Уншиж байна ...

Хорт хавдартай Лаосын цагаач иргэн АНУ-ын сугалаанаас $1.3 тэрбумыг хожжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Лаос улсад төрсөн хорт хавдартай цагаач АНУ-ын Powerball хонжворт сугалаанаас $1.3 тэрбумыг хожжээ.

46 настай Чэн Сайфан дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Орегон мужийн Портлэнд хотоос азын тасалбарыг худалдаж авсныг сугалааг зохион байгуулагчид өчигдөр мэдээлсэн байна.

Сугалааны хонжворыг нэг удаа бөөнд нь авах, эсвэл урт хугацаанд бага багаар цувуулж авах сонголт байдаг.

Чэн эхний сонголтыг хийсэн тул татвар хасагдсаны дараа $422 саяыг бэлнээр авахаар болжээ.

Тэрбээр энэ мөнгөө эхнэр, найзтайгаа тэнцүү хуваахаар болсон байна.

“Одоо би гэр бүлээ тэтгэж, өөртөө сайн эмч хөлслөх боломжтой боллоо. Миний амьдрал эрс өөрчлөгдсөн” гэж тэр CBS телевизийн сувагт ярьжээ.

Чэн одоо мөрөөдлийн амины орон сууцаа худалдан авч, цаашид Powerball сугалаанд үргэлжлүүлэн оролцсоор байх хүсэлтэйгээ ярьсан байна.

Сүүлийн найман жил хими эмчилгээ хийлгэж буй тэрбээр эхнэр, найзынхаа хамт азаа сорихоор 20 гаруй тасалбар нэг дор худалдан авч байжээ.

Түүний хожил нь Powerball сугалааны түүхэнд дөрөвт орох том дүн юм.

Хамгийн сүүлд 2022 онд нэг хүн $2.04 тэрбумыг хожсон нь энэ удаагийнхаас өндөр дүн байжээ.

Powerball сугалааны тасалбар нэг бүр нь $2-ын үнээр АНУ-ын 45 мужид худалдаалагддаг.

 

Эх сурвалж: BBC