2016 оны 11 сарын 8
Хэл бол тухайн үндэстний оршин тогтнохуйн баталгаа, аюулгүй байдлын үндэс юм. Тиймээс ч үе үеийн мэргэдүүд хэрхэвч хэлээ үгүй хийж, эвдэж болохгүйг захин сургамжилсаар ирсэн билээ. Сүүлийн хэдэн арван жилд монгол хэлний үгийн санд гадаад үг, цахим орчны үг хэллэг хүч түрэн орж ирсэн. Үүнийг зарим эрдэмтэн судлаач, нийгмийн нэгээхэн хэсэг даяаршиж байгаа энэ цаг үед өөр яалтай, хэл хувьсах хэрэгтэй хэмээн мэдэмхийрч суух юм. Гэтэл даяаршиж болдоггүй ганц зүйл бол хэл, соёл юм шүү дээ. Монгол хүн монгол хэл, соёлгүйгээр хэн болох вэ? Эрлийз монгол хэлээр бид яах юм бэ? Аугаа Ринчен, Дамдинсүрэн, Лувсанвандан нарын залгамж халаа болсон өвгөн буурал эрдэмтэн мэргэд залуу судлаач бидэнд үлгэрлэх ёстой атал чухам юу хийгээд байна аа?