Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол төгрөгийн 3.8 жилийн насыг уртасгахад ТАНЫ ТУС ХЭРЭГТЭЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Халаасанд тань явж буй төгрөг бүр манай улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, эдийн засгийн баталгаа гэдгийг мэдэх үү? Та эх орондоо хайртай л бол Чингис хаан, Их жанжин Д.Сүхбаатарын зурагтай мөнгөн тэмдэгтээ ч мөн адил хайрлах хэрэгтэй. Учир нь мөнгөн тэмдэгтийг бүтээхэд багагүй зардал, хөдөлмөр шингэсэн байдаг.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтээ урж тасдах, бохирдуулах, хуурамчаар хэвлэх, дээр нь зурж бичих, тэр ч бүү хэл шашны зан үйлд ашиглах зэрэг хариуцлагагүй үйлдэл ихсэх болжээ. Энэ нь монгол төгрөгийн дундаж насыг 3.8 жил буюу бага хугацаатай болгож байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байдаг.

ГРАФИК: Монгол төгрөгийн дундаж нас, дэвсгэрт бүрээр, 2016 он

Эх сурвалж: Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газар, 2016

Энэ асуудалтай холбоотой Монголбанкнаас өнөөдөр “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аяны /05.01-07.01/нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөнгөн тэмдэгтийн нөөц, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй Монголбанкны энэхүү аян иргэдийн ухамсрыг сэргээж, мөнгөн тэмдэгтээ хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох, мэдлэг мэдээлэл олгох зорилготой ажээ.

Өнөөдрийн үйл ажиллагаанд их сургуулийн оюутан, 10 жилийн сурагч, салбарын мэргэжилтнүүд гээд өргөн хүрээний төлөөлөл оролцсон юм.

"Дэлхий даяар мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал цоо шинээр тавигдаж байна"

 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төв банкны хувьд мөнгөн тэмдэгттэй холбоотой зардал арилжааны банкуудынхаас арай их байдаг. Арилжааны банкуудын хувьд мөнгөн тэмдэгтийн удирдлагын зардал зэрэг бий. Уг асуудлаар түвшин түвшиндээ өөр ойлголттой байна.

21 дүгээр зуун гарснаас хойш дэлхий даяар мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал цоо шинээр тавигдаад байгаа юм. Эргээд харахад зардал хэмнэх талаасаа үүсч байгаа гол асуудал нь өнөөдөр бидний ярьж буй мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ юм. Тиймээс бид арилжааны банкуудтайгаа хамтран  энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ асуудлыг олон нийтэд зөвөөр ойлгуулж, зөв, соёлтой хэрэглээг нэвтрүүлснээр арилжааны банкуудын хувьд ч тэр, Төв банкны хувьд ч тэр мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал илүү боловсронгуй болно” гэв.

"Шашин номын зан үйлд багц багцаар нь мөнгөн тэмдэгт ашиглах тохиолдол асар их газар авчээ"

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн талаар тавьсан илтгэлдээ Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг “Мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэг ажиллагаа өөрөө зардал өндөртэй. Хамгийн том зардал Монголбанкинд ирдэг.

Монгол Улс мөнгөн тэмдэгтийг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэргүй учраас гадаадад үйлдвэрлүүлж, тээвэрлэн авчирна гэдэг зардал өндөртэй. Гүйлгээнд гаргасан мөнгийг боох, баглах, муудсаныг нь устгаж, ахиад гүйлгээнд гаргах, хадгалах, хамгаалах зэрэг олон ажил бий.

Cүүлийн жилүүдэд лус савдаг аргадах, шашин номын зан үйлд багц багцаар нь мөнгөн тэмдэгт ашиглах тохиолдол асар их газар авч байна. Шашны зан үйл хийх нь хувь хүний асуудал ч гэлээ цоо шинэ мөнгөн тэмдэгтүүд газарт булж байгаа нь зохисгүй юм. Өөр зүйл хийх хэрэгтэй.

Төгрөг манай улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлыг илэрхийлэх үнэт зүйл юм. Ийм үнэт зүйлээ хайрлан хамгаалах хэрэгтэй” гэдгийг анхааруулсан юм. 

Мөнгөн тэмдэгтийн зүй бус хэрэглээ: 
  • Хиртэй бохир гараар барих, 
  • Олон давхар нугалж хадгалах,
  • Оймс гутлын түрийнд нугалж хийх,
  • Зах дээр мах, жимс барьсан гараараа мөнгөн тэмдэгтийг бохирдуулах,
  • Мөнгөн дэвсгэрт дээр зурж бичих,
  • Шашны зан үйлд их хэмжээгээр хэрэглэж булах, үрэгдүүлэх, шатаах.

Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн насыг уртасгаж, эдийн засаг, соёлын эерэг өөрчлөлт авчрахад иргэн таны тус их. Тиймээс өнөөдрөөс эхлэх мөнгөн тэмдэгтдээ хүндэтгэлтэй хандаж, дээрх зохисгүй үйлдлүүдийг гаргахгүй байхыг уриалж байна.