Уншиж байна ...

iPhone гар утасны сэрүүлэг дуугарахгүй байгаа тухай гомдлын мөрөөр Apple компани ажиллаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед зарим iPhone гар утасны тохируулсан сэрүүлэг дуугарахгүй өнгөрснөөс хүмүүс төлөвлөсөн цагтаа сэрж чадаагүй талаар гомдол гарах болжээ.

Apple компани энэ асуудлыг анхааралдаа авч, засахаар ажиллаж эхэлснээ мэдэгдсэн байна.

Одоогоор iPhone-ий ямар загваруудад ийм алдаа илэрсэн, хэчнээн хэрэглэгчийг хамарсан талаар тодорхой мэдээлэл алга байгаа юм.

Apple компани алдаагаа засахад тодорхой хугацаа орно. Тэгвэл энэ хооронд сэрүүлэг нь дуугарахгүй байгаа хүмүүс iPhone гар утасныхаа нэг тохируулгыг нягтлан шалгахад илүүдэхгүйг зарим мэргэжилтнүүд зөвлөжээ.

Энэ нь Settings-> Face ID & Passcode хэсэгт байдаг “Attention Aware Features” хэмээх тохируулга юм байна.

Уг тохируулга идэвхтэй (ON) байгаа тохиолдолд хэрэглэгч утас руугаа харж байгааг систем мэдрээд дуут дохионы хүчийг автоматаар багасгадаг ажээ.

Өөрөөр хэлбэл хэрэглэгч утастайгаа харьцаж буй тохиолдолд сэрүүлгийг дуугаргах шаардлагагүй гэж үздэг юм байна. Зарим хүмүүс дэрнийхээ хажууд тавьсан гар утас руугаа нүүрээ харуулж унтахад уг функц ажилласан байж болзошгүй гэнэ.

Хэрвээ сэрүүлэг дуугараагүй асуудал тохиолдсон бол энэ тохируулгыг “OFF” болгон хаахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

“Attention Aware Features” тохируулга iPhone X загвараас хойш худалдаанд гарсан загваруудад байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider