Ховд аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн төвийн төсвийн 21 байгууллага, 60 орчим аж ахуйн нэгж, 1,150 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байна

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс