Уншиж байна ...

Ц.Сандаг-Очир: Байнгын хороодын хуралдааны ирц хүрсэнгүй. Орон нутгийн гишүүд сонгуулийн тойрогтоо ажиллаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн болон Нийгмийн байдлын байнгын хороо өнөөдөр хуралдах байсан. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилжээ. 

Үүнтэй холбогдуулан тус байнгын хорооны гишүүн Ц.Сандаг-Очир Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хуул зүйн байнгын хороо хуралдах гэсэн боловч ирц хүрэхгүй байна. Нийгмийн бодлогын байнгын хороо бас ирц хүрээгүй гээд хойшлогдсон. 17 гишүүн байдгаас гурав нь өвчтэй. Долоон гишүүн нь орон нутагт ажиллаж байгаа.

Сонгуулийн тойрог томссонтой холбоотойгоор орон нутгийн гишүүд сурталчилгааны хугацаанд бүх аймаг сумаар явж амжихгүй гээд тайлангийн хурал хийж байгаа юм шиг байна.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар шүгэл үлээгчийн тухай хууль, Шүүх байгуулах тухай хуулийн төсөл орох ёстой байсан. Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд авлигын дагнасан шүүх байгуулах асуудал байхгүй. 

Хуулийн төсөлд буй дагасан тогтоолд авлигын шүүх байгуулахыг судлах асуудлаар Ерөнхий сайдад чиглэл өгсөн тогтоол юм. Хэрэв цаашдаа авлигын дагнасан шүүх байгуулах шаардлагатай гэж үзвэл УИХ-д оруулж ир гэсэн үг. 

Шүүх байгуулах хуулийн төсөлд нэгэн шинэ зүйл нь хялбаршуулсан ажиллагааны журмаар асуудлыг шийддэг байх, гэр бүл хүүхдийн дагнасан шүүх байгуулах асуудал орж ирсэн. 

Дархан, Эрдэнэтэд эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэсэн асуудал бий. Мөн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргийн шүүхийг нэгтгэж Налайхад төв нь байна хэмээн тусгасан. 

Хэрэв Налайхад гурван дүүргийн шүүх байвал Багануур дүүргийн иргэд шүүхийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болно. Тиймээс одоогийн тойргийн зарчмыг хадгалах гэсэн санал дэмжигдсэн.

Хуулийн төсөлд шүүгчийн цалин, нэмэгдэл, орон тооны асуудлыг Шүүхийн Ерөнхий Зөвлөл шийддэг байхаар явж байгаа. Гэхдээ ажлын хэсгээс одоогийнх шиг Дээд шүүхтэй зөвшилцөж, УИХ-аар шийдүүлдэг байх нь зохимжтой гэсэн саналыг гаргасан" хэмээн ярилаа.