Б.БАТТҮШИГ: БИ ....    
1
2
3
4
5

Б.Баттүшиг: Бид Монголд технологийн инкубатор байгуулах мөрөөдөлтэй

Ч.Болортуяа
2015 оны 3 сарын 19
iKon.MN
Б.Баттүшиг: Бид Монголд технологийн инкубатор байгуулах мөрөөдөлтэй
Зураг

 

iKon.mn сайтын “Өглөөний хүн” булангаараа та бүхнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын Баттүшигтэй уулзуулж байгаадаа бид баяртай байна.

Дэлхийд чансаагаараа эхний аравт бичигдэх Чикагогийн Их сургууль, Харвардын Их сургуулийг өөрийн хичээл чармайлтаар төгсөж олон улсын  санхүүгийн корпораци болох “Морган Стэнли”-д шинжээчээр ажиллаж байсан түүнээс үлгэр дуурайл авах олон сайхан зан чанар бий.

Б.Баттүшигийн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй анхны дэлгэрэнгүй ярилцлагыг ТА iKon.mn –ээс уншиж байна.

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

 

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort

Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир MPA.mn 

“SKY” ИХ ДЭЛГҮҮРИЙН БАЙРАНДАА ХҮҮХДҮҮДЭД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙЕ ГЭЖ ТӨЛӨВЛӨСӨН

- Саяхан “Google”-ийн Гүйцэтгэх захирал Эрик Шмидтэй уулзсан байсан. Бидэнтэй энэ сониноосоо хуваалцахгүй юу?
- Лондонд энэ сард “Future work” буюу ирээдүйд хийгдэх ажил гэсэн утга бүхий нэгэн хуралд оролцсон юм. Энэ хурлын үеэр “Google”-ийн захирал Эрик Шмидтэй танилцсан. Түүнтэй яриа өрнүүлж байхдаа Монголд хоёр жилийн өмнө ирж байсан тухайг нь мэдсэн.

Энэ хурлын үеэр түүний ярьсан зүйл их сонин санагдсан.  2000 -2015 онууд дахь технологийн хувьслыг юу ч биш бөгөөд өөрчлөлтийн ердөө нэг хувь гэж үзэж байгаа тухайгаа ярьж байна лээ. Жишээ нь, “Google” эмч болон инженерүүдтэй хамтраад нэгэн шинэ контакт линз хийж байгаа юм байна. Энэ нь контакт линзэн дотроо нүдэнд харагддаггүй жаахан цэнэг хураагууртай. Энэхүү линз нь хүний цусны даралт, зүрхний цохилт хэвийн эсэхийг мэдэрдэг бөгөөд энэ өөрчлөлтүүд илрэхээр нүднийх нь өнгө өөрчлөгддөг технологи юм билээ. 

Монголын технологийн салбарт чадварлаг олон мэргэжилтэн байгаа юм чинь нэг, хоёр ийм сайн компани гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ч би технологийн өөрчлөлт, чиг хандлагыг байнга ажиглаж, сонирхож байдаг гэх үү дээ.

- Технологийн хоббитой, энэ салбарыг анхаарч судалж явдгийг таны хэд хэдэн бичвэрээс үзэж байлаа. Гэхдээ та эдийн засаг, санхүүгийн салбарын хүн. Одоо хийж байгаа ажлаа танилцуулахгүй юу?
- Би бизнесийн сургуулиа төгсөөд технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг АНУ-ын "Remark Media" гэж компанид зөвлөхөөр ажиллаж байна. Цаашдаа нэг салбараа Сингапур эсвэл Хонгконгт нээгээд түүнийг нь би хариуцаж явах санал яригдаж байгаа юм.

Нью-Йоркийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компани учраас мэдээлэл нь бүгд нээлттэй. 

 

- Монголд хэд хэдэн чухал ажил амжуулахаар ирээд байгаа гэж байсан. Энэ сониноосоо хуваалцахгүй юу?
- Миний хувьд үндсэн ажлынхаа хажуугаар гэр бүлийн компани болох “Алтай Холдинг”-ийн ажлаа хийдэг. Ингэхдээ ихэвчлэн гадаад харилцаа, гадны компани, брэндүүдийг оруулж ирэх, тэдэнтэй харилцах ажилд зөвлөх байдлаар оролцдог. 

Шинэ мэдээлэл гэвэл “Toys R us” компанийн албан ёсны борлуулагч болох гээд гэрээ байгуулах шатандаа ирж байна. Энэ яагаад сонин бэ гэхээр “Sky” дэлгүүр маань яваандаа “E Mart” гэж Солонгосын сүлжээ дэлгүүртэй хамтраад “Wall Mart”-тай төстэй их дэлгүүр болох гэж байгаа.

Тэгэхээр сул үлдэж байгаа “Sky” их дэлгүүрийн байрандаа хүүхдүүдэд хэрэгтэй зүйл хийе гэж төлөвлөсөн. Гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлэх газар Монголд маань их ховор шүү дээ. Тиймээс “Toys R us” –ын салбар болон хүүхдэд зориулсан цагаа хөгжилтэй өнгөрөөх нэгдсэн төв байгуулах санаа байгаа юм. “Toys R us” –ын тухайд бүх төрлийн бүх насныханд зориулсан тоглоомтой. Аав, ээж нар заавал гадаад явж хүүхдийнхээ хүссэн тоглоомыг авах шаардлагагүй болно гэсэн үг. Монголд тэр бүх тоглоомыг албан ёсны эрхтэйгээр, албан ёсны үнээр нь худалдаалагдах боломжтой болж байгаа юм. 

“Алтай Холдинг”-ийн хувьд би ТУЗ-ийн гишүүн нь учраас  өдөр  тутмын ажилд нь оролцоод байдаггүй.

Мөн олон улсын хоолны сүлжээ нэгэн брэндийг Монголд оруулж ирэх уулзалтуудыг энэ өдрүүдэд хийж байна. Одоогоор гэрээ хэлцэл маань эцсийн шатандаа хүрээгүй байгаа учраас яг ямар брэнд вэ гэдгийг нь зарлах болоогүй байна.

Эдгээрээс гадна Channel NewsAsia TV-ийн The Successors гээд нэвтрүүлэгт намайг оролцохыг урьсан. Тэр нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд хийж байгаа юм.

- “E Mart”-ын тухайд барилгын ажил эхэлчихсэн явж байгаа. Яг хэзээ ашиглалтад орох вэ?
- Одоо 6-9 сарын хугацаа байгаа байх. Өвлийн улиралд барилгын ажлаа зогсоочихсон байгаа. Миний хувьд яг энэ төсөл рүү нарийн орж ажиллаагүй.

- “Алтай Холдинг” буюу гэр бүлийн энэхүү бизнестээ та ер нь хэр оролцож байна вэ?
- Би Монголдоо байнга байхгүй байгаа учраас өдөр тутмын ажилд нь нэг их оролцоод байж чаддаггүй. Гэхдээ дээр ярьсанчлан гадны хамтарсан байгууллагуудтай харилцаатай байж гаднаас хөрөнгө оруулалт татах, Монголд салбарыг нь байгуулах зэрэгт оролцож тусалдаг. 

 “Алтай Холдинг”-ийн хувьд би ТУЗ-ийн гишүүн нь учраас  өдөр  тутмын ажилд нь оролцдоггүй. Энд надаас илүү Монголыг мэддэг хүмүүс ажлаа хариуцаад хийгээд явж байгаа шүү дээ. Миний арай илүү мэддэг зүйл гадаад зах зээл.

Зураг

МОНГОЛ НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ СҮЛЖЭЭГ БИЙ БОЛГОНО

 

- Монголд технологийн инкубатор байгуулах боломжийн талаар бичиж байсныг тань санаж байна. Энэ мөрөөдлөөсөө ажил болгохоор хийж эхэлсэн зүйл бий юу?
- Энэ тал дээр ажил болгох гээд явж байгаа нэг зүйл бий. Юу гэхээр Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах сүлжээг бий болгох гэж байна. 

“Social impact” брэндүүд олон улсад хүчээ авч байна. Америкт байдаг хоёр орос найзтайгаа нийлээд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг “social impact” хэлбэртэй шинэ брэнд болгож гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа.

“Social impact” брэндүүдэд TOMS shoes, Warby Parker нүдний шилний компаниудын амжилттай жишээ бий.  Энэ ямар учиртай бизнес вэ гэхээр Warby Parker –аас нүдний шил авлаа гэхэд өөр оронд нүдний шил хэрэгтэй байгаа нэг хүүхдэд нүдний шил үнэгүй өгөх жишээтэй. Нэг гутал авлаа гэхэд Африкт нэг гутал хэрэгтэй байгаа хүнд гутал өгөх жишээтэй. Иймэрхүү байдлаар Монгол ноолуураас олсон ашгийн төчнөөн хувийг Монголын боловсролд зарцуулах төлөвлөгөөтэй ажиллая гэж бодож байгаа. 

Бизнесүүд зөвхөн татвар төлөөд, хөрөнгө оруулагчиддаа л ашгаа өгөөд явах биш нийгэм рүү чиглэсэн ажлуудаараа ялгарч, тэдэнд үр ашгаасаа хүртээх хандлага баруунд их түгж байна.

- Манайхаар бол нийгмийн хариуцлагатай компаниуд л олноор бий болж байгаа юм байна. Тийм үү?
- Одоогийн капитализмын систем тийм ч оновчтой биш байгаа учраас үүнийг бизнесийн компаниуд хэрхэн өөрчилж, өөрөөр харж болох вэ гэх хандлага Харвардын сургалтын бодлогод ч орж байна. Энэ нь надад их сонирхолтой санагдаж байгаа учраас технологи ашиглан Монгол ноолуурыг нийгмийн хариуцлагатай бүтээгдэхүүн болгож олон улсад гаргана гэсэн үг. Энэ ажлыг маань урагшлуулахаар Нью-Йорк хотод байгаа хоёр найз маань нэлээд шаргуу ажиллаж буй. 

- Монгол ноолуур дэлхийд өрсөлдөх хэмжээнд байж чадаж байна уу гэдэг тусдаа асуудал байх. 
- Тийм ээ. Ноолуурын тухайд таван шат дамжлагаар явж бэлэн болдог. Чанарын хувьд Итали бүтээгдэхүүнд хүрдэггүй юм шиг байна лээ. Мөн дизайны хувьд ч тэдгээр орны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх чадвар сул байна. Гуравт буюу хамгийн чухал зүйл нь маркетинг байхгүй. Тэгэхээр бид “social impact” буюу шинэ үеийн компаниудтай зэрэгцээд гараад ирэх боломж байна гэж хараад байгаа юм.

Мэдээллийн технологи ашиглан Монгол ноолуурыг нийгмийн хариуцлагатай бүтээгдэхүүн болгож олон улсад гаргана гэсэн үг. 

- Тантай ярилцаад суухаар нэлээд олон салбарын асуудлыг хөндөх болоод байна. Хоолны сүлжээ оруулж ирэх, супермаркет, тоглоом, технологи, ноолуур гээд олон салбар, сэдвийн хүрээнд ярьж болохоор байна. Гэхдээ та үүнийг л би илүү бариад явах юм шүү гэсэн салбараа хэлэхгүй юу?
- Миний хувьд их сургуулиа төгсөөд “Morgan Stanley” зэрэг санхүүгийн хэд хэдэн компанид ажилласан. Цэвэр санхүүгийн чиглэлээр ажиллах нь миний сонирхол биш юм байна гэдгийг ухаарсан. Тиймээс технологи, боловсрол гээд залуу байхдаа янз бүрийн зүйл хийгээд үзчихвэл хоёр, гурван жилийн дараагаас чиглэл маань бүрэн тогтох байх. 

- Өөрийн гэсэн бизнесийг босгох сонирхол байгаагаа та хэлж байна. Танд бизнесийн салбарт бол нэлээд амбиц байгаа гэж ойлголоо. Зөв үү?
- Тийм ээ. Байна. Олон салбарыг судалж, сонирхож байна. 

 

СИАТЛД БАЙХДАА ХОТЫНХОО СУРГУУЛИУДЫН ЛИГ БУЮУ ШИЛДЭГ 10 ТОГЛОГЧИЙН НЭГ НЬ БАЙЛАА. ИРЭЭДҮЙД ӨӨРИЙН ГЭСЭН БАГТАЙ БОЛОХ ...

 

- Ноолуурын бизнесээс олсон орлогоосоо боловсролын салбарт зориулах талаар та дурдаад өнгөрлөө. Энэ тухай илүү тодруулахгүй юу?
- “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх, “Сант” сургуулийн төгсөгч одоо MIT-ийн Их сургуульд сурч байгаа Монголчуудын бахархал болсон М.Баттүшигтэй боловсролын салбарт хийх гэж байгаа төслүүдийнхээ талаар санал бодлоо хуваалцаж олон сайхан санаа гарч ирсээр байдаг. 

Бид Монголд технологийн инкубатор байгуулах мөрөөдөлтэй. 

Эхний ээлжинд боловсролын цогц төвийг байгуулах бодолтой. Их сургуулийн хэмжээнд ч хийх юмсан гэсэн бодол бий. Олон улсын стандартад нийцэхүйц боловсролыг оюутан залууст олгох боломжийг хайж байна гэсэн үг. Харвард, MIT-ийн хөтөлбөрийг бид онлайнаар авах боломж бүрэн байна. 

Гадны сайн багш нар ирээд заачихдаг ийм их сургууль байгуулах нь миний мөрөөдөл.  Монгол хүүхдүүд заавал гадаад явахгүйгээр эх орондоо олон улсад дээгүүрт тооцогдох боловсрол эзэмшээсэй гэж боддог. Яагаад гэхээр миний хувьд 11 настай байхдаа Америк орон руу явж байсан. Би эмээ дээрээ өссөн. Эмээгээсээ 11 настай байхдаа салаад явах хэцүү л байсан. Эмээгээ их санадаг байлаа. Тэгэхээр ийм зүйл бусад хүүхдэд битгий тохиолдоосой гэж бодож явдаг юм. 

- Оюутан залуусыг шилдэг боловсон хүчнүүдтэй холбож өгөх, зөвлөгөө өгөх бүхий төрийн бус байгууллага байгуулж байгаа гэж байсан. Энэ талаараа танилцуулахгүй юу?
- Нью-Йорк хотод байдаг найзууд маань нэг сан байгуулсан юм билээ. Энэ нь салбар салбартаа амжилттай яваа залуусыг гэр бүлээсээ анх удаа их сургуульд сурч байгаа оюутнуудад зөвлөгөө өгөхөд нь холбож өгдөг. Менторуудыг нь олж өгдөг гэсэн үг. Энэ үйл ажиллагаа нэлээд өргөжөөд одоо Чикаго руу шилжиж байгаа. Чикагогийн салбарын ТУЗ-ийн даргаар нь намайг томилсон. ТУЗ-ийн дарга болохын тулд би энэ төслийг Монголд бас хиймээр байгаагаа хэлсэн. Энэ нь дөнгөж их сургуульд орж байгаа эсвэл орох гэж байгаа хүүхдүүдийг гадаадад сургуульд явсан эсвэл салбар салбартаа манлайлж байгаа залуустай холбоод сард нэг удаа туршлага хуваалцах арга хэмжээ болох юм. Энэ төсөл маань бараг ажил хэрэг болох шатандаа явж байгаа. 

ТУЗ-ийн дарга болохын тулд би энэ төслийг Монголд бас хиймээр байгаагаа хэлсэн.

- Боловсролын салбарт өөрчлөлт хийх юмсан гэсэн ажлын тань эхлэл болох нь. Тийм үү?
- Тийм ээ. 

- Таны төгссөн Чикагогийн Их сургуулийн тухайд дэлхийн шилдгүүдийн эхний аравт багтдаг. Сайн сургуульд хэрхэн элссэн тухай туршлага манай залууст үргэлж сонирхолтой сэдэв байдаг шүү дээ. 
- Тэгэлгүй яах вэ. Энэ талын туршлагаасаа би хуваалцах дуртай. Ахлах сургуулиа төгсөх үед хаана, ямар их сургуульд элсэж орох вэ гэдэг их чухал шийдвэр, сонголт байдаг. 

Миний хувьд ч сургуулиа сонгох тийм хялбар байгаагүй. Жаахан байхаасаа л Харвардад сурах юмсан гэсэн мөрөөдөл тээж байсан. 

Тиймээс ч арванхоёрдугаар ангийнхаа эхний улиралд ганцхан сургууль буюу Харвардад өргөдлөө өгчихөөд хүлээсэн. Харамсалтай нь ганцхан сургуульд өргөдлөө өгсөн маань миний алдаа байв. Нэгдүгээр улирал дуусах мөчид буюу нэгдүгээр сард Харвардаас “Таныг энэ удаад элсүүлэх боломжгүй нь. Таныг хүлээлтийн горимд орууллаа” гэсэн хариу ирсэн. Энэ хариуг аваад ингээд бүх юм дууслаа даа гээд сэтгэлээр унаж байж билээ. Уг нь би нэлээн хичээсэн дээ гэсэн гомдол төрж байлаа. Жил хагас бэлдэж байж Харвардад өргөдлөө өгсөн юм. Олон удаагийн ярилцлаганд нь орж, эссэ бичих, SAT зэрэг шалгалтын болзлыг ч хангаад байсан. Тиймээс ч Харвардад орчих болов уу гэсэн горьдлого тээж байсан нь тэр. Харамсалтай нь боломжгүй болж өөр сургуулиуд хайж эхэлсэн.

Тухайн үед багын найз “Спорт Бокс”-ын Идэрээ маань Чикагод амьдарч байсан. 

Жаахан байхаасаа л Харвардад сурах юмсан гэсэн мөрөөдөл тээж байсан. 

Би бүр багаасаа л “Чикаго Буллс” багийг дэмжиж гэр бүлээрээ сагс үзэж, сонирхож өссөн. Тиймээс ч Чикаго хоттой ямар нэгэн сэжмээр холбоотой мэт санагддаг байсан. Идэрээ бид хоёрын тухайд багын хөрш, сайн найзууд. Сагс, компьютер тоглож өссөн андууд юм. Тиймээс ч Идэрээг зорьж очиж Чикагогийн Их сургуулийг сонирхож эхэлсэн. Тухайн үед ч эдийн засгийн чиглэлээр хамгийн сайн сургууль бол Чикагогийн Их сургууль шүү гэж олон хүн хэлж байсан нь ч бас нөлөөлсөн байх. Ингээд би нэлээд хэдэн сургууль сонирхож найм, есөн сургуульд өргөдлөө явуулсан. 

Тиймээс сургуулиа сонгох гэж байгаа залууст дор хаяж 8-10 сургуульд өргөдлөө залхуурахгүйгээр явуулж байгаарай гэж захимаар байдаг.  

- Их сургуульд элсэхэд олон улсын стандарт шалгалтуудыг нь өгөхөөс гадна хувь хүнийхээ хувьд юунд илүү анхаарч бэлдэх ёстой байдаг вэ?
- Их сургуульд элсэхэд олон бичиг баримт шаардагддаг. Гэхдээ эдгээрээс хамгийн чухал нь чамайг тодорхойлох багш, эрдэмтдийн тодорхойлолт их сайн байх хэрэгтэй.​ Ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд нэг их арвин намтар түүх байхгүй учраас хамгийн гол оноо авах зүйл нь багш, эрдэмтдийн тодорхойлолт байдаг. 
    
Мөн залуус маань 10 орчим сургуульд өргөдлөө явуулахдаа “safety school” –ээ заавал тооцож байх хэрэгтэй. Гурван сургуулийг “safety school” –ээр тооцоолж хандах хэрэгтэй. Өөрийнхөө найдвартай орох боломжтой гурван сургуульд заавал өргөдлөө өг гэсэн үг. Миний хувьд Сиатл орчмын гурван сургуулийг сонгож байсан. Ингээд би өргөдлөө өгсөн ихэнх сургуулиуддаа элсэж орох боломжтой гэсэн хариу авсан даа. 

Харин сонголтоо хийхдээ тухайн сургуулийн амжилтын түүх, чанар, нэр хүндийг нь харж байгаад сонгосон. Чикагогийн Их сургуулийн тухайд Нобелийн шагналт 80 гаруй багштай, одоогийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус сургуулийн Хуулийн сургуульд багшилдаг байсан. Мөн өнөөгийн буюу Капитализмийн онолыг үндэслэгч эдийн засагчдын нэг, Нобелийн шагналт Милтон Фридман Чикагогийн Их сургуулийн эрдэмтэн. Тэгэхээр энэ сургуульд олон шалтгаанаар татагдаж сонголтоо хийсэн дээ.

- Чикагогийн Их сургуульд сурсан мэдлэг боловсролоос гадна өөр олж авсан зүйл тань юу байв?
- Их сургуульд элссэн эхний жил маш их ачаалалтай байсан. Дээрээс нь би сагс тоглоход нэлээд цагаа зарцуулдаг байлаа. Хичээл маань их болох тусам би сагс тоглохоо хязгаарласан. Нэгэнтээ л NBA –д тоглохгүйгээс хойш гээд сагс тоглоход зарцуулах цагаа хичээлдээ шилжүүлсэн. Багадаа NBA-д тоглох мөрөөдөл байсан уу гэвэл байсан /инээв/.

Нэгэнтээ л NBA –д тоглохгүйгээс хойш гээд сагс тоглоход зарцуулах цагаа хичээлдээ шилжүүлсэн.

Ингээд л эдийн засаг дээр 100 хувь анхаарлаа төвлөрүүлсэн. Их сургуульд байхдаа Америк дахь сүлжээ буюу найзын хүрээллээ их сайн тэлж чадсан. Сургуулиа төгссөний дараа найзуудынхаа сүлжээгээр дамжуулж сайн компани, банкуудад ажилд орох боломжтой болсон. Тэднээсээ их зөвлөгөө, мэдээлэл авдаг байсан. Тэгэхээр хүнд өөрийн бий болгосон найзууд, танилын сүлжээ гэдэг их үнэ цэнэтэй чухал зүйл мэт санагддаг.

- Сагсаа одоо ч тоглосоор байгаа байх. Аавын тань хувьд Монголын сагсөн бөмбөгийн дээд лигт өөрийн гэсэн баг байгуулж байсан түүхтэй. Танд бас иймэрхүү төлөвлөгөө бий юу?
-  Яваандаа баг байгуулах бодол бий. Би өөрийгөө лигт тоглочих хэмжээний сагсчин гэж боддог шүү. Америкийн Их сургуульд хичээлийн хажуугаараа сагс тоглоно гэдэг хэцүү зүйл. Харин Сиатлд байхдаа хотынхоо сургуулиудын лигийн шилдэг 10 тоглогчийн нэг нь байсан. Зөвхөн сагс тоглодгийг маань үнэлж хэд хэдэн сургууль сургалтын тэтгэлэг санал болгож байсан шүү. 

- Та одоо ч “Чикаго Буллс” -г дэмжсээр байгаа юу?
- Тийм ээ. Гэхдээ нэг найз маань “Майами Хийт” багт тоглодог. Тиймээс найзынхаа багийг мэдээж дэмжих хэрэг гардаг.

- “Майами Хийт”-ийн хэн нь вэ?
- Луол Дэнг.

Зураг

“МОРГАН СТЭНЛИ”- Д ХОЁР САР ГАРУЙ ХУГАЦААНД ЯРИЛЦЛАГАНД ОРЖ БАЙЖ АЖИЛЛАХ САНАЛ АВЧ БАЙЛАА

 

- 2009 онд буюу таныг сургуулиа төгсөх үед дэлхийн эдийн засгийн хямрал болж байсан. Энэ үед ажил хайх хүнд байв уу?
- 2009 онд сургуулиа төгсөөд Монголдоо ирж зургаан сар амарсан. Тэр үедээ Лондон, Хонгконгт мэргэжлээрээ ажиллаж болох компаниудад онлайнаар анкетаа илгээсээр л байсан. Манай их сургуулийн найзуудаас маань тухайн үед нэлээд хэд нь санхүүгийн салбарт ажилладаг болчихсон байлаа. Тэднээсээ хаана орвол зүгээр, хэрхэн ярилцлагаа амжилттай өгөх зэрэг дээр зөвлөгөө авдаг байсан. Нэг байгууллагад ажилд орох гэж сар гаруй хугацаанд ярилцлаганд орж байж саналаа авдаг. 

