Уншиж байна ...

Монголчуудын эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ДЭМБ мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ

Б.Манлай
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ДЭМБ-аас эрүүл, аюулгүй, чанартай амьдралыг цогцлоох зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Тодруулбал Монгол Улсад 2024-2028 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын/ДЭМБ/ хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг баталжээ.

Тус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын 2024-2028 оны хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх үндсэн чиглэлийг танилцуулсан юм.

зураг
 

Тухайлбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах өндөр гүйцэтгэлтэй тогтолцоог бий болгох, монгол хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ирээдүйд соргог шуурхай байх чадварыг бий болгох болон эрүүл мэндийн төлөөх дэлхий дахины болон бүс нутгийн түншлэлийг өргөжүүлэх асуудлууд багтжээ.

Тэрбээр “Стратегийн баримт бичгийн гол зорилго нь Монгол Улсад дундаж наслалтыг нэмэгдүүлсэн ахиц дэвшлээ тууштай хадгалах, цаашид эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэх, энэ талбар дахь тэгш бус байдлыг арилгах, эрсдэлт хүчин зүйлсийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв.  

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Сайа Ма’у Пиукала өнгөрсөн жил Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулга уулзалтад оролцсон талаараа дурдаад “Тухайн үед Монголд анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан малчдад хэрхэн хүргэж байгааг харсан учраас тус технологийн дэвшлийг ирэх дөрвөн жилд үйл ажиллагаандаа түлхүү нэвтрүүлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын асуудлыг бусад салбар, түншүүдийн оролцоогүйгээр шийдэх боломжгүй. Тиймээс ДЭМБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Суурин төлөөлөгчийн газар болон ЭМЯ, бусад салбар, түншүүдтэй  хамтын ажиллагаагаа уялдуулахыг чухалчилж байгаа” гэдгийг онцоллоо.  

зураг
 

1991 оноос хойш дэлхий нийтээрээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талын арга хэмжээ авч үр дүнд хүрч буй ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт ялгаатай хэвээрээ байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхэд ДЭМБ туслалцаа үзүүлэхээр зорьж байгаа юм байна. 

 

Эх сурвалж: ЭМЯ