Уншиж байна ...

Их Долоогийн бүлгийн орнууд 2035 онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа бүрэн хаах тохиролцоонд хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Италийн Турин хотод чуулсан Их Долоогийн бүлгийн орнуудын сайд нар нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа 2035 онд бүрэн хаах тохиролцоонд хүрчээ.

“2030-аад оны эхний хагаст багтаан эрчим хүчний системд байгаа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа зогсоож, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын өсөлтийг хязгаарлахад хувь нэмрээ оруулна” гэж эдгээр орнуудын хамтарсан тунхаглалд өгүүлсэн байна.

Их Долоогийн бүлэгт АНУ, Их Британи, Канад, Франц, Итали, Герман, Япон зэрэг аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд багтдаг.

Уг бүлгийн орнууд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ хэзээ зогсоох талаар олон жил ярьсан ч нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байсан юм.

Чуулганыг даргалсан Италийн эрчим хүч, байгаль орчны сайд Гилберто Пикетто Фратин “Анх удаагаа бид нүүрсийг халах төлөвлөгөө, зорилтот хугацаатай боллоо. Энэ бол аж үйлдвэржсэн орнуудаас өгч буй чухал дохио юм. Энэ бол нүүрсний хэрэглээгээ бууруулах цаг болсныг дэлхий нийтэд сануулсан хэрэг юм” гэж мэдэгджээ.

Гэхдээ Их Долоогийн бүлгийн тунхаглалд нүүрс шатааснаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах технологи (carbon capture) нэвтрүүлсэн тохиолдолд заасан хугацаанаас хойш эрчим хүч үйлдвэрлэлд нүүрсийг ашигласан хэвээр байж болох нөхцөлийг тусгасан байна.

Мөн эрчим хүчний систем нь нүүрснээс хэт хамааралтай Япон, Герман зэрэг улсуудад дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн эриний өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх ерөнхий төлөвлөгөөнд нийцэж байвал нүүрс үргэлжлүүлэн ашиглаж болох онцгой нөхцөлийг тусгажээ.

Уур амьсгалын хямралаас зайлсхийхийн тулд 2040 он хүртэл дэлхий даяар нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа 6 хувийг жил бүр хаах шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байдаг.

Гэвч Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгчид нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа тоог нэмсээр байгаа.

Саяхан АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлаг EPA хүлэмжийн хийн ялгаруулалтыг бүрэн хязгаарлах технологи (carbon capture) нэвтрүүлээгүй тохиолдолд 2040 онд багтаан нүүрсээр ажилладаг бүх станцуудыг зогсоох ёстой гэсэн шийдвэр гаргасан юм.

АНУ-ын эрчим хүчний системийн 16 хувийг нүүрсээр ажилладаг станцууд бүрдүүлдэг байна.

Их Британийн хувьд энэ үзүүлэлт нэг хувь байдаг бол Канад, Италид 6 хүрэхгүй хувь, Японд 32, Германд 27 хувь байдаг юм.

 

Эх сурвалж: The Guardian