“Морган Стэнли”- ийн тухайд хоёр сар гаруй хугацаанд ярилцлаганд орж байж ажлын санал аваад дадлагажигч ажилтан нь болж байлаа. Зургаан сарын хугацаанд дадлагажигч ажилтнаар ажилласан. Түүнээс хойш жил гаруй хугацаанд бүтэн цагаар жинхэнэ ажилтнаар нь ажиллаж байгаад Харвардад сурахаар бэлдэж эхэлсэн. 

- “Морган Стэнли” –д таныг ажиллаж байх үед Монголд нэгэн шуугиан гарсан. “Таван Толгой”-н хэлэлцээрт таныг төлөөлж оролцох нь гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнийг олон улсын өөр компаниудаас гаргасан мэдээлэл гэж байсан. Энэ талаар ярихгүй юу?
- Энэ мэдээлэл цацагдах үед би Чикагод мастердаа бэлдэж байсан. Энэ тухай сонсоод үнэхээр гайхсан. “Морган Стэнли”-ийн хүмүүс над руу яриад “Чи хаана байгаа юм. Яагаад ийм зүйл болов” гээд асууж байсан. Миний хувьд шалгалтандаа бэлдэхийн тулд чөлөө авсан байсан тухайгаа хэлсэн. Би таамаглахдаа өөр банкууд зориудаар ийм мэдээлэл гаргасан байх гэж бодсон. “Морган Стэнли”-ийн өрсөлдөгчид нь гэсэн үг шүү дээ.

- “Морган Стэнли”-д ажиллаж байсан туршлага бас сонин шүү дээ. Та тэнд яг ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ?
- Шинжээч хийдэг байсан. Шинжээчийн хувьд хүмүүстэй уулзах янз бүрийн гэрээ хэлцэлд төлөөлж оролцох зэрэг ажлыг угаасаа хийдэггүй. 

Өглөө ажилдаа ирээд л илтгэлүүд бэлтгэнэ. Санхүүгийн тоо бодно. Компаниудын санхүүгийн дүгнэлт хийж, загварууд боловсруулдаг байсан. Өглөө 09.00 цагт ирээд орой шөнө дунд хүртэл сууж ажилладаг байлаа.  Ер нь нэг, хоёр жил ажиллаад л гарах тухай хүмүүс бодож эхэлдэг юм билээ. Хүн болгоны хүсээд байх ажил бас ч биш шүү дээ. Ачаалал ихтэй. Өдөр бүр 15, 16 цаг ажиллана гэдэг хэцүү байсан. 

Гэхдээ одоо хийж байгаа бүхэнд маань том туршлага, мэдлэг болж өгсөн байдаг. Дараа дараагийн сайн ажилд орохын тулд “Морган Стэнли”-д ажиллаж байсан туршлага маань их хэрэг болдог. Олон улс дамжсан санхүүгийн корпораци, банк, хөрөнгө оруулалтын банкууд ийм хэмжээний туршлагагүй л бол ажилд авдаггүй. 

“Морган Стэнли” –д өглөө 09.00 цагт ирээд орой шөнө дунд хүртэл сууж ажилладаг байлаа.

Одоо хийж байгаа ажилд маань энэ туршлага их хэрэг болж байгаа. 

- “Морган Стэнли”-д байхдаа та нууц биш бол жилд хэдий хэмжээний цалин авдаг байсан бэ. Залууст сонирхолтой мэдээлэл болж магад.
- Шинжээчийн ажлын байрны тухайд жилийн 65-80 мянган ам.долларын цалинтай. Үүн дээр бонус нь нэмэгддэг. Харин Харвардын Бизнесийн сургуулийг төгссөн хүн дараагийн шатлал руу ордог. Дундаж цалин нь 125 -150 мянган ам.долларын цалин авдаг гэсэн. Харвардад сурсныхаа шанд компаниудаас ийм хэмжээний цалин авах боломжтой гэж үздэг юм билээ. Олон улсын томоохон компаниуд ч Харвардын оюутныг ийм хэмжээнд үнэлнэ гэсэн дундаж жишиг байдаг. 

- Олон улсын санхүүгийн корпорацид ажиллаж байсан хүний нүдээр Монголын компаниудыг харахаар хөрөнгө оруулах сэдэл төрөхөөр байж чаддаг уу?
- Харвардад сурч байхдаа Монголын олон кейс дээр ажиллаж судалж байлаа.

Тухайлбал, уул уурхайн компаниуд гэхэд олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ ямар байхаас илүү хамаардаг. Алт, зэс, нүүрсний үнэ одоогийнх шиг унасан үед нөхцөл байдал хэцүү шүү дээ. Мөн мэргэжлийн шинжээчид улстөрийн эрсдлийг нь илүүтэй харж тооцоолдог. 

АНУ-д алтны уурхай боломжийн үнэтэй байхад Монголд хөрөнгө орулалт хийж улстөрийн эрсдэлд орно гэдэг тэдний хувьд утгагүй сонголт болох юм. Бүх л шинжээчид эрсдлийн үнэлгээгээ хийгээд тухайн төсөлд хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Олон улсын жишгээр таван хувийн ашигтай байх нөхцөлд хөрөнгө оруулахад боломжийн гэж үздэг бол Монголд 15-25 хувийн ашгаас дээгүүр олж байж мөнгөө хийнэ гэж үзээд байна. Тэгэхээр жилд 20 хувиас илүү ашигтай нөхцөл санал болгохгүй бол Монголыг харах сонирхол төрөхгүй байгаа юм. 

Бүх үзүүлэлт унасан байх үед ухаантай мөнгө орж ирдэг гэдэг. 

Гэхдээ үүнийг би түр зуурын зүйл гэж бодож байгаа. Яагаад гэхээр гадны хөрөнгө оруулагчдын ашигтай цаг үе нь одоо байхыг үгүйсгэхгүй. Монголд орж ирэх төсөл цаашдаа ашигтай байх магадлалтай юм. 

Учир нь бүх үзүүлэлт унасан байх үед ухаантай мөнгө орж ирдэг гэдэг. 

Бүтээгдэхүүний үнэ унасан ч нэг л өдөр өснө. Хэн ч мөнгөө хийхгүй байгаа энэ үед мөнгөө хийвэл хамгийн сайн мөнгө болно гэж үздэг хүмүүс одоо ирэх байх. Тийм хүмүүс байгаа байх аа.

 

- Улстөрийн эрсдэл гэдэг бидний хувьд хамгийн том асуудал. Үүнтэй хамааруулаад асуухад таны аав, Ерөнхий сайд асан С.Батболдыг Засгийн газар тэргүүлж байх үед  Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх нэг том шалтгаан болсон гэдэг шүү дээ.
- Миний хувьд тухайн үед Монголын эдийн засаг хамгийн сайн өсөлттэй байсан гэж хардаг. Тэгээд ч тухайн үед би Бизнесийн сургуульдаа орчихсон их завгүй байсан. Гэр бүлийнхэнтэйгээ сардаа нэг утсаар ярих төдий л байсан. 

Харвардын сургуульд манай анги гэхэд 90 магистрантуртай. Өглөөний 08.00 цагаас эхлээд өдрийн 16.00 цаг хүртэл өдөржин нөхөдтэйгээ мэтгэлцэж, мэдлэгээ уралдуулсаар таардаг. Тэгээд гэртээ хариад шөнөжин маргаашийн хичээлдээ бэлдэж хонодог байлаа. 

Ямар ч байсан тухайн үед Монголын эдийн засаг хамгийн өндөр өсөлтөндөө хүрсэн. Одоо ч хасах руугаа ороогүй эдийн засгийн өсөлт үргэлжилж байна шүү дээ. 

УЛСТӨР РҮҮ ӨӨРӨӨ ХҮСЧ ОРОХ БИШ ОЛОН НИЙТ ХҮССЭН ҮЕД Л ОРОХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ

 

- “Алтай Холдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн гэсэн. Та хэдэн хувийг эзэмшдэг вэ?
- 16 хувь.

- Таныг “Алтай Холдинг”-ийн өв залгамжлагч гэж хэлж болох уу?
- Би дөрвөн дүүтэй. Бид нар бүгдээрээ энэ бизнесээ залгамжлаад л аваад явах байх. “Алтай Холдинг” бол гэр бүлийн компани. Миний хувьд бас өөрийн гэсэн бизнестэй болох сонирхол байна. Тэгэхээр энэ бүгдээ хамтад нь аваад явах болов уу.

- Миний асуух гээд байгаа зүйл нь Монголдоо хэзээ төвхнөж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
- Яг одоо энэ насан дээрээ өөрийнхөө илүү сонирхолтой зүйлүүдээ хийгээд явах нь дээр гэж бодож байгаа. Харин миний хэрэгцээ зайлшгүй гарах үед нь л Монголдоо ирж төвлөрч ажиллана даа. 

