Уншиж байна ...

Ким Жон Ун олон улсын хоригийг зөрчиж, Toyota Land Cruiser 300 автомашинтай болсноо зориуд харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төв хэвлэл Пёнян хотын Ким Ил Суны нэрэмжит цэргийн их сургуульд зочилж буй удирдагчийнхаа тухай мэдээг цацсан юм.

18 автомашинаас бүрдсэн Ким Жон Уны цуваанд Mercedes-Benz Maybach, Lexus, Toyota зэрэг сүүлийн үеийн тансаг ангиллын автомашинууд байжээ.

Тухайлбал дөнгөж 2021 онд зах зээлд гарсан Toyota Landcruiser 300 загварын автомашин анх удаа уг мэдээнд харагдсан байна.

Энэ нь Умард Солонгост тансаг ангиллын бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон НҮБ-ын хориг арга хэмжээ үйлчлэхгүй байгааг батлан харуулжээ.

Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны төлөөлөгч уг мэдээг НҮБ-ын хориг арга хэмжээ үйлчлэхгүйг зориуд харуулах зорилготой гэж үзэж байгаагаа өчигдөр хэвлэлд ярьжээ.

“Умард Солонгосын хориг арга хэмжээг зөрчсөн цуврал үйлдлүүд нь тус улстай олон улсын жишигт нийцсэн харилцаа үүсгэх боломжийг улам холдуулж байна” гэж яамны төлөөлөгч ярьсан байна.

“Пёняны эрх баригчид олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийж чаддагаа харуулахын тулд зориудаар импортын тансаг автомашинуудыг харуулж буй бололтой” гэж Солонгосын Үндэсний Нэгдлийн Хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин ярьжээ.

Мэргэжилтнүүд Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хяналтыг хэрэгжүүлэх шинэ механизм хэрэгтэй байгааг онцолсон байна.

“Хоригийн хэрэгжилтийг хянах НҮБ-ын экспертүүдийн зөвлөлийн мандатын хугацаа дуусаж буй энэ үед Өмнөд Солонгос улс нь АНУ болон бусад холбоотнуудын хамт өөр механизм бий болгох шаардлагатай” гэж яамны мэргэжилтэн ярьжээ.

Цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж буйтай холбогдуулан 2006 онд Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг НҮБ зарлаж байсан юм.

2009 онд уг арга хэмжээний хяналтыг хэрэгжүүлэх экспертүүдийн зөвлөлийг байгуулж байжээ. Уг зөвлөл жилд хоёр удаа ажлын үр дүнгээ НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд тайлагнадаг байв.

Гэвч зөвлөлийн мандатын хугацааг өнгөрсөн сард сунгах гэхэд ОХУ ганцаар хориг тавьсан тул 15 жил үргэлжилсэн хяналтын механизм ажиллахаа больсон юм.

Эх сурвалж: Korea Times