Уншиж байна ...

"Хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол батлагдлаа. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулав.

Сангийн сайд Б.Жавхлан "Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа. 

Тодруулбал

  • Ирээдүйн өв сан: Баялгийн сангаас ирээдүйдээ зориулж хадгалан арвижуулж, баяжуулна. 
  • Хуримтлалын сан: Өнөө үедээ зарцуулах боломжтой сан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглана. 
  • Хөгжлийн сан: Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон төслүүдийг санхүүжүүлнэ. 

Өнөөдөр Засгийн газрын тогтоолд Хуримтлалын санг нэлээд онцолсон. Ингэснээр "Эрдэнэс Монгол" ХХК дээр байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх Хуримтлалын санд төвлөрүүлээд, үүнийг орон сууцны хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгө болгохоор шийдвэрлэсэн. 

Энэ жилийн тооцооллоор төв банкны эх үүсвэрээр 500 хүртэл тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс орж ирэх 200 орчим тэрбум төгрөг дээр Хуримтлалын сангаас орох 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна" гэлээ.

Одоогоор 17,000 иргэн ипотекийн зээл авах хүсэлтээ банкуудад өгч, судлуулж байгаа аж. 500-600 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байх үед жилд 5,000-6,000 өрх ипотекийн зээл авч байсан бол 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсноор ойролцоогоор 10,000 өрх ипотекийн зээлээр орон сууц авах боломжтой болж байгааг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон юм. 

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдаж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Тэгвэл Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна" хэмээв. 

https://www.facebook.com/iKonNews/videos/1803527963468240