Уншиж байна ...

Оросын арми Украинд хориотой химийн зэвсэг хэрэглэснийг АНУ мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросын арми олон улсын гэрээгээр хориглогдсон химийн зэвсгийг Украины цэргүүдийн эсрэг хэрэглэснийг АНУ-ын засаг захиргаа өчигдөр мэдээлжээ.

Хоолой боомилох үйлчилгээтэй хлоропикрин, ухаан санааг түр самууруулдаг “riot control agents” зэрэг химийн бодисуудыг “дайны зэвсэг” болгон ашиглаж буйг уг мэдэгдэлд дурдсан байна.

“Ийм химийн бодисуудыг ашигласан тохиолдол ганцаар тогтохгүй бөгөөд Украины цэргүүдийг байрлалаас нь ухрааж, байлдааны талбарт тактикийн амжилт олох гэсэн Оросын армийн зорилготой холбоотой байж болзошгүй юм” гэж АНУ-ын төрийн департамент мэдэгджээ.

Хлоропикрин нь 1993 онд байгуулагдсан Химийн Зэвсгийн Конвенцын хэрэгжилтийг хянах зорилготой Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын хориотой бодисын жагсаалтад орсон байдаг.

Уг бодисыг хамгийн анх дэлхийн нэгдүгээр дайны үеэр Германы зэвсэгт хүчин Холбоотнуудын цэргийн эсрэг хэрэглэж байжээ.

Өнгөрсөн сард Оросын арми дорнод фронт дээр ухаан санаа самууруулах үйлчилгээтэй химийн бодис хэрэглэж эхэлсэн тухай анх Украины тал мэдээлж байв.

Хлоропикринээс гадна Оросын цэргүүд CS болон CN хорт хийтэй гар бөмбөг ашиглаж буйг бас мэдээлсэн юм.

Ийм хийг жагсаал цуглааныг тараахад голдуу хэрэглэдэг. Задгай гудамж талбайд хэрэглэхэд энгийн иргэд зугтах боломжтой байдаг бол хорт утааны баггүй нуувчинд тулалдаж байгаа цэргүүдэд нэлээд эрсдэл учруулах боломжтой юм.

Жагсаал цуглаан тараах зориулалттай бодисыг дайнд ашиглах нь бас Химийн Зэвсгийг Хориглох Конвенцыг зөрчсөн хэрэг юм байна.

АНУ-ын төрийн департамент өчигдөр Оросын хими, биологийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой гурван төрийн өмчит байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Бас тэдгээртэй хамтарч ажилладаг Оросын дөрвөн хувийн компанийг хоригоор шийтгэсэн байна.

Үүнээс гадна АНУ-ын сангийн яам Оросын хими, биологийн зэвсгийн хөтөлбөрт шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг гурван байгууллага, хоёр хувь хүнийг “хар жагсаалт”-даа нэмжээ.

Химийн Зэвсгийг Хориглох Конвенцод АНУ, ОХУ зэрэг дэлхийн 193 орон нэгдсэн байдаг. Эдгээр орнууд хориотой химийн бодисын нөөцөө устгах, үйлдвэрлэхгүй байх үүрэг хүлээдэг юм.

 

Эх сурвалж: Reuters