Уншиж байна ...

М.Оюунчимэг: Засгийн газраас МҮОНРТ-ийн хураамжийг шинээр тогтоох шаардлагатай

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Байнгын хорооны 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажлын хэсэг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлага, албан хаагчдын төлөөлөл бүхий хүмүүстэй нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулсан. 

Ажлын хэсэг дээрх уулзалтын үеэр тавигдсан асуудал болон байнгын хороонд ирүүлсэн өргөдөл гомдлыг нягталж үзээд дараах дүгнэлтийг боловсруулсан. 

  • МҮОНРТ-ийн тухай хуулийн 17.1.5-д МҮОНРТ-ийн санхүүжилтэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан боловч дэмжлэг үзүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгаагүйгээс болж төсвийн дэмжлэг нь Сангийн сайдын багцаас олгодог. Иймээс төсвийн дэмжлэгийг авахад хүндрэлтэй, жил бүр харилцан адилгүй олгодог гэсэн бэрхшээл үүссэн. 
  • Хоёрдугаарт МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг Үндэсний зөвлөлийн саналын үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд тус хураамжийг нэмэгдүүлэх байгууллагын саналыг хэлэлцээгүй. 
2005 оны нэг ам.доллартой дүйцүүлсэн 1,100 төгрөгийн хураамж одоо хүртэл үйлчилж байгаа нь МҮОНРТ-ийн санхүүгийн эх үүсвэр алдагдалд ороход хүргэж байна. Засгийн газраас төсөв, инфляц, үнийн өсөлт зэргийг харгалзан үзэж, шинээр хураамжийг тогтоох шаардлагатай байна.
  • Гуравт, Хяналтын зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй. МҮОНРТ-ийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сул байна. Иймд Хяналтын зөвлөлд Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгохыг хориглох шаардлагатай байна.
  • Дөрөвт 2023 оны байдлаар 4.4 тэрбум төгрөгийн өр НДШ-ийн санд үүссэн. Энэ нь өмнөх оноос хоёр дахин үзүүлэлттэй байгаа юм" хэмээн ярилаа. 

"МҮОНРТ-ийг би сэтгэл дотроо дотно боддог, үздэг. Гэхдээ нэг тийм хэвшмэл, тогтсон уйтгартай гэсэн зүйл байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Би үзэгчийн хувиар хэлэх гэсэн юм. УИХ-ын ажлын хэсэг олон удаа ажилласан. Дүгнэлт хийхээр МҮОНРТ дампуурлаа, одоо гүн хямралд орлоо гэж ярьдаг. МҮОНРТ-ийн бодлого нь ард түмний эрх ашгийн төлөө гэж хуульд заасан. Бодлого нь болохгүй байгаа юм байхгүй. 

Захиргаа, санхүүгийн асуудал байна. Аудитын дүгнэлтээс харахад засаглал буюу хүн болохгүй байна. УИХ Үндэсний зөвлөлийг томилохдоо зөв хүнээ сонгож болдоггүй юм уу. 

Үндэсний зөвлөлд нэртэй устай хүмүүсийг тодорхой газруудаас нэр дэвшүүлж оруулж ирсэн. Тэдний чадамжгүй байдлын төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ?

Төрийн бодлого хэрэгжихгүй дампуурлаа гээд байдаг. Ямар хуулийн заалтаас болоод байна вэ. Эсвэл хүнээс болоод байвал Үндэсний зөвлөлийг татан буулгах юм уу. МҮОНРТ-ийг би сэтгэл дотроо дотно боддог, үздэг. Гэхдээ нэг тийм хэвшмэл, тогтсон уйтгартай гэсэн зүйл байгаа. Энэ нь төрийн оролцоотой байна.

Энэ телевизийн загварыг муутгах, доош хийх маягаар явж болохгүй. Хайрлаж, хамгаалж, босгож ирэх ёстой" хэмээн асуулаа. 

"МҮОНРТ-ийн ерөнхий захирал улс төр, бүлэглэлийн шалтгаантай томилогддог"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг "МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлага, юу хийх ёстой, яаж ажлаа тайлагнах ёстой гэдэг нь завхарсан. 

Анх Үндэсний зөвлөлийн гишүүд томилогдох үед хариуцлагатай байсан. Сүүлийнх нь ерөнхий захирлаа унагаах, талдаа оруулах, хуувийн ашиг сонирхол нь дэндээд байгаа. 

Ажлын хэсэгт үүнийг огцруулаад өг гэсэн гарын зурсан зүйл хэд хэдээр оруулж ирсэн. Тэгэхээр бид хуульд өөрчлөлт оруулаад Үндэсний зөвлөлийн гишүүдийн тоог цөөлөх шаардлагатай.

Улсын төсөвт санхүүжилтийг нь суулгадаг хэрнээ энэ телевиз Сангийн сайдын багц руу ордог. Тэд нар Сангийн сайд дээр очоод яамны салбар байгууллага шиг санхүүжилтээ нэхдэг. 

2005 онд Сарангэрэл, Билэгт дарга, би ажиллаж байх үед нэг ам.доллартой тэнцүүлж баталсан хураамж өнөөдөр хүртэл өөрчлөгдөөгүй явж байгаа. 

МҮОНРТ-ийн ерөнхий захирал мэргэжлийн нээлттэй сонсголоор шударгаар томилогддоггүй. Улс төр, бүлэглэлийн шалтгаантай томилогддог. Эргээд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй" хэмээн хариулав. 

"МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна"

зураг
 

Мөн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл "Манай телевизийн төсөв үйл ажиллагаа 2023 он хүртэл ямар нэгэн төлөвлөгөө зохиож амжаагүй байсан. Энэ нь гүйцэтгэлийн аудитын тайланд гарсанчлан засаглалын хямралтай холбоотой гэж би харсан. 

2024 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэх удирдлага ажил аваад төсвөө Үндэсний зөвлөлд оруулж байна. Хямралыг даван гарах, өрийг барагдуулах, өртэй үйл ажиллагааг хэрхэн явуулах саналыг үндэсний зөвлөлд өгсөн. 

Ажил аваад өрөө шалгахад цаасан дээр 4.2 тэрбум төгрөг, үйл ажиллагаатай холбоотой дөрвөн тэрбум төгрөг асуудал байсан. МҮОНРТ 2024 онд нийт 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар харагдаж байна. 

Гэсэн ч МҮОНРТ наадам, сонгуультай холбогдуулан сүлжээгээ явуулах, менежментээ шинэчлэх үетэй нүүр тулж байна. Төлөвлөгөөгөө зохион байгуулаад Үндэсний зөвлөлд батлуулахаар өгсөн" ярилаа.