- Нэг асуулт сонирхоод асуучихвал “Марко Поло” киноны зураг авалтанд орсон зургаа та жиргэсэн байсан шүү дээ. Энэ тухай ярьж өгөхгүй юу?
- Нэг найз маань тэр кинонд дүр бүтээж байсан. Нэг, хоёр Монгол хүн хэрэгтэй байна аа ирээч гээд дуудахаар нь очсон. Намайг эхлээд хөөмийч болох уу гэхээр нь чадахгүй байх аа гээд наймдугаар анги дээр нь цэрэг болсноор хальт гараад өнгөрдөг зураг авалтад орсон. 

50 сая ам.долларын төсөв гаргаад “Чингис хаан” киног хийхээр болсон тухайгаа надад хэлсэн.

Хожим нь найзуудаараа дамжуулж холбогдоод “Марко Поло”-г хийсэн продюсер Харви Вайнштейнийг “Чингис хаан” кино хийх гэж байгааг мэдсэн. 50 сая ам.долларын төсөв гаргаад “Чингис хаан” киног хийхээр болсон тухайгаа надад хэлсэн. Монголд бас зураг авах сонирхолтой байгаа юм билээ. Тал хэсгийг нь Малайзад хийхээр болсон гэсэн. Миний хувьд энэ ажлыг мэргэжлийн хүмүүстэй нь холбож өгч туслах л зорилготой.

- Олон ангит кино болох юм байна. Тийм үү?
- 10 ангит кино болно.

 

- Таны хувьд энэ төслийг бас нэгэн бизнес болгож харахаасаа илүү бусадтай холбох ажлыг л хийж байгаа юм гэж ойлголоо. Зөв үү?
- Холбоод болчихвол юу болох нь  уу харж л байя. Бизнесийн сонирхол бол байхгүй. Ганц нэг дүрд тоглох боломж гарвал тоглоно л гэж бодож байна /инээв/

 - Та Харвардын Их сургуулийн Бизнесийн сургуулийн анхны Монгол магистр гэж байсан. Энэ мэдээлэл олон хүний сонирхлыг тухайн үедээ татаж байлаа.
- Харвардын Бизнесийн сургуулийг магистр зэргээр төгсөгч анхны Монгол иргэн гэдгээ нэг багшаасаа сонсоод баяртай байсан. Ирэх жил дахиад нэг Монгол хүн төгсөх гэж байгаа. 

- Ахлах сургуулиа төгсөөд Харвардад бакалавр зэргээр сурахаар өргөдлөө өгч байсан ч татгалзсан хариу авсан гэж байсан. Тэгэхээр үүнийгээ бодож явсаар байгаад Харвардад элсэж чаджээ?
- Тийм ээ. Харвардад сурах тухай бодол байнга л миний толгойд эргэлдэж байсан.

- Магистрын шалгалтандаа та зургаан сар бэлдсэн гэсэн үү?
- Тийм ээ. Ажил хийдэг байхдаа амралтын өдөр буюу бямба, ням гарагтаа бэлдээд гурван сар болсон. Үүний дараа ажлаасаа чөлөө аваад яг гурван сар төвлөрч сууж бэлдээд GMAT шалгалтыг өгч байсан. Мөн энэ үеэр тодорхойлолтоо бичүүлэх, ярилцлага өгөх зэрэгт бэлдсэн. Дэлхийд нэр хүндтэй шилдэг сургуульд магистраар элсэхдээ тухайн хүн яг ирээдүйд юу хийх зорилготой, өөрийн давуу тал зэргээ бүрэн ойлгосон байх ёстой санагдсан. Жишээ нь манай анги гэхэд надтай нийлээд 90 магистрантуртай байсан. Надаас бусад буюу 89 хүнээс Баттүшиг юугаараа илүү вэ, ямар туршлагатай вэ, эдгээр 89 хүнд ямар өгөөжтэй вэ зэргийг сургууль харж байгаад сонголтоо хийдэг юм билээ. 

- Монголын улстөрийг хэр сонирхож ажиглаж байна вэ?    
- Ажиглаж хардаг. Харин яг өөрөө улстөр рүү орох төлөвлөгөө одоохондоо байхгүй. 

- Ирээдүйд бол бий юу?
- Мэдэхгүй байна. Улстөр рүү өөрөө хүсч орох биш олон нийт хүссэн үед л орох ёстой гэж боддог. Түүнээс би улстөрч болмоор байна гээд бэлдэж байгаад ордог зүйл биш байх. 

- Үзэл баримтлалын хувьд дэмждэг нам, улстөрч бий юу?
- Миний хувьд төлөвшсөн цагаасаа Монголдоо нэг их удаан байгаагүй учраас тэрийг нь дэмждэг, энийг нь дэмждэггүй гэсэн зүйлгүй. 

Харин улстөрийн тогтолцоо, бодлого зэргийг ажиглаж судлах тал дээр Монголоос илүү сайн мэдэх нь Америкийн улстөр. АНУ-д “Клинтон” сангийн ажилд нэг зун дадлага хийж Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой уулзаж танилцаж байсан. Мөн түүний охин Чэлси Клинтонтэй танилууд болсон доо.