Уншиж байна ...

Францын ерөнхийлөгчийн захиалсан судалгаанд хүүхдүүд 13 нас хүртлээ ухаалаг гар утас хэрэглэх ёсгүйг зөвлөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ оны эхээр хүүхдийн дижитал хэрэглээний хор уршгийг тогтоох судалгааг тус улсын тэргүүлэх эрдэмтдийн багт захиалж байжээ.

Тэгвэл гурван сар үргэлжилсэн судалгааны тайлан сая нийтлэгдэн байна.

Уг судалгааны үр дүнд үндэслэн Францын засгийн газар ямар нэг арга хэмжээ авч магадгүй юм.

Нэгдүгээр сард судалгааг эхлэх үеэр Макрон “Хориг тавих, хязгаарлалт тогтоох боломжтой” гэж хэлж байжээ.

Судалгаанд нас насны хүүхдүүдийн дижитал хэрэглээний хор уршгийг үнэлж, зөвлөмж гаргасан байна.

Тухайлбал гурван нас хүртлээ хүүхэд бүх төрлийн дэлгэцээс хол байх ёстой гэнэ. Үүнд телевиз ч багтаж байна.

11 нас хүрсэн хүүхдэд интернэтэд холбогддоггүй энгийн гар утас хэрэглүүлж болох гэнэ. Харин ухаалаг гар утсыг 13 наснаас эхлэн хэрэглүүлбэл зохимжтой гэж дүгнэжээ.

Гэхдээ Фэйсбүүк, Инстаграм, ТикТок зэрэг томоохон сошиал платформуудыг 18 нас хүртэл нь хэрэглүүлэхгүй байвал сэтгэцийн эрүүл мэндэд тустайг мэдрэлийн эмч Серван Моутон, Пол-Броуссын эмнэлгийн сэтгэцийн эмгэг, донтолтын албаны дарга Амин Бенямина нарын ахалсан эрдэмтдийн баг зөвлөсөн байна.

Ялангуяа зургаа хүртэл насны хүүхдийн хөгжил, боловсролд дэлгэцтэй төхөөрөмж ашиглах ёсгүй гэж тэд дүгнэжээ.

“Зургаа хүртэл насны хүүхдийг хөгжүүлэхэд дэлгэц ашиглах шаардлагагүй. Үнэндээ дэлгэц энэ насанд хүүхдийн зөв хөгжлийг зогсоох эрсдэлтэй” гэж Моутон тайлбарлаж байна.

Эрдэмтэд хүүхдүүдийн дижитал хэрэглээнд эцэг эхийг буруутгахын оронд нийгэм бүхэлдээ өөрчлөгдөх ёстойг зөвлөжээ.

Тухайлбал ажлын бус цагаас дэлгэцээс бүрэн холддог байх, дэлгэцээс ангид ресторан, кафе зэрэг олон нийтийн газрууд бий болгох, эцэг эхчүүд гэртээ ирээд гар утсаа тусгай хайрцагт хадгалж хэвших зэрэг аргуудыг зөвлөсөн байна.

“Технологи бол гайхамшиг. Цаашдаа ч тийм байх болно. Гэхдээ технологи хүмүүст үйлчлэх ёстой болохоос тэдний эрүүл мэнд, бүтээмжийг муутгадаг зүйл байх ёсгүй” гэж судлаачдын ахлагч Бенямина ярьж байна.

Хүүхдүүдийн хувьд технологийн хэт хэрэглээ нь нүдний хараа, бодисын солилцоо,  оюуны хөгжил, анхаарал төвлөрөл, таних мэдэхүйн үйл явц зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлдгийг тэр хